Монгол, Японы эдийн засгийн харилцааг танилцуулна
2015-04-12

Монгол улс, Япон улсын хоорондын “Стратегийн түншлэл”-ийн хүрээнд 2010 онд Монгол улс, Япон улсын хооронд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулахаар талууд тохиролцсон билээ. Монгол улсын холбогдох яамд, агентлагийн мэргэжилтнүүд 2012 оноос эхлэн гурван жил орчмын хугацаанд долоон үе шат бүхий хэлэлцээг японы талтай хийсний үр дүнд энэхүү хэлэлцээрийг байгуулжээ. 

 

Энэхүү хэлэлцээрийн зорилго нь хоёр улс хоорондын худалдаа, хөрөнгө оруулалт, аж үйлдвэрийн салбарын нэмүү өртөг шингээсэн экспорт, валютын орлого зэргийг нэмэгдүүлэх, японы тарифын болон тарифын бус саад тотгорыг багасгах, худалдааг хөнгөвчлөх, гаалийн бүрдүүлэлтийг хялбаршуулахад оршиж байгаа аж. 

 

Тэгвэл 2015 оны хоёрдугаар сард Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн Япон Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр Монгол, Японы Эдийн Засгийн түншлэлийн хэлэлцээрийг байгуулан гарын үсэг зурсан байна. Үүнтэй холбогдуулан энэхүү хэлэлцээрийг хүнс, хөдөө аж ахуйн салбарын бизнес эрхлэгчдэд сурталчлан таниулах, хэрэгжилтийг хангах, Монгол-Японы бизнес эрхлэгчдийн хооронд түншлэл тогтооход чиглэсэн цуврал арга хэмжээний анхных болгон зохион байгуулах аж.

 

Ялангуяа тус салбарт Японы стандарт, өндөр технологийг нэвтрүүлэх, нутагшуулахад чиглэсэн хөрөнгө оруулалтыг татах, улмаар Монголын хөдөө аж ахуйн түүхий эдэд тулгуурласан органик хүнсний бренд бүтээгдэхүүн бий болгон Японы зах зээлд нийлүүлэх ажлыг бодитоор хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой юм байна.

 

Форум нь энэ сарын 15-ны лхагва гарагт 14 цагт Чингис хаан зочид буудлын гурван давхрын хурлын танхимд болох ба сонирхсон аж ахуйн нэгж, иргэдийг оролцох боломжтой ажээ.

 

П.Наран

Shuud.mn
Сонин хачин