Машин ачилтын журмыг өөрчилнө
2015-04-03

“Нийслэлд зориулалтын ачигч чирэгч авто машин ашиглан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах, түгжрэлийг бууруулахтай холбогдсон зарим арга хэмжээг авч хэрэгжүүлэх журам”-ыг хэлэлцлээ. Хуралдаанд асуудлыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал танилцууллаа.

 

Журмын төсөлд энэ төрлийн ажил, үйлчилгээ эрхлэх, гэрээ байгуулах эрхийг Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар батлагдсан Ажлын хэсгийн бүрэлдэхүүн шалгаж, шийдвэрлэхээр тусгажээ.  Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Нийслэлийн тээврийн газрын улсын байцаагч, Замын цагдаагийн албаны ажилтан, Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч, Автозамын газрын мэргэжилтэн, Автотээврийн үндэсний төвийн ажилтан, Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс оролцоно. Нийслэлд зориулалтын ачигч, чирэгч автомашинаар тээврийн хэрэгслийг зөөж, шилжүүлэх аж ахуйн нэгж, байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаанд Нийслэл дэх Замын цагдаагийн алба хяналт тавина. Дараах 9 тохиолдолд автомашиныг ачина гэж үзэж байна.

Үүнд:


Жолоодох эрхийн үнэмлэхгүй, жолоодох эрхээ хасуулсан этгээдийн жолоодсон тээврийн хэрэгслийг, Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болон мансууруулах бодис, эм бэлдмэл хэрэглэсэн этгээдийн жолоодсон тээврийн хэрэгслийг, Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж түр буюу удаан зогсохыг хориглосон газарт зогссон тээврийн хэрэгслийг,


Тээврийн хэрэгслийн тоормосны систем, жолооны механизм илт гэмтэлтэй тээврийн хэрэгслийг, Улсын дугааргүй буюу хуурамч улсын дугаар бүхий тээврийн хэрэгслийг, Бусдын хөдөлгөөнд саад учруулан зогссон тээврийн хэрэгслийг;


Зам тээврийн осол гэмт хэрэгт холбогдолтой тээврийн хэрэгслийг;


Цагдаагийн байгууллагаас ачиж журамлах шийдвэр өгсөн тээврийн хэрэгслийг;


Тохижилт бүхий нийтийн эзэмшлийн явган хүний зам, ногоон байгууламж дээр зогссон тээврийн хэрэгслийг ачина.


Харин нийтийн эмх замбараагүй байдал, тэмдэглэлт ой, баяр наадмын хамгаалалт, гадаад улс орны төлөөлөгчдийн айлчлалын үед тодорхой гудамж, зам талбайг яаралтай чөлөөлөх зорилгоор зөөж, шилжүүлэх тохиолдолд дүрэм зөрчөөгүй зогсож байсан тээврийн хэрэгсэлд төлбөр хураамж ногдуулахгүй.  Тээврийн хэрэгслийг албадан зөөж, шилжүүлсний дараа тээврийн хэрэгслийн эзэмшигч, өмчлөгчид үүрэн телефоны оператороор дамжуулан заавал мэдэгдэнэ. Тээврийн хэрэгслийг албадан зөөж, шилжүүлсэн тохиолдолд тухайн байршилд ачиж зөөвөрлөсөн талаар мэдэгдэх хуудас үлдээнэ. Мэдэгдэх хуудсанд тухайн аж ахуйн нэгж, байгууллагын нэр, холбогдох утасны дугаар, зөөж шилжүүлэгдсэн автомашины улсын дугаар зэргийг тусгасан байна.


Тээврийн хэрэгслийг зөөж, шилжүүлэхийн өмнө тээврийн хэрэгслийн бүхээг болон тэвшинд хүн, амьтан байгаа эсэхийг шалгаж хүн, амьтан байгаа тохиолдолд зөөж шилжүүлэхийг хориглоно. Зориулалтын ачигч, чирэгч автомашин нь урагшаа, хойшоо харсан дүрс бичлэгийн камертай байна. Тээврийн хэрэгсэл зөөж, шилжүүлсэн үйлчилгээний хураамжийг зөвхөн Төрийн сангийн дансаар хүлээн авч аж ахуйн нэгж, байгууллагыг гүйцэтгэлээр санхүүжүүлнэ. Гэрээт аж ахуйн нэгж, байгууллагын зөөж шилжүүлсэн тээврийн хэрэгсэл тутмын хураамжаас 10 хувийг Нийслэлийн төсөвт төвлөрүүлж, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, сургалт сурталчилгааны ажил, соёл ухамсрыг төлөвшүүлэх, зам тээврийн осол, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, зогсоол талбай байгуулах ажилд зарцуулах юм.


Хүн амын төвлөрөл ихтэй засаг захиргааны байгууллагууд, үйлчилгээний төвүүд олноор байрласан газарт тэмдэг, тэмдэглэгээ болон зам дагуух автомат тоолууртай, камертай бусад дэвшилтэт технологи ашигласан зогсоолуудыг байрлуулан зохицуулалт хийнэ. Байрлалаас хамаарч тэмдэглэгээ бүхий зогсоолуудад иргэд  20, 40, 60 минутын хугацаатай атомашинаа байрлуулах боломжийг бүрдүүлнэ.  Зогсоол бүхий гудамж, замуудад хяналтын ажилтан ажиллана. Мал амьтан, хүнтэй (хүүхэд) автомашиныг зөөж шилжүүлсэн ноцтой зөрчил гаргасан гэрээ заалтыг 3-аас дээш удаа зөрчсөн, баримтлан ажиллах журмын заалтыг зөрчиж иргэдэд их хэмжээний хохирол учруулсан, зориулалтын бус, зохих зөвшөөрөлгүй техник хэрэгсэл ашиглан зөөн шилжүүлэх ажил, үйлчилгээ эрхэлсэн, бол зохих хариуцлагыг аж ахуйн нэгжид тооцно гэх мэт олон заалтууд туссан байгаа юм.


Энэхүү журмыг Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцээд НИТХ-д өргөн барихаар боллоо.

Shuud.mn
Сонин хачин