Шаардлага хангасан сүлжээ хоолны газрууд 24 цагаар ажиллана
2015-04-13

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Цагийн хуваарьт өөрчлөлт оруулах тухай” А/250 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа худалдаа үйлчилгээний газруудын цагийн хуваарьт өөрчлөлт оруулах талаар зарим байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс ирүүлсэн санал хүсэлтийн дагуу Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/548 дугаар захирамжинд заасан Түргэн үйлчилгээтэй сүлжээ хоолны газруудын ажиллах цагийн хуваарийг “Өглөөний 07.00-шөнийн 03.00 цагт үйлчилж болно” гэсэн хэсгийг “Хоолны газрын ангилал зэрэглэл, стандартын шаардлагыг хангасан, зориулалтын байртай түргэн үйлчилгээтэй сүлжээ хоолны газрууд 24 цагаар үйлчилгээ эрхэлж болно” гэж өөрчлөн энэ оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөхөөр болов.  


 
Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Улаанбаатар хотын Цагдаагийн газар, дүүргийн Засаг дарга нарт тус тус үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин