Жеймс Бонд элч боллоо
2015-04-15

“Жеймс Бонд 007” киноны од, Британийн нэрт жүжигчин Даниэль Крейг НҮБ-ын элчээр сонгогдсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн өчигдөр Нью Йорк хотноо байрлах оффистоо жүжигчинг хүлээн авч, тусгай элчийн батламжийг гардуулан өгсөн байна.

 

Бан Ги Мүн “Урлагийг бид зөвөөр ашиглаж чадвал олон хүнийг баяр баясгаланд хүргэж чадна. “Жеймс Бонд” киногоор олон хүнд танигдсан жүжигчин Даниэль Крейгтэй хамтран ажиллах гэрээ байгуулсандаа таатай байна. Таныг гайхалтай элч болж чадна гэдэгт итгэлтэй байна” гэж хэлжээ.

 

Даниэль Крейг дээрх мэдэгдлийн дараа “Үнэхээр баяртай байна. Энэ өдрийг хэзээ ч мартахгүй. Би өмнө нь ямар шалгуураар уран бүтээлч элч болдог юм болоо гэж боддог байлаа. Харин би өөрөө элчээр сонгогдоод, НҮБ-ын тэргүүний дэргэд зогсч байна гэж зүүдэлсэнгүй” гэсэн байна. Тэрбээр элчийн хувиар иргэний дайн болон хэт даврагчдаас болж орон гэргүй болсон хүмүүст туслалцаа үзүүлэхээс гадна, тус бүс нутгуудад очиж, нөхцөл байдалтай биечлэн танилцах юм.

 

Жүжигчин эр уулзалтын төгсгөлд “Би Иракт очихыг хүсч байна” гэж жиргэжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин