Сонгууль дууссанаар дараагийн сонгуульд бэлтгэх ажил эхэлдэг
2015-04-06

Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэнтэй сонгуультай холбоотой асуудлаар уулзаж ярилцлаа.

 

СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн

-Сонгуулийн ерөнхий хороо 2015 оныг сонгуулийн бэлтгэл ажлын жил болгосон  билээ. Түүний бэлтгэл хэр хангагдаж байна вэ?

 

-2015 оныг ирэх сонгуулийн бэлтгэлийг хангах жил болгон ажлаа төлөвлөсөн. Ер нь бол сонгууль дууссанаар дараагийн сонгуульд бэлтгэх ажил эхэлдэг. Энэ жилийн хувьд бид сонгуулийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, бэлтгэл ажлыг хангахыг гол зорилгоо болгосон. Хуулийг дагаж мөрдөх олон журам, заавар, загвар маягтын төслийг шинэчлэн боловсруулж, Хорооны хуралдаанаар хэлэлцүүлж батлуулах ёстой. Хамгийн гол нь шинэ хууль, дүрэм, журмаа хэрэгжүүлэх, тэдгээрийг сурталчлах, сонгогчдод тайлбарлан таниулах ажилд илүү анхаарах болно.

 

Өнгөрсөн 2014 он ээлжит сонгуульгүй жил байсан боловч дахин, нөхөн сонгууль ихтэй жил байлаа. Сонгуулийн дөрвөн хуулиудын харьцуулсан судалгааг хийж Сонгуулийн нэгдсэн хуулийн төсөл боловсруулах УИХ-ын ажлын хэсэгт саналаа хүргүүлээд байна. Сонгуулийн автоматжуулсан системийн техник хэрэгслүүдэд засвар үйлчилгээ хийж, дараагийн сонгуулиудад бэлэн болгох зэрэг ажлуудыг хийж байна.

 

 

-Та дахин, нөхөн сонгуулиудтай байсан тухай хэллээ?

 

-Аймаг, нийслэл, сум, дүүргүүдэд нөхөн, дахин сонгуулиуд байнга л болж байна. Зөвхөн 2014 онд гэхэд л 40 гаруй удаагийн нөхөн, дахин сонгууль боллоо. 2015 он гарсаар Говь-Сүмбэр аймагт нөхөн сонгууль зарлагдаад байна. Мөн Дархан-Уул аймагт нөхөн сонгуультай. Сонгуулийн ерөнхий хороо хуульд заасны дагуу мэргэжил, арга зүйн удирдлагаар ханган ажиллаж байна. Хуульд орон гарсан суудлыг нөхөх, нөхөн болон дахин сонгууль явуулах заалт бий. Тухайлбал, эрүүл мэндийн байдал, нас барсан, өөр ажилд шилжсэн, хүндэтгэн үзэх шалтгаанаар хүсэлтээрээ чөлөөлөгдсөн зэргээс тухайн хуралд орон гарах нөхцөл үүсдэг. Нөхөн сонгуулийг явуулах хугацааны талаар УИХ-ын сонгуулийн тухай хуульд тодорхой заасан байдаг. Харин Аймаг, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуульд нөхөн сонгууль явуулах хугацааг заагаагүй учраас ИТХ-аас нөхөн сонгуулиа зарлахгүй улмаар асуудлыг удаашруулах, цаг хугацаа алдах явдал гарсаар байна. 

 

Харин Улсын Их хурлын болон Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуульд бүрэн эрхийн хугацаа дуусахад нэг жил хүрэхгүй хугацаа үлдсэн бол орон гарсан суудлыг нөхөхгүй гэсэн заалт бий.

 

 

-Бусад оронд энэ асуудлыг хэрхэн зохицуулсан  байдаг вэ?

 

-Гадаад орнуудад зохицуулалт нь ерөнхийдөө адил. Нөхөн, дахин сонгууль хийдэг. Зарим улс оронд бүх шатны дахин, нөхөн сонгуулийг тухайн жилд нь нэг удаа хийдэг туршлага байна. Тухайлбал, ОХУ-д “Санал авах нэгдсэн өдөр” нь жил бүрийн намар болдог. Энэ өдөр Төрийн Думын болон орон нутгийн бүх нөхөн, дахин сонгууль явагддаг. Бид Сонгуулийн нэгдсэн хуулийн төсөл боловсруулах Ажлын хэсэгт хүргүүлсэн саналдаа дахин, нөхөн сонгуулийн талаар саналаа тодорхой тусгасан байгаа.

 

 

-Сонгуулийн хуулийн төсөл боловсруулахад танай Хороо ямар байдлаар оролцож байна вэ?

 

-Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөл Улсын Их хурлаас байгуулсан Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орж ажиллаж байна. Түүнчлэн Хороон дээрээ нарийн бичгийн даргаар ахлуулсан санал боловсруулах, судалгаа хийх Ажлын хэсэг байгуулан ажиллуулж байгаа. Манай хорооны ажлын хэсэг Улсын Их хурлын, Ерөнхийлөгчийн, Нийслэлийн, Аймаг, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай дөрвөн хуулийн 835 хэсэг, зүйл, заалт тус бүрээр харьцуулсан судалгаа хийж сонгуулийн нэгдсэн хуулийн төсөл боловсруулахад анхаарвал зохих 50 гаруй саналаа Улсын Их хурлын ажлын хэсэгт хүргүүлээд байна.

 

 

-Хорооны зүгээс судалгаа хийж саналаа хүргүүлээд байгаа юм байна. Танайд төслөө ирүүлсэн үү?

 

-Хороонд одоогоор нэгдсэн хуулийн төсөл нь ирээгүй байна. Хуулийн төсөл нь өргөн баригдахаар Хорооноос албан ёсны саналаа дахин бэлтгэж хүргүүлнэ. Сонгуулийн хуулийн төслийн зүйл, заалт бүр нь хоорондоо уялдаатай, цаг хугацааны хувьд зөрчилдөхгүй, хэрэгжих боломжтой эсэхийг нь бид хүснэгт гаргаж үздэг. Үүний үндсэн дээр саналаа боловсруулж хүргүүлнэ.

 

 

-Сонгуулийн системийн хувьд ямар байвал зүгээр вэ?

 

-Сонгуулийн Ерөнхий хороо сонгуулийн систем ямар байвал зохистой талаар санал өгөөгүй. Энэ бол Улсын Их хурлын бүрэн эрхийн асуудал. Ер нь сонгуулийн тогтолцоогоо ойр ойрхон өөрчлөөд байх нь тийм ч сайн зүйл биш. Манай улс мажоритар тогтолцоогоор 20-иод жил явсан, харин хосолсон тогтолцоо руу шилжээд ердөө 3 жил гаруй болж байна шүү дээ. 

 

Дэлхийн улс орнуудад сонгуулийн тогтолцооны мажоритар буюу олонхиор тооцох, пропорциональ буюу хувь тэнцүүлэх, эсвэл мажоритар, пропорциональ хосолсон гэсэн үндсэн гурван арга хэрэглэдэг. Эдгээр нь дор бүртээ олон хувилбартай. Дэлхийн 190 гаруй оронд хийсэн судалгаанаас үзэхэд 60-аад хувь нь хувь тэнцүүлсэн болон холимог тогтолцоогоор,  40 гаруй хувь нь мажоритар тогтолцоогоор сонгуулиа явуулдаг юм билээ.

 

Тогтолцоо болгон давуу болон сул талуудтай. Хамгийн гол нь саналаа өгсөн сонгогчийн саналыг бодитой харгалзаж суудал хуваарилах шударга аргыг л сонгохыг зорьцгоодог. Монгол Улсын хувьд 1992 оноос хойш УИХ-ын болон Орон нутгийн Хурлын сонгуулийг тус тус 6 удаа явуулсан. 1992-2008 оны хооронд явагдсан 5 удаагийн сонгуулийг мажоритар системээр явуулсан. Энэ 5 удаагийн сонгуулийн 2 сонгуульд нь нэг нам 76 суудлаас 70, 72 суудал тус тус авч байсан. Харин 2012 оны сонгуулийг мажоритар болон пропорционалийг хослуулсан тогтолцоогоор явуулсан. Сонгуулийн хосолсон тогтолцоо нь олонхийн болон хувь тэнцүүлэх тогтолцооны давуу талуудыг нэгтгэх гэсэн оролдлогод тулгуурладаг.

 

 

-Манайх шиг холимог тогтолцоогоор сонгууль явуулдаг ямар улс байна вэ?

 

-Холимог тогтолцоотой улс олон байна. ХБНГУ, Франц, ОХУ, Япон, БНСУ гэх мэт улс орон бий. Ер нь улс орнуудын туршлагаас үзэхэд мажоритар тогтолцоотой улсууд холимог руу, холимогоос хувь тэнцүүлсэн тогтолцоо руу шилжих чиг хандлага  ажиглагдаж байна.

 

 

-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсэг УИХ дээр байгуулагдсан. Сонгуулийн хуулийн шинэчлэлийг дараа нь хийвэл зохистой юм биш үү?

 

-Үндсэн хуулийн өөрчлөлтийг хүлээвэл хугацаа алдана. Ирэх жил сонгуультай тул сонгуулийн хуулийн шинэчлэлийг даруйхан хийгээд бэлтгэл ажилдаа орох хэрэгтэй байна. Хуулийг дагаж мөрдөх журам, заавар, загвар, маягт боловсруулах, хуулиа сурталчлах, программаа боловсруулах, техникээ бэлтгэх, турших гээд бэлтгэл хангах хугацаа бидэнд хэрэгтэй. Гэхдээ Үндсэн хуульд сонгуультай холбоотой эргэж харах заалтууд бий. Тухайлбал, Үндсэн хуульд Улсын Их хурлын сонгуулийн журмыг хуулиар тогтооно, аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийн болон сум, дүүргийн Хурлын төлөөлөгчдийн тоо, сонгох журмыг хуулиар тогтооно гэж заасан байдаг. Харин Ерөнхийлөгчийн сонгуулийн журмыг хуулиар тогтооно гэсэн заалт байдаггүй. Мөн Ерөнхийлөгчийн сонгууль хоёр шаттай байна гээд Үндсэн хуульд заачихсан. Анхан шатны сонгуулийн талаар заалтууд байх боловч хоёр дахь шатны сонгуулийн талаар ямар ч заалт байдаггүй.

 

 

-Сонгогчдын ирц жилээс жилд буурч байна, энэ талаар Таны бодол?

 

-Сонгогчдын ирц буурч байгаа нь үнэн. Судалгаанаас үзэхэд 90-ээд онд явагдсан сонгуулиуд 90 гаруй хувийн ирцтэй байсан. 2000 оноос хойш явагдсан сонгуулиуд 70-80 гаруй хувьтай, 2010 оноос хойшхи сонгуулиуд 60 гаруй хувьтай болж буурсан. Ер нь манай улсад сонгуульд саналаа өгдөг нэг сая гаруйхан хүн байдаг. Энэ тоо 20-иод жилийн турш нэг их өөрчлөгдөөгүй. Харин сонгуулийн насны хүний тоо нэмэгдээд байдаг, нөгөө санал өгдөг нэг сая гаруй хүний тоо нэг их нэмэгддэггүй. Үүнд л гол шалтгаан нь байгаа юм. Нөгөө талаар ирцэд нөлөөлдөг нэг зүйл нь сонгуулийн насны олон иргэд гадаадад сурч, ажиллаж, амьдарч байна. Эдгээр иргэд нь Монголд сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэлтэй байдаг боловч хаана ч санал өгдөггүй. Энэ асуудлыг сонгууль бүрээр ярьдаг боловч сонгогчдын нэрийн жагсаалтаас хасч чаддаггүй. Хасдаггүйгээс санал өгөөгүй сонгогчийн тоо тэр хэмжээгээр нэмэгдэж, ирц буурдаг. Иймд гадаад оронд 3 сараас дээш хугацаагаар амьдарч байгаа сонгуулийн үеэр Монголдоо ирж саналаа өгөх боломжгүй иргэнийг сонгогчдын нэрийн жагсаалтаас хасах эрх зүйн зохицуулалт хийх шаардлага бий.

 

 

-Гадаад оронд ирцийг нэмэгдүүлэх талаар ямар арга хэмжээ авдаг вэ?

 

-Зарим улс орнуудад сонгогчдын ирцийг нэмэгдүүлэхийн тулд урамшуулал өгөх, торгох зэрэг арга хэмжээ авдаг. Манайд алийг нь ч хэрэглэдэггүй. Жишээ нь, Австралид иргэн сонгуульд оролцож саналаа өгөөгүй бол 10 долларын торгууль төлдөг. Мөн ОХУ-д сонгуульд шинээр оролцож байгаа иргэддээ Үндсэн хуулийн ном болон соёлын зүйлс бэлэглэдэг туршлага байна. Бусад орны жишгээр цаашдаа сонгогчдыг ирсэн ирцээр нь тооцдог болвол эдийн засгийн хувьд хэмнэлттэй. Ингэснээр дахин санал хураалт, дахин сонгууль явуулж зардал чирэгдэл болохгүй.

 

 

-Ирц хүрэхгүйгээс дахин санал хураалт болж байсан тохиолдол бий юу?

 

-Ирц хүрэхгүйгээс дахин сонгууль, дахин санал хураалт хэд хэдэн удаа болж байсан. Тухайлбал, 2008 оны Орон нутгийн сонгуулиар нийслэлийн сонгогчийн ирц 50 хувьд хүрээгүйн улмаас дахин сонгууль явуулж байсан. Мөн 2012 онд ирц хүрээгүйн улмаас Орон нутгийн сонгуулиар аймаг, дүүргүүдийн олон хэсэгт дахин санал хураалт явуулж байсан. Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт 2012 оны УИХ-ын сонгуулиар дахин санал хураалт явуулсан. Гэхдээ энэ нь ирцээс хамаараагүй. Хуульд нэр дэвшигч 28 ба түүнээс дээш хувийн санал авч байж УИХ-ын гишүүнээр сонгогдох заалттай, энэ хэмжээнд хүрээгүй учир дахин санал хураалт явагдсан. Бас л нэмэгдэл зардал, чирэгдэл гарсан. Иймд 28 хувийг бууруулж өмнөх хуульд байсан нэр дэвшигч 25 ба түүнээс дээш хувийн санал авч байж сонгогддог заалтыг  сэргээж өөрчлөхийг бодууштай.

 

 

-Нэгдсэн хуулийн төсөлд хариуцлагын талаар танайхаас ямар санал хүргүүлсэн бэ?

 

-Сонгуультай холбоотой гомдол маргааныг аль болох хурдан шийддэг байх талаас нь саналаа хүргүүлсэн. Практикаас харахад сонгуультай холбоотой гомдол маргаан дараагийн сонгууль хүртэл дөрвөн жил үргэлжилсэн тохиолдол байна. Өнөөдрийн байдлаар 2012 оны УИХ-ын болон Орон нутгийн сонгуультай холбоотой гомдол маргаан шүүх, цагдаад шалгагдаад дуусаагүй явж л байна. Сонгуулийн ерөнхий хороо сонгуулийн гомдол маргаантай холбоотой асуудлаар цагдаа, шүүх, Үндсэн хуулийн цэцэд тайлбар, мэдээлэл гаргаж өгдөг, итгэмжлэгдсэн төлөөлөгчөө оролцуулдаг. Зарим улс орнууд сонгуулийн гомдол маргааныг богино хугацаанд шийдвэрлэдэг. Тухайлбал, Швейцарт 16 хоногт, ХБНГУ-д 20 хоногт багтаан сонгуулийн гомдол маргааныг шийдвэрлэдэг байна. Иймд сонгуультай холбоотой гомдол маргааныг сонгуулийн жилд нь багтаан дуусгаж байхаар хуульчилмаар байна.

 

 

-Дараагийн сонгуульд автомат машин ашиглахгүй гэсэн яриа гараад байна?

 

-Сонгуульд сонгуулийн автоматжуулсан системийг хэрэглэх, ашиглах эсэхийг Улсын Их хурал шийдвэрлэдэг. Улсын Их хурал 2011 онд Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хууль баталсан. Энэ хуулийн дагуу 2012 оны Улсын Их хурлын болон Орон нутгийн, 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийг явуулсан. Сонгуулийн ерөнхий хороо нь Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуульд нийцүүлэн сонгууль зохион байгуулах үүрэгтэй. Сонгуульд автоматжуулсан систем, техник хэрэгсэл нэвтрүүлсэн нь маргаангүй том дэвшил болсон. Элдэв хөндлөнгийн хардлага, сэрдлэг, эцэс төгсгөлгүй маргаан будлиан гарахаас сэргийлэхийн хамт сонгуулийн зохион байгуулалтыг улам боловсронгуй болгох, санал хураалтын дүнг хүний хүчин зүйлээс үл хамааран шуурхай, бодитой гаргах, олон нийтэд хүргэх зэргээр сонгуулийг  илүү нээлттэй, ил тод болгож чадсан. Энэ тухай ч гадаад, дотоодын ажиглагчид, хэвлэл мэдээллийнхэн олон удаа дүгнэн бичсэн байдаг.

 

Манай автоматжуулсан системээр сонгууль явуулдаг туршлагыг ХБНГУ, Киргиз, БНСУ, ОХУ, Австрали зэрэг орноос ирж туршлага судалсан. Мөн зарим орнуудаас техник хэрэгслээ түрээслээч, инженерүүдээ ирүүлж хамтарч ажиллана уу гэсэн хүсэлт ирдэг. Саяхан ОХУ-ын Сонгуулийн төв комиссын урилгаар манай инженерүүд автоматжуулсан системээ танилцуулаад ирсэн.

 

Ингэснээр Монгол Улсын сонгуулийн нэр хүнд, олон улсын үнэлэмж, сонгууль ажиглах сонирхол үлэмж нэмэгдсэн гэдгийг энд онцолж хэлмээр байна. Монголын сонгуулийг  ажиглах, судалгаа хийх олон улсын ажиглагчид, судлаачдын тоо нэмэгдэхээс гадна бид ч гэсэн олон улсын сонгуулийг удаан буюу богино хугацаагаар ажиглах эрх авлаа. Олон улсын сонгуулийн байгууллагуудаас сонгууль ажиглах урилга, хүсэлт ирүүлэх болсон нь  биднийг  олон улсын түвшинд үнэлсэн бас нэг том үнэлгээ гэж ойлгож байгаа.

 

 

-Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуультай ямар ямар орон байна вэ?

 

-Сонгуулийн автоматжуулсан системийн тухай тусдаа хуультай орны хамгийн ойрхон жишээ дурьдахад ОХУ-ын “Төрийн автоматжуулсан “Сонгууль” системийн тухай Холбооны хууль” байна. Зарим улс орны хувьд автоматжуулсан системийг сонгуулийн үйл ажиллагаанд ашиглах тухай зохицуулалт нь сонгуулийн тухай хуулиндаа тусгагдсан байдаг.

 

Мэдээллийн технологийн хурдацтай хөгжлийг даган цаасан дээр хийж гүйцэтгэж байгаа сонгуулийн бүхий л үйл ажиллагаа цаасгүй цахим технологи руу шилжиж байна. Тухайлбал, Европ, Америк, Азийн олон орны сонгууль нь цаасгүй цахим хэлбэр лүү шилжиж интернетээр саналаа өгдөг болж байна.

 

Манай улсад ашиглагдаж буй санал тоолох төхөөрөмж нь саналын хуудас уншиж дүн мэдээгээ дамжуулдгаараа онцлогтой. Энэхүү төхөөрөмж нь хос санах ойд хадгалагдсан зурган файл, саналын хуудас, санал тоолох төхөөрөмжийн тайлан гэх мэт олон баримт үлдээдэг зэрэг давуу талтай. Санал тэмдэглэсэн саналын хуудас үлдэж байгаа нь гараар дахин тоолох боломжтой гол нотлох баримт шүү дээ. Төхөөрөмж зөв тоолсон эсэхийг саналын хуудастай нь тулган хяналтын тооллогыг хуульд заасны дагуу хийдэг. Гэхдээ саналын хуудсыг гараар тоолоход тодорхой шалгуур хэрэгтэй. Нэр дэвшигчийн хоорондын саналын зөрүү хэд байх, хэсэгт дахин тоолох гомдлыг ямар субъект гаргах гээд хуулиар зохицуулах асуудлууд бий.

 

 

-Өмнөх сонгуулиар хяналтын тооллого хийсэн. Тэр тооллогоор ямар зөрчил, дутагдал илэрсэн бэ?

 

-2012 оны Улсын Их хурлын сонгууль болон Нийслэл, аймаг, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгууль, 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар хяналтын тооллогыг хийсэн.

           

Хэсгийн хороод нь хуульд заасны дагуу намуудын ажиглагч, мэдээллийн технологийн даамал, иргэний бүртгэлийн итгэмжлэгдсэн ажилтан болон төрийн бус байгууллага, хэвлэл, мэдээллийн төлөөллийг байлцуулан хяналтын тооллого хийсэн.

 

Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийг хэрэгжүүлж эхэлснээс хойш 4 сонгуулийг зохион байгуулаад байна. Эдгээр сонгуулиудаар хийгдсэн хяналтын тооллогоор санал тоолох төхөөрөмжийн дүн, саналын хуудас тоолсон дүнтэй зөрсөн тохиолдол байгаагүй бөгөөд элдэв маргаан, санал гомдол гараагүй болно.

 

 

-Эцэст нь нэг зүйл асууя. Улс орнуудын сонгуулийн байгууллагын эрх, үүрэг,  зохион байгуулалт нь ямар байдаг вэ?

 

-Сонгууль, ардчилалд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэн /IDEA/-гийн 2015 оны судалгаанаас үзэхэд дэлхийн хоёр зуу гаруй орны 70 гаруй хувь нь бие даасан болон холимог Сонгуулийн байгууллагатай, харин 20 гаруй хувь нь Засгийн газрын байгууллага нь сонгуулийг хариуцан явуулдаг юм билээ. Сонгуулийн бие даасан бүтэцтэй 140-өөд байгууллагууд нь Дэлхийн сонгуулийн байгууллагуудын холбоог байгуулсан. Мөн Ази, Америк, Австрали-Шинэ-Зеланд, Европын сонгуулийн байгууллагуудын холбоод тус тус байдаг. Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо нь Дэлхийн болон Азийн сонгуулийн байгууллагуудын холбооны гишүүн. Дэлхийн сонгуулийн байгууллагуудын холбооны хурал жил бүр болдог. Хурлаар ардчиллыг хөгжүүлэх, сонгуулийг ил тод, шударга, нээлттэй зохион байгуулах, аливаа нам, улс төрийн хүчин, Засгийн газраас хараат бусаар бие даасан үйл ажиллагаа явуулах асуудлыг ярьдаг. Сүүлийн жилүүдэд улс орнуудад сонгуулийн бие даасан, хараат бус байгууллагын тоо нэмэгдэж байна.

Shuud.mn
Сонин хачин
Irgen:
Soongo zaluu mini hunii songoltiig mongoor sanal oguuldeg chini huuli zorchson shuu?! Ardchilsan uksad sanalaa ogoh ni hunii ooriinh ni erhiin asuudal bolohoos mongoor negj ogch oguuldegee zogsoogooroi?!
2015-04-08
зочин:
Сонгуульд Хөгжилтэй орнууд ашигладаггүй,хөгжил дорой бага буурай орнуудын төрийн эрхийг луйвараар авдаг Санал авдаг хар машиныг хэрэглэхийг хориглоё Яахаараа санал хураалт дуусаагүй байхад АН Улаанбаатар хотод ихэнх тойрогт ялалт байгуулж байна гээд АН-ын гишүүд хэсгийн хороонд ажиллаж байгаа гишүүд нь ярилцаад эхэлдэг юм бэ Энэ чинь но-той байгаагийн нэг илрэл биш үү. Яагаад санал өгөх гэж ирсэн олон сонгогчийн саналын хуудас ямар ч тэмдэглэлгүй цэвэр гарч ирдэг юм.Ядаж дээр нь ч юмуу доор нь ч юмуу Аль нэг газар нь будаж харлуулж таарна биз дээ гэтэл цэвэр гарч байдаг нь но-той АН-аас нэр дэвшигчтэй өрсөлдөж байгаа бусад намын нэр дэвшигчдийг 10 саналын дараа нэг хуудасыг нь цэвэрлэх программ зохиосон юм биш биздээ АН-ынхан ч Баярцогт ч зохиолгочихож чадах но-той улсууд шүү дээ сонгогчид минь Хар машинаар санал өгдөг явдлыг Сонгуулийн хуулиас хасуулья .1000 гаруй сонгогчийн саналыг зөв тоолж чадах чадвар Сонгуулийн хэсэг тойргын хорооны гишүүдэд байгаа шүү дээ Намуудын ажиглагч нар
2015-04-07