Ахмад дайчдын ихэнх нь ирж, ойн медалиа гардсангүй
2015-04-09

Аугаа их Эх орны дайны ялалтын 70 жилийн ойг тохиолдуулан ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины зарлигаар Монголын 347 ахмад дайчинд ойн медаль гардуулах учиртай. Өнгөрсөн сараас эхлэн өрнөсөн энэ арга хэмжээ өнөөдөр Монгол цэргийн музейд үргэлжиллээ.

 

Өнөөдрийн ёслолд 70 ахмад дайчин ирэх ёстой байсан ч 30 нь өөрийн биеэр ирж ойн медалиа гарджээ. Харин ойн медалиа гардахаар ирээгүй ахмад дайчдын дийлэнх нь өвчтэй гэж Батлан хамгаалахын яаманд мэдүүлсэн гэнэ.

 

Дашрамд дуулгахад, хөдөө орон нутагт аж төрөн буй ахмад дайчдын медалийг орон нутгийнх цэргийн штабаас гардуулж байгаа бол нийслэлийн ахмад дайчдад ОХУ-аас суугаа Элчин сайдын яам болон БХЯ-ны удирдлагууд гардуулж байна.

 

Монгол цэргийн музейд цугласан ахмад дайчдад ойн медалийг ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Азизов Искандер Кубарович гардуулан өгч баяр хүргэсэн. Тэрээр ахмад дайчин бүрт талархаж буйгаа илэрхийлээд урт удаан наслахыг хүсэн ерөөж байв. Ойн медаль гардуулах ёслолын арга хэмжээнд Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга,  хошууч генерал З.Болдбаатар оролцож үг хэлсэн.

 

Үлдсэн 200 гаруй ахмад дайчиддаа энэхүү хүндтэй шагналыг ирэх тавдугаар сарын 9-нийг хүртэл хэсэг, хэсгээр нь  хувааж өгөх юм байна.

Элчин сайд Азизов Искандер Кубарович хэлсэн үгэндээ "Бид нар хамтдаа дайтаж явсан 1945 оны эх орны дайны ялалтын 70 жилийн ой угтаж байна. Энэ дайнд Монгол цэргүүдийн оруулсан үүрэг оролцоо маш их байсан. Хамгийн гол нь энэ бүхний утга учир нь манай хоёр орны найрамдал, цусаараа гагнагдсан хоёр орны цэргүүдийн оролцоо байсан юм шүү. Үүнээс цааш манай хоёр улсын найрамдалт харилцаа батжих цоо шинэ зам хүлээж байгаа нь дамжиггүй. Хамгийн харамсалтай нь бидний цусаар гагнагдсан найрамдлын маань амьд гэрч болсон ахмад дайчид жил ирэх бүрт цөөрсөөр байна.  Гэвч цаг алдахгүй бид тэмдэглэлт үйл явдлыг цаашид хамтдаа хуваалсаар байх болно. Та бүхэндээ Аугаа эх орны дайны ялалтын 70 жилийн ойн баярын баярын мэнд хүргэе. Биднийг илүү шинэ харилцаа, бат найрамдал, шинэ ирээдүй угтах болно гэдэгт найдаж байна" гэжээ.

 

 

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин
Gonza:
Ийм гарчиг тавьж болохгүй ш дээ...Гадаадын хэвлэлүүд буруугаар ойлгоод Оросын эсрэг мэдээнд ашиглабал яана !?
2015-04-09
Зочин:
Хөөрхий дөө.Ямар их баярлаж байнадаа.
2015-04-09
olloo:
hutsdag ivan be...ta nar Mongolyn tom tusluudiig gatsaaj bgaa shuu
2015-04-09