Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлийг танилцуулав
2015-04-14

“Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 14 дэх илтгэл”-ийг ХЭҮК 2015 оны гуравдугаар сарын 30-ны өдөр УИХ-ын даргад өргөн барьжээ. Харин өнөөдөр илтгэлийг иргэний нийгмийн байгууллагуудад танилцуулах уулзалт боллоо.



ХЭҮК энэ удаагийн илтгэлд эрүү шүүлтээс ангид байх эрх, хүний эрхийг хамгаалагчийн эрх, хүний эрхийн боловсрол, төрөлжсөн асрамжийн газар дахь хүний эрхийн зарим асуудал, барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа ба өмчлөх эрх, цагдаагийн алба хаагчдын хөдөлмөрлөх эрх зэрэг асуудлыг хөндөж, тодорхой шийдвэр гаргуулахаар дараах саналыг хүргүүлжээ.

Үүнд:
Эрүү шүүлтээс ангид байх эрхийн талаар:


1. Монгол Улс 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж, шийтгэхийн эсрэг Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцийн нэмэлт протоколыг соёрхон баталсан тул тус гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний механизмыг нэн даруй байгуулах асуудлыг Улсын Их Хурлын 2015 оны хаврын чуулганаар хэлэлцэн шийдвэрлэх;


2. Эрүүдэн шүүх гэмт хэргийн бүрэлдэхүүнийг Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцийн 1 болон 4 дүгээр зүйлд заасны дагуу нийцүүлж, хэргийн хамтран оролцогчдод эрүүгийн хариуцлага оногдуулах эрх зүйн үндсийг бүрдүүлэх;


3. Эрүүдэн шүүхийн хохирогчдын эрхийг хамгаалах, эдийн бус гэм хорын хэмжээг мөнгөн дүнгээр тооцох аргачлал бүхий эрх зүйн зохицуулалт бий болгох, эрүүдэн шүүхийн хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлөх тухай шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг цаг тухайд нь бүрэн барагдуулдаг болох;


4. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Эрүүдэн шүүхийн эсрэг хорооноос өгсөн зөвлөмжийн дагуу шүүх, прокурор, хуулийн байгууллагын давтан сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөнд эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх болон эрүүдэн шүүхээс ангид байх эрхийн талаарх сургалтыг тогтмолжуулж, хуульчдын давтан сургалтын багц цагт хамруулах, сургалтын цогц хөтөлбөртэй болгох;


5. Монгол Улсын Засгийн газраас санаачлан Эрүүдэн шүүх асуудал хариуцсан Нэгдсэн Үндэстний Байгууллагын Тусгай илтгэгчийг Монгол Улсад урьж ажиллуулах.


Хүний эрхийг хамгаалагчийн эрхийн талаар:


6. Хүний эрхийг хамгаалагчийн эрх, үүрэг, хариуцлагыг тодорхойлох, аюулгүй байдал, нийгэм, эдийн засгийн баталгааг хангах асуудлыг тусгайлан авч үзэн, үндэсний хууль тогтоомжийг “Хүний эрхийг хамгаалагчийн тунхаглал”-ын үзэл санаа, агуулгад нийцүүлэх;


7. Шүүгч, прокурор, цагдаагийн албан хаагчид хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд хуульд заасан үндэслэлээр хүний эрх, эрх чөлөөг хязгаарлах үйл ажиллагаа явуулдаг, хүний эрх, эрх чөлөөг хамгаалж, зөрчигдсөн тохиолдолд таслан зогсоодог, сэргээн эдлүүлдэг тул тэдний зүгээс хүний эрх зөрчихгүй байх, шударга ёсыг тогтоох, хохирогчийг хамгаалах зорилгын үүднээс эдгээр алба хаагчдыг хүний эрх хамгаалагч гэж үзэх ойлголт, хандлагыг төрийн албан хаагчдад болон нийгэмд төлөвшүүлэх, аюулгүй байдлыг нь хангах зарим баталгааг холбогдох хуульд тусгах.



Хүний эрхийн боловсролын талаар:


8. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний эрхийн боловсролын Дэлхийн хөтөлбөр, түүний төлөвлөгөөтэй уялдуулж төрөөс хүний эрхийн боловсролын талаар баримтлах бодлого, хөтөлбөрийг батлан хэрэгжүүлэх;


9. Бүх шатны боловсрол олгож буй сургуулийн хөтөлбөрт хүний эрхийн хичээлийг ерөнхий мэдлэгийн суурь хичээл болгон үзэх стандарт боловсруулж батлах;


10. Хууль зүйн их, дээд сургуулиудад “Хүний эрх” хичээлийг заавал үзэх мэргэжлийн суурь хичээлийн жагсаалтад оруулах, эрх зүйн бакалавр, магистр, докторантурын сургалтын хөтөлбөрийн агуулгыг хүний эрхэд суурилсан хандлагаар шинэчлэн боловсруулах;


11. Хууль зүйн их, дээд сургуулиудыг магадлан итгэмжлэх, тусгай зөвшөөрөл олгохдоо хүний эрхийн сэдвийг нэг шалгуур үзүүлэлт болгон авч үзэж байх.



Төрөлжсөн асрамжийн газартай холбоотой асуудлаар:


12. Төрөлжсөн асрамжийн газрын үйлчилгээний стандартын хэрэгжилтийг хангах, үйл ажиллагааны төрөл, хамрах хүрээг шинэчлэн тогтоож, нөхцөл, үйл ажиллагааг нь сайжруулах;


13. Төрөлжсөн асрамжийн үйлчилгээний зөвшөөрлийг хууль тогтоомж, стандартын шаардлагыг бүрэн хангасан этгээдэд олгож буй эсэхэд тавих хяналтын механизмыг сайжруулах;


14. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний 2007 оны байдлын талаарх илтгэл” (2008), “Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 11 дэх удаагийн илтгэл” (2012)-ээр тус тус өгсөн зөвлөмжийн дагуу сэтгэцийн эмгэгтэй хүмүүст зориулсан асрамжийн газар байгуулах асуудлыг нэн даруй шийдвэрлэх.



Барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа ба хүний өмчлөх эрхийн талаар:


15. Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээг санхүүгийн үйлчилгээний төрөлд хамааруулан тусгай зөвшөөрлийн механизмыг бий болгох, үйл ажиллагаанд нь хяналт тавих субъектын үүрэг, хариуцлагыг тодорхой болгон хуульчлах.

 

Цагдаагийн алба хаагчдын хөдөлмөрлөх эрхийн талаар:


16. Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 429 дүгээр тушаалаар “Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн газар, хэлтэс, дэд хэсгийн байранд тавигдах ерөнхий шаардлага” CS11-0244:2014 стандартыг хэрэгжүүлж, илүү цаг, амралтын болон бүх нийтийн баярын өдөр ажилласан алба хаагчдад хуульд заасан нэмэгдэл цалинг заавал олгож хэвших, шаардагдах төсвийг баталж өгөх;


17. Засгийн газрын 2011 оны 153 дугаар тогтоолын дагуу цагдаагийн газар, хэлтсийг бүтэц, орон тоогоор нь ажиллуулах асуудлыг яаралтай шийдвэрлэж, цагдаагийн алба хаагчдын хөдөлмөрлөх эрхийг хамгаалж, албаны үйл ажиллагааг хэвийн явуулах боломжийг хангах;


18. Цагдаагийн алба хаагчийг жил бүр эрүүл мэндийн дэлгэрэнгүй үзлэг оношлогоонд оруулах зардлыг төсөвт тусган баталж, нэгдсэн журмаар зохион байгуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх;


19. Хөдөлгөөний аюулгүй байдал хангах чиг үүрэг бүхий алба хаагч албан үүргээ гүйцэтгэж байгаад зам тээврийн осолд өртсөн тохиолдолд тухайн асуудлыг гэмт хэрэг, зөрчил эсэхээс үл хамааран үйлдвэрлэлийн осолд тооцож, хуульд заасан нөхөн төлбөр олгож байх.

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Tsagdaagiin asuudal mash zov bna tsagaa oljee. Daanch tosov hudreltei geed l ...
2015-04-15