Сураггүй болсон охидыг харсан гэв
2015-04-15

Нигерийг Борно мужид байрлах охидын сургуулийн дотуур байрнаас яг жилийн өмнө “Боко Харам” бүлэглэлийн дайчид 200 гаруй охиныг хулгайлсан билээ. Тус бүлэглэлийн тэргүүн охидыг исламын шашинд итгүүлж, гэрлүүлсэн хэмээн мэдэгдэж, хайсан тохиолдолд алан хядах ажиллагаа явуулахаа сануулсан юм. Сураггүй байгаа охидын гэр бүл өчигдөр нийслэл Абужа хотноо “Бидний охидыг эргүүлж өг” гэх уриатай жагсаал зохион байгуулагдсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэд Засгийн газар болон олон улсыг дахин охидыг зүг анхаарлаа хандуулахыг уриалсан юм. Тэгвэл эсэргүүцлийн жагсаалын үеэр гэрчүүд сураггүй алга болсон охидыг харсан хэмээн Борно мужийн цагдаа нарт мэдэгджээ.

 

Охидыг Нигер, Чадын хил орчимд харсан гэнэ. Охидод бүгдэд нь хар, цагаан өнгийн хувцас өмсүүлсэн байснаас гадна, хоёр давхар модон байшинд хорьж байгаа гэж мэдээлжээ. Гэхдээ энэхүү мэдээллийг үнэн зөв болохыг батлахад нэлээдгүй хугацаа зарцуулах болно гэж цагдаагийн газраас мэдээлсэн байна. Өнгөрсөн сард охидын байршил болон үнэн зөв мэдээлэл өгсөн хүнд 300 мянган ам.доллар өгөхөө Засгийн газрын хэвлэлийн албанаас мэдэгдсэн.

 

Энэ сарын эхээр тус улсад болсон Ерөнхийлөгчийн сонгуулиар ялалт байгуулсан Мухаммеду Бухари охидыг олохын тулд цэргийн ажиллагаа явуулахаа мэдэгдэж, өчигдөр болсон жагсаалд оролцож үг хэлжээ. Тэрбээр “Би “Боко Харам” бүлэглэлд хэзээ ч ялагдахгүй. Нигерийн охидыг заавал аврах болно” гэсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин