Олон нийтийн цагдаагийн цалинг нэмлээ
2015-04-10


НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар Хөрөнгө бүртгэлээс хасах тухай, Хөрөнгө бүртгэн авах тухай, Олон нийтийн цагдаагийн ажилтанд олгох урамшууллын хэмжээг тогтоох тухай, Цэргийн албыг дүйцүүлэн хаах иргэдийн орон тооны дээд хязгаар батлах тухай, Алдарт эхийн одонг тодорхойлох тухай, Шашны байгууллагуудын хугацааг сунгах тухай асуудлуудыг хэлэлцэн баталлаа.


 
Баянгол дүүргийн 1 дүгээр амбулаторийн барилгыг актална


 
Хуралдаанд Хөрөнгө бүртгэлээс хасах тухай, Хөрөнгө бүртгэн авах тухай асуудлыг нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа танилцуулав.
1960 онд ашиглалтад орсон нийт 29 сая 388 мянган төгрөгийн бүртгэлийн үнэ бүхий Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд байрлах конторын болон усны тоолуурын лабораторийн барилга байгууламжийг нийслэлийн бүртгэлээс хасав.  Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн балансад бүртгэлтэй 600 сая 350 мянган төгрөгийн үнэ бүхий 1 дүгээр амбулаторийн барилга, инженерийн шугам сүлжээг акталлаа. Тус барилга нь 1954 онд ашиглалтад орсон бөгөөд Мэргэжлийн хяналтын газраас цаашид ашиглах боломжгүйг тогтоожээ. Уг газар Баянгол дүүрэгт баригдах 100 хүүхдийн эмнэлэг, ахмадын сувилалын барилгыг барихаар төлөвлөсөн байна. Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороонд байрлах нийт 3.7 тэрбум төгрөгийн үнэ бүхий Засаг захиргааны 6 дугаар байрны барилга, инженерийн шугам сүлжээ, эд хөрөнгийг актлах шийдвэр гаргалаа.



Мөн 2012 онд ашиглалтад орсон 1 тэрбум 265 сая төгрөгийн үнэ бүхий Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн тасгийн оффисийн зориулалттай 2 давхар барилгыг Улаанбаатар хотын Цагдаагийн газрын эзэмшилд олгов. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр баригдсан нийт 400 сая 703 мянган төгрөгийн үнэ бүхий 12 гүний худгийг “Сүхбаатар дэвшил” ОНӨААТҮГ-ын эзэмшилд олгож, нийслэлийн өмчид бүртгэн авлаа.

 


Олон нийтийн цагдаагийн цалинг нэмлээ


Хуралдаанд Олон нийтийн цагдаагийн ажилтанд олгох урамшууллын хэмжээг тогтоох тухай асуудлыг Улаанбаатар хотын Цагдаагийн газрын дарга, туслах комиссар Ч.Болдбаатар танилцууллаа.



Улаанбаатар хотын Цагдаагийн газар өнгөрсөн оны 7 дугаар сараас эхлэн олон нийтийн цагдаагаар ажиллах хүсэлтэй иргэдийг сонгон шалгаруулж, ажиллуулж эхэлсэн. Нийт 440 иргэнийг олон нийтийн цагдаагаар ажиллах боломжтой эсэхийг судалж, 250 иргэнийг сургалтад хамруулж, өнөөдрийн байдлаар 224 иргэнтэй гэрээ байгуулан олон нийтийн цагдаагаар ажиллуулж байна. Эдгээр иргэний сарын цалин нь 355 мянган төгрөг аж. НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаас энэ онд баталсан 1.5 тэрбум төгрөгийн төсөвт багтаан одоо ажиллаж байгаа 224 олон нийтийн цагдаагийн ажилтанд олгож байгаа цалин, урамшууллыг Төрийн тусгай алба хаагчийн цалингийн сүлжээний ТТ-5-1 шатлалаар нэмэгдүүлэх саналыг тавьсны дагуу НИТХ-ын Тэргүүлэгчид олон нийтийн цагдаагаар ажиллаж байгаа 224 иргэний сарын цалинг 2015 оны 2 дугаар улирлаас эхлэн ТТ-5-1 шатлалаар дүйцүүлэн 439 мянган төгрөгийн цалинтай ажиллуулахаар тогтоов.


 
Цэргийн албыг дүйцүүлэн хаах иргэдийн тоог тогтоолоо
Хуралдаанд Цэргийн албыг дүйцүүлэн хаах иргэдийн орон тооны дээд хязгаар батлах тухай асуудлыг нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар танилцуулав.



Батлан хамгаалах хууль, тогтоомжийн хүрээнд иргэдийг шаардлагатай үед эх орноо хамгаалах бэлтгэлтэй болгох, тэдэнд эх оронч хүмүүжил төлөвшүүлэх, хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор цэргийн насны залуучуудыг цэргийн албыг дүйцүүлэн хаалгаж эхэлсэн.  Засгийн газрын 2008 оны 49 дүгээр тогтоолоор цэргийн албыг дүйцүүлэн хаах журмыг баталсан бөгөөд журмын дагуу НИТХ Засгийн газраас тогтоосон цэргийн албыг дүйцүүлэн хаах иргэдийн дээд тооны хязгаарыг үндэслэн дүүрэгт алба хаах иргэдийг тоог баталдаг. Энэхүү тогтоолыг үндэслэн НИТХ-ын Тэргүүлэгчид нийслэлийн хэмжээнд цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах иргэдийн тооны дээд хязгаарыг  63  байхаар тогтоолоо .

 


 
Эхчүүдэд алдарт эхийн 1, 2 дугаар одон олгоно


НИТХ-ын Тэргүүлэгчид Олон хүүхэд төрүүлж, өөрийн асрамжаар өсгөсөн нийслэлийн харъяа нэр бүхий 105 эхийг “Алдарт эх”-ийн нэгдүгээр одон, 2052 эхийг “Алдарт эх”-ийн хоёрдугаар одон, нийт 2052 эхийг “Алдарт эх”-ийн нэг, хоёрдугаар одонгоор шагнуулахаар тодорхойлж, Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлахаар боллоо.


 
33 шашны байгууллагын хугацааг сунгалаа


НИТХ-д хугацаа сунгуулах хүсэлтээ ирүүлсэн 37 шашны байгууллагыг Нийслэлийн шашны асуудал эрхэлсэн ажлын хэсгээс шалгалаа. Шалгалтаар үйл ажиллагааны зөрчилтэй байсан “Монголын Рисшо Косей Кай” буддын нийгэмлэг, “Долоо дахь өдрийн Адвентист” христийн сүм, “Ариун гэр бүл”, католик сүм, “Имманүел” христийн цуглаан гэсэн шашны байгууллагуудын зөвшөөрлийн хугацааг сунгахыг татгалзсан. Дээрх 37 байгууллагаас 33 шашны байгууллагын зөвшөөрлийн хугацааг 2016 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл сунгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

Shuud.mn
Сонин хачин