Улаанбаатар
“Төвлөрсөн бус цэвэр бохир усны цогц шийдэл” хэлэлцүүлэг эхэллээ
2015-4-6

НҮБ-ын  Ази, Номхон Далайн Эдийн засаг, Нийгмийн хороо, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны нийгэмлэг, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай хамтран “Төвлөрсөн бус цэвэр бохир усны цогц шийдэл” хэлэлцүүлгийг хийж байна. Энэхүү хэлэлцүүлгийг ХБНГУ-ын Холбооны эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны санхүүжилтээр хэрэгжүүлж буй GIZ-ийн “Азийн хотуудын нөөцийн цогц менежмент” Хот байгуулалтын Nexus төслийн хүрээнд зохион байгуулж байгаа юм.



Хэлэлцүүлэгт Барилга хот байгуулалтын яам, агентлаг, хувийн хэвшлийн төлөөлөл, холбогдох мэргэжилтнүүд оролцож байгаа бөгөөд төвлөрсөн бус цэвэр бохир усны цогц шийдлийг хэрхэн хэрэгжүүлэх, тулгамдсан асуудал, хуримтлуулсан туршлага, сургамж санхүүжүүлэх боломжийн  талаар ярилцах юм. Хэлэлцүүлгийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал нээж хэлсэн үгэндээ “Инженер хангамжийн байгууллагуудын уялдаа холбоог хангах, хамтын ажиллагааг сайжруулах үүднээс энэхүү семинарыг зохион байгуулж байна. Гэр хорооллын дахин төлөвлөлт эхэлсэн өнөө үед төвлөрсөн хангамжид холбогдох боломжгүй газруудад төвлөрсөн бус цэвэр бохир усны системийг нэвтрүүлэх зайлшгүй шаардлага урган гарч байна. Энэхүү боломжийг төр хувийн хэвшлийн байгууллагууд хамтран хэрэгжүүлэх цаг болсон” гэдгийг онцлон хэллээ.



Хэлэлцүүлэгт оролцогчид Бохир усны шинэлэг шийдэл, давуу тал, Улаанбаатар хотын гэр хорооллын цэвэр бохир усны цогц шийдэл тулгамдсан асуудал, Бага оврын цэвэрлэх байгууламж тэдгээрийн ашиглалтын асуудал гэх зэрэг сэдвээр илтгэл тавив. Илтгэлд дэлхий нийт цэвэр усны хомсдолд орж буй нөхцөлд төвлөрсөн бус цэвэр бохир усны системийг ашиглах хэрэгтэйг дурьдлаа. Улаанбаатар хотод хотжих үйл явц сүүлийн жилүүдэд  эрчимтэй явагдах болж, Манай улсын нийт хүн амын 50 хувь нийслэлд амьдарч байна. Үүний 40 хувь нь инженерийн дэд бүтцийн хангамжид холбогдсон орон сууцанд амьдарч байгаа бол 60 хувь нь инженерийн дэд бүтцийн хангамжид холбогдоогүй гэр хороололд  ойролцоогоор 180 мянган өрх айл, 720 мянган хүн ам ил задгай ариун цэврийн байгууламжийг ашиглаж байгаа юм гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ. 

Shuud.mn
Сонин хачин