Үйлдвэрлэгчид 60 мянгуулаа болжээ
2015-04-14

Төрийн ордоны их танхимд өнөөдөр “Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн үндэсний чуулган” эхэлсэн талаар өмнө мэдээлсэн билээ. УИХ-ын Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хороо, Аж үйлдвэрийн яамтай хамтран зохион байгуулж буй энэхүү чуулганд жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн төлөөлөл оролцож, салбарын өнөөгийн нөхцөл байдал болон хэтийн төлөвийн талаар санал бодлоо солилцож байгаа юм.

 

Өнөөдрийн чуулганыг нээж Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат хэлсэн. Тэрбээр хэлэхдээ “ЖДҮ гэдэг бол эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах чухал үйл ажиллагаа бөгөөд үйлдвэрлэл гэдэг бол улс орны тусгаар тогтнолын чухал суурь ойлголт юм. Манай улсын ДНБ-ий 20 хувийг ЖДҮ-ийн бүтээгдэхүүн эзэлдэг бол дэлхийн бусад улсуудад үүнээс ч их хувийг эзлэдэг. Тэгэхээр бид ДНБ-д эзлэх ЖДҮ-ийн бүтээгдэхүүний хувийг нэмэгдлүүлэхийн тулд анхаарч, санаачлагатай ажиллах хэрэгтэй.

 

Манай улсад хөдөлмөрийн чадвартай 60 мянган иргэн ЖДҮ-ийн салбарт ажиллаж байгаа ба нийт 50 мянга гаруй ЖДҮ эрхэлдэг аж ахуйн нэгж байдаг. УИХ-аас анх удаа Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого батлахаар ажиллаж байгаа бол Аж үйлдвэрийн яамнаас Худалдааны тухай, Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслүүдийг санаачилж УИХ-д өргөн барихаар ажиллаж байна” хэмээн онцолсон юм.  

 

Түүний дараа  "Жижиг дунд үйлдвэрлэгчдийн үндэсний чуулган"-д оролцогчдод Ерөнхий сайд мэндчилгээ дэвшүүлснийг Ерөнхий сайдын зөвлөх Б.Дэлгэрмаа уншиж танилцуулсан юм. Мөн чуулганы нээлтийн үеэр УИХ-ын дэд дарга Л.Цог үг хэлсэн. Тэрбээр хэлэхдээ “Манай улсад анх удаа жижиг дунд үйлдвэрлэгчдэд зориулсан чуулган зохион байгуулж байгаад талархаж байна.

 

Азийн бар улсууд бүгд л манай улсад тулгараад буй хөгжлийн дорой байдалтай тулгарсан, харин тэднийг аварсан гол зүйл нь ЖДҮ байсан. Тиймээс манай улс ЖДҮ-ийг хөгжүүлж байж хөгжилд хүрэх боломжтой. Үүнээс гадна манай ЖДҮ эрхлэгчдэд үзүүлж буй төрийн бодлого тийм ч хангалтгүй байдаг. Жишээ нь гадаадын аль нэг улсаас ирж байгаа зээлийн хүү нь тухайн улсаасаа хоёр хувь гэсэн нөхцөлтэй ирсэн хэрнээ бизнес эрхлэгчдийн гар дээр очихоор 11 хувийн хүүтэй зээл болж хувирдаг. Тиймээс хамгийн наад зах нь энэ бүхнийг зохицуулалтуудыг хийж байж ЖДҮ эрхлэгчдэд ажиллах таатай нөхцөл боломж бүрдэнэ” гэлээ.  

 

Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурь мөн чуулганы нээлтэд үг хэлсэн юм. Тэрбээр манай улсад ажлын байр бий болгож байдаг ЖДҮ эрхлэгчдэд талархах нь зүйтэй гээд ЖДҮ-ийг хөгжүүлэхэд хууль эрх зүйн таатай орчин бүрдүүлэхэд анхаарч ажиллана гэдгээ хэллээ. 

 

Энэхүү чуулганд Монгол Улсын хэмжээнд үйлдвэрлэл эрхэлдэг ЖДҮ-ийн төлөөлөл болж нийт 350 орчим үйлдвэрлэгч оролцож байгаа аж. Тэд ЖДҮ эрхлэхэд ямар саад бэрхшээл тулгардаг, түүнийг хэрхэн шийдэх боломжтой талаар өөрсдийн байр суурийг нэгтгэх бөгөөд чуулган “Жижиг дунд үйлдвэрийн талаар төлөөс баримтлах бодлогын хэрэгжилт, цаашдын зорилт” гэсэн сэдвээр үргэлжилж байна.Чуулганы үеэр нийслэл болон аймгуудаас ирсэн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн бүтээгдэхүүний үзэсгэлэн дэлгэгдсэн байна.

 

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
хэдхэн тооны цүнх, эсгий таавчиг хийгээд хол явах уу????Эдний оронд ганц сайн хөнгөн блокны үйлдвэр байгуулахад урагшаа гарч буй сая сая долларыг эх орондоо үлдээнэ...
2015-04-14
дэмждэггүй:
Үндэсний үйлдвэрэээ дэмжинэ гээл үе үеийн засгийн газар орилдог юм. Яс юман дээр хэзээ ч дэмжиж байгаагүй. Ялангуяа яам тамгийн газрын авилгачин түшмэлүүд шударга бус үйлдлээрээ байнга дарамталж байдаг үндэсний үйлдвэрлэгчдийг.
2015-04-14
дэмждэггүй:
Үндэсний үйлдвэрэээ дэмжинэ гээл үе үеийн засгийн газар орилдог юм. Яс юман дээр хэзээ ч дэмжиж байгаагүй. Ялангуяа яам тамгийн газрын авилгачин түшмэлүүд шударга бус үйлдлээрээ байнга дарамталж байдаг үндэсний үйлдвэрлэгчдийг.
2015-04-14