Авилгалын гэмт хэргийн улмаас 26 тэрбум төгрөгийн хохирол учрав
2015-04-06

Авлигатай тэмцэх газрын 1800-1969 дугаарын утсаар болон бичгээр, мөн биечлэн ирүүлсэн нийт 286 гомдол, мэдээллийг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас хүлээн авчээ.

Эндээс гэмт хэргийн шинжтэй 108 гомдол, мэдээлэл бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 27.1 хувиар өссөн байна. Гэмт хэргийн шинжтэй нийт 120 гомдол, мэдээллийг хянан үзсэнээс 24-т нь эрүүгийн хэрэг үүсгэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад өсчээ.

Энэ оны нэгдүгээр улиралд Авлигатай тэмцэх газар хуульд заасан харьяаллын 146 үйлдэлтэй, 125 холбогдогчтой 101 эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан байна. Эдгээрээс төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах зүйл ангид хамаарах хэрэг дийлэнх хувийг эзэлж байна.

Мөрдөн шалгасан эрүүгийн хэргийн шийдвэрлэлтийг авч үзвэл 17 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэхээр, 18 хэргийг хэрэгсэхгүй болгох саналтайгаар, 8 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх, 10 хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг түдгэлзүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлж, 6 хэргийг эрүүгийн хэрэгт нэгтгэж, одоогоор 42 эрүүгийн хэргийн үлдэгдэлтэй байна. Мөрдөн шалгасан хэргийн 48.5 хувийг шийдвэрлэсэн, хуулийн анхны хугацаанд хэрэг шийдвэрлэлт 30.6 хувьтай байгаа аж.

Гэмт хэргийн улмаас 26 тэрбум 176.4 сая төгрөгийн хохирол учирснаас мөрдөн байцаалтын шатанд 393.8 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, 3 тэрбум 950 сая төгрөгийн эд зүйлийг битүүмжлэн хамгаалж, 240.5 сая төгрөгийн нуугдмал мөнгө, эд хөрөнгө илрүүлжээ. 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин