Дугуй түгждэг, машин ачдгийг хуулиар зохицуулах ёстой
2015-04-09

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдлээ. Гишүүд хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан ажлын хэсгээс асуулт тавьж,  саналаа хэлсэн юм.  

 

 

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл:

-Өнөөдөр Монгол Улсын 3 сая иргэн бүгдээрээ замын хөдөлгөөнд оролцож байгаа. Иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах үүднээс энэ хуулийг санаачлан оруулж ирж байна. Замын хөдөлгөөнтэй холбоотой бүх асуудлыг хуулийн хүрээнд оруулж ирсэн.  Жолооч нартай холбоотой асуудал ч биш жолооч нарын аюулгүй байдал ч хамрагдаж байна. Монгол хүн бүртэй холбоотой хуулийн төслийг хаврын чуулганы төслийн эхэнд хэлэлцүүлж байгаад талхархаж байна. Үүний араас Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн төслийг хэлэлцүүлэхийг УИХ-аар хэлэлцүүлэхийг хүсье

 

 

УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр:

Би өөрөө явган алхдаг болохоор мэдэрдэг. Явган зорчигч замгүй газраар зам гарахаас өгсүүлээд эрх үүргийг нь тусгаж өгмөөр байна. Хотын хөдөлгөөнтэй холбоотой асуудал их тусч, хөдөөгийн замд яах вэ? Цагдаагийн албан хаагч хуулиа зөрчиж байгааг яагаад зааж өгсөнгүй вэ. Согтуу жолоочийн торгуулийг нэмэгдүүлж байгаа нь зөв. Ядарсан үед жолоогоо шилжүүлэх гэдэг дээр тайлбар хийхгүй юу. Хэт удаан явна гэсэн заалтыг хэдэн км/цаг гэх вэ? Түгжрээд байгааг хэт удаан явж байна гэж үзэх үү? Дугаарын хязгаарлалтыг мөн зохицуулах хэрэгтэй.

 

 

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:

Төрийн ордны зүүн хойд талын дөрвөн замын уулзвар ачаалал ихтэй байдаг. Автомашины түгжрэлийг бууруулах зорилгоор явган зорчигчийг явуулахгүйгээр улаан гэрлийг заасан хугацаанаас нь зориуд уртасган   зохицуулдаг. Иргэд, тэр дундаа оюутнууд гарцан дээр хүлээж зогсож байгаад тэвчихгүй олноороо улаан гэрлээр зам хөндлөн гарч байна. Би ичсэн нэрэндээ ногоон гэрэл асахыг хүлээгээд үлддэг.

 

 

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар:

-Монгол Улсын олон улсын жолооны үнэмлэхийг болиулах хэрэгтэй. Яагаад гэвэл Венийн конвенцид нийцээгүй гэж гадаадад улсынхаа жолооны үнэмлэхээр авсан иргэд хохирч байна. Замын хөдөлгөөны аюулгүй байдлыг хангах асуудлыг төрийн хамгаалалтад явдаг Ерөнхий сайдаар ахлуулж болохгүй. Мөн жолооны үнэмлэхийг хугацаагүй олгох хэрэгтэй. Дээр нь олон улсын үнэмлэхийг гурван жилийн хугацаатай олгодгийг ч зогсоох хэрэгтэй. Осол олон гаргадаг хүнд даатгалын тогтолцоогоор явуулах хэрэгтэй.  Заавал жолооны курст сурч байж жолооны үнэмлэх авдгийг болиулах хэрэгтэй. Жолоо барих бол гар утас  барихтай адил.

 

 

УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ:

-Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хууль шинэчилсэн төслөөр ярьж байгаа нь зөв. Бодит нөхцөл байдал дээр тулгуурлаж хандах хэрэгтэй. Машиныг өнөөдөр хэн дуртай нь жолоодож болохгүй. Машин бол зэвсэг. Машиныг хайхрамжгүй жолоодсоноос болж хүмүүс, хүүхэд хохирч байна. Хурд сааруулагчийг хэн дуртай нь хэн нэг даргын тушаалаар хийдэг. Орон сууцны хороололд  дугуйны, автомашины зам байх ёстой. Үүнийг төрийн, төрийн бус байгууллага, иргэдийн оролцоотойгоор хэлэлцэх батлах хэрэгтэй. Гарцгүй газраар явлаа гээд хохирогч бурууддаг. Харанхуй гудамжинд  гарц нь ч харагддаггүй.  Дугуй түгждэг, машин ачдгийг хуулиар зохицуулагдах ёстой. Яагаад нэг албан газрын дарга шийдэх ёстой гэж.

 

 

УИХ-ын гишүүн Р.Амаржаргал:

-Өнөө өглөө 08.30 цагт ГХЯ-ны зам дээр гарц гарах гэтэл автобус ирээд зогсчих юм. Гэтэл ногоон гэрэл нь асаад байгаа юм уу, улаан гэрэл нь асаад байгаа юм уу бүү мэд. Үүнийг зохицуулах хэрэгтэй. Хэрвээ би зөв ойлгож байгаа бол аюулгүй зорчих асуудлыг л шийдэх гээд байгаа биз дээ. Замын хөдөлгөөний дүрмийг л ягштал мөрдөх ёстой. Үүнийгээ мөрдүүлэхгүй болохоор хууль батлах гэж байна. Асуудлыг өөрчлөөд явах гэхээр дандаа хувьсгал хийх юм. Төрийн ажлын нүүр царай л энэ.  Ажил хийж байгаа дүр эсгэх шаардлага байхгүй.

 

Замын хөдөлгөөний дүрэм журам нь хотжилттой холбоотой урт удаан хугацааны явц. Эхээс төрөхдөө л хөдөлгөөний дүрмийг мэдээд сурах соёл гэж байх ёстой. Гэтэл энэ нь хуулийн төсөлд харагдахгүй байна. Тийм учраас би энэ хуулийн төслийг хэлэлцэх шаардлагагүй гэж бодож байна.

 

Ийнхүү гишүүд асуулт тавьж, саналаа хэллээ. Үүний дараагаар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн санал хураалт явуулахад  гишүүдийн олонх нь дэмжив.

 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна

 

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин