Ялалтын баярыг тэмдэглэх талаар ярилцав
2015-04-11

1945 оны Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ой энэ онд тохиож байна.  Ялалтын баяртай  холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлигаа гаргаж ойг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэхийг Засгийн газарт үүрэгдсэн билээ. Энэ дагуу  өнгөрсөн долоо хоногт Батлан хамгалахын сайдын тушаалаар Ой зохион байгуулах салбар комисс хуралдсан бол өчигдөр ой зохион байгуулах Засгийн газрын ажлын хэсгийнхэн хуралдлаа.

 

Засгийн газрын ажлын хэсгийн ахлагчаар Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, нарийн бичгийн даргаар БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар ажиллаж байна. Харин ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах гишүүдээр Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Боловсрол, соёл,  шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга, ЗХЖШ-ын дарга, ХХЕГ-ын дарга, Нийслэлийн Засаг дарга нар багтаж байна. Мөн Дорноговь, Сүхбаатар, Дорнод аймгийн Засаг дарга, МҮОНРТ-ийн Ерөнхий захирал, Улаанбаатар төмөр замын дарга, Монголын энхтайван найрамдлын байгууллага, дайнд оролцогчдын хорооны дарга нар багтжээ.

 

Өчигдрийн хурлаар  1945 оны чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойн хүрээнд Монгол, Зөвлөлтийн дайчдын хөшөө, дурсгалыг сэргээн засварлах, БНХАУ-ын нутагт байх Монгол дайчдын дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүлэх, баримтат кино, түүхэн ном, альбом бүтээх ажил хийхээр тогтсоноо ярилцсан. Мөн  Олон улсын эрдэм шинжилгээний хурал болон урлаг соёлын арга хэмжээ зохион байгуулах, Улаанбаатар хот, Сүхбаатар, Дорноговь аймгуудад ёслол хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулах ажлыг төлөвлөж зардлын тооцоо, ажил үүргийн хуваарь, хөрөлбөрийг  боловсруулснаа ярилцсан юм.

Shuud.mn
Сонин хачин