Байгаль “ХААН”
2015-04-05

Сүүлийн өдрүүдэд манай улсын ихэнх нутгаар цас их хэмжээгээр орсны улмаас Архангай аймгийн Цагаан даваа, Өвөрхангай аймгийн Шартын даваа, Зүйлийн хөндий, Булган аймгийн Сансар,Төв аймгийн Эрдэнэсант, Лүн, Хоолтын даваа, Өндөр дов зэрэг газруудад үзэгдэх орчин хязгаарлагдмал болж, зам даваанууд хаагдсан юм. Тухайлбал, баасан гаригийн шөнө Төв аймгийн Эрдэнэсант сумын нутаг дэвсгэр буюу Элсэн тасархай орчимд 20 гаран машин цасанд боогдож хоносныг Төв аймгийн Онцгой байдлын газраас ковш гаргаж зам нээхээр ажиллажээ.

 

Харин өчигдөр Онцгой байдлын ерөнхий газраас онцын шаардлагагүй бол замд гарахгүй байхыг анхааруулсан. Улмаар баруун чиглэл буюу Увс, Баян-Өлгий, Ховд, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Архангай, Өвөрхангай аймгийн чиглэлд хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээний хуваарь графикийн дагуу шугам замд ажиллах тээврийн хэрэгслүүдийг түр хойшлуулахаар шийдвэрлэсэн билээ. Мөн Зүүн чиглэлд шуурга их, үзэгдэх орчин хязгаарлагдмал байгаа тул Багануур дүүргийн Засаг даргын захирамжаар Багануурын постонд хөдөлгөөн хаасан юм.

 

Хойд чиглэлд 124 даваа орчим цасан шуургатай, үзэгдэх орчих хязгаардлагдмал. Дарханд шороон шуургатай. Эрдэнэтэд бүүдгэр, явган шуургатай байсан тул шуурга намдтал дээрх чиглэлд зорчихгүй байхыг сануулсан. Харин 14.30 цагийн үед Дархан, Шарын гол, Эрдэнэт, Булган, Хөвсгөлийн чиглэлд хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг албан ёсоор зогсоосон юм.

 

Зам даваа хаагдаж, цасанд боогдсоноос орон нутгийн замд тээврийн хэрэгслүүдийн хөдөлгөөн хоригдож, зорчигч жолооч нар даарч хөрөх эрсдэлтэй тулгардаг. Хэдийгээр хүн бүр алсын замд гарахдаа хувийн бэлтгэлээ базааж гардаг ч гэлээ Ус цаг уур орчны шинжилгээний газрын мэдээнд анхаарлаа хандуулах хэрэгтэй юм. Гэтэл манайхан алсын замд гарахдаа цаг агаарын нөхцөл байдлыг тэр бүр анхаардаггүй гэмтэй. Тиймээс тэнгэрийн дор төрсөн хэн бүхэн байгалийн хүчинд захирагддаг гэдгээ марталгүй  Байгаль “ХААН” хэмээн санаж, цаг агаарын мэдээг сайтар анхаарч, нөхцөл байдлыг тооцож байж замд гараарай.

 

Э.Насан

Shuud.mn
Сонин хачин