Бүжгийн аваргууд тодорлоо
2015-04-13

Улаанбаатар хотын спорт бүжгийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон юм. Тэмцээнд 5-30 хүртэлх насны нийт 210 гаруй тамирчин стандарт латин бүжгийн 20 төрлөөр өрсөлдөж, тус тус аваргуудаа тодрууллаа.

 

1982 оноос хойш манай улсад бүжгийн спорт эрчимтэй хөгжиж эхэлсэн бөгөөд өдгөө манай улсын баг тамирчид Дэлхийн бүжгийн спортын аварга шалгаруулах тэмцээнд сүүлийн таван жил тогтмол оролцож амжилтаа ахиулсаар байна. Энэ жил зохиогдсон дэлхийн аваргад Moon бүжгийн клубын Стар хамтлаг оролцож хагас шигшээд шалгарсан амжилт үзүүлжээ.

 

Монголын бүжгийн спортын холбооноос өмнөх жилүүдэд дүүргүүдийн аварга шалгаруулах тэмцээнийг тогтмол зохион байгуулж ирсэн аж. Харин энэ жил анх удаа Нийслэлийн засаг даргын тамгын газрын дэмжлэгтэйгээр хотын аваргын тэмцээнийг зохион байгуулжээ. Учир нь 2014 онд тус холбооноос Улаанбаатар хотын бүжгийн спортын  холбоог байгуулж ерөнхийлөгчөөр нь НИТХ-ын төлөөлөгч Ц.Алтанцэцэгийг сонгосон байна.

 

УБ хотын бүжгийн холбооны ерөнхийлөгч Ц.Алтанцэцэг ярихдаа “Манай улсад бүжгийн спорт богино хугацаанд олон нийтэд хүрч чадсан. Жишээлбэл айл бүрт нэг бүжиглэдэг хүүхэд байх жишээтэй. Иймээс ч сүүлийн жилүүдэд манай хамтлаг тамирчид дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд тогтмол өндөр амжилттай оролцож байна” гэсэн юм.

 

Харин МБСХ-ны дэд ерөнхийлөгч А.Мөнгөнхуяг хэлэхдээ “Бүжгийн спортоор хүүхдүүд хичээлснээр бие бялдрын хувьд хөгжих, мөн гоо зүй, зан харилцааны хувьд төлөвшдөг” гэсэн юм.  Одоогоор манай улсын хамтлаг тамирчид латин америк бүжгийн формейшноор Азийн орнуудаас чансаагаар дээгүүрт бичигддэг байна.

 

н.Марал:Бүжгээр хичээллээд дөрвөн жил болж байна

 

Би найман настай. Бүжгээр хичээллээд дөрвөн жил болж байна.

 

Би бүжгээр хичээллэж эхлээд олон зүйл сурч мэдсэн бас найз нөхөдтэйгөө зөв ойлголцдог болсон.

 

Латин америк  формейшн төрлөөр  хичээллэдэг.

 

М.Хүслэн: Би "Ирээдүйн одод” тэмцээнээс алтан медаль хүртсэн

 

Би 23-р сургуулийн 3а ангид сурдаг. Бүжгээр хичээллээд таван жил болж байна.

 

Бүжгээр хичээллэж эхлээд сургуулиасаа олон удаа шилдэг сурагчаар шалгарч байсан. Мөн “Ирээдүйн одод” тэмцээнээс алтан медаль хүртсэн.

 

Би бүжиглэдэг болсноор бэлтгэлээ таслахгүй, багшийнхаа үгэнд сайн ордог болсон.

 

П.Наран

Shuud.mn
Сонин хачин