Ногоочдод хөнгөлөлттэй үнээр техник олгожээ
2015-04-13

Өрхийн аж ахуйн зориулалттай төмс, хүнсний ногооны техникийг танилцуулах өдөрлөг өнгөрсөн баасан гаригт боллоо.

Өдөрлөгт ХХААЯ, Тариалан эрхлэлтийг дэмжих сан, “Мөнх ногоон тал” компани болон тариаланчид оролцжээ.

 

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт “Хүнсний ногооны үйлдвэрлэлийг механикжуулж, тариалалтыг нэмэгдүүлэн хүнсний ногооны хэрэгцээг дотооддоо бүрэн хангадаг болох” зорилтыг дэвшүүлсэн байна.

Энэхүү зорилтын хүрээнд төмс, хүнсний ногооны үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх, чадварыг дээшлүүлэх, өөрийн өртгийг бууруулж, ашгийг нэмэх, ногоочдын хөдөлмөрийг хөнгөвчлөх, шинэ дэвшилтэт технологи нэвтрүүлэн хүнсний ногоон тариалалтыг механикжуулахад анхаарч ажиллажээ.

Тиймээс бага оврын трактор, түүнд нийцсэн чиргүүл, дүүжин машиныг нийлүүлж хөнгөлөлттэй нөхцөл, зээлээр олгож буй юм. Мөн Японы Засгийн газрын “Бага орлоготой тариаланч фермерүүдийг дэмжих КР-2 хуримтлалын сан”-гийн хөрөнгөөр хүлэмжийн болон өрхийн тариалангийн зориулалттай техникийг худалдан авч үнийг нь 80 хүртэл хувь хөнгөлж ногоочдод олгосон юм байна.

Одоогоор 2.1 тэрбум төгрөгийн хөрөнгөөр 239 ширхэг иж бүрдэл техникээс 110 нь Тариалан эрхлэлтийг дэмжих сангаар дамжуулан худалдаж эхэлжээ. Ингэснээр 1000 гаруй иргэд механикжсан аргаар тариалан эрхлэх боломж бүрдэж байгаа аж.

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин