Түмэнцогтод гарсан түймрийн улмаас 16 айл гэргүй болжээ
2015-04-15

Хэнтий аймгийн Баян-Овоо сумын нутагт энэ сарын 13-ны өдөр гарсан хээрийн түймэр Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд тархсныг онцгой байдлын албан хаагчид, нутгийн иргэд хамжилцан өнгөрөгч шөнө унтраасан байна. Энэ түймрийн улмаас Хэнтий аймаг хоёр, Сүхбаатар аймагт 16 айлын гэр шатаж, иргэд орох оронгүй болоод байгаа аж.  

 

Онцгой байдлын ерөнхий газраас дөнгөж сая нөхцөл байдлыг мэдээллээ. Улсын онцгой комиссын дарга, Монгол Улсын шадар сайд Улсын онцгой комиссыг хуралдуулж, үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан тодорхой үүрэг даалгаврыг өгч ажиллаж байна гэж ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, онцгой байдлын хурандаа С.Залуухүү мэдээллээ.

 

Тэрбээр “Хэнтий аймгийн Баян-Овоо сумаас Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд орж ирсэн түймрийг бүрэн унтраагаад байна. Урд орой 17:00 цагийн орчимд нөхцөл байдал хүндэрч салхины хурд 18 м/сек-25 м/сек хүрч, чиглэл өөрчлөгдсөн нь түймрийг унтраахад маш их хүндрэл учруулсан. Салхины чиг өөрчлөгдөж түймэр Түмэнцогт сумын төвд 1 км орчмын зайд ойртож ирсэн. Иймээс Шадар сайд эхний ээлжинд сумыг гал түймрийн  аюулаас гарга гэсэн чиглэл өгсний дагуу ажилласан. Энэ үүргийн дагуу зүүн гурван аймагт байрлан ажиллаж буй манай алба хаагчдаас гадна Говьсүмбэр, Дорноговь аймаг болон нийслэлийн Багануур дүүргийн онцгой байдлын газар, хэлтсийн албан хаагчид, нутгийн иргэд шуухай ажиллаж түймрийг унтрааж, голомтыг дарсан. Одоогоор түймрийн улмаас ард иргэдэд болон байгаль экологид учирсан хохирлын хэмжээ тогтоогдох боломжгүй. Сумын Засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулж үүнийг гаргана” гэж ярилаа.

 

Аз болоход түймрийн улмаас хүний амь насанд хохирол учраагүй байна. Түйрмийг унтраахад хүн хүч хүрэлцээтэй, техник хэрэгсэл хангалттай байгаа ч байгаль цаг уурын нөлөөллөөс саад учирч буйг албаныхан онцолж байв.

Аз болоход түймрийн улмаас хүний амь насанд хохирол учраагүй байна. Түйрмийг унтраахад хүн хүч хүрэлцээтэй, техник хэрэгсэл хангалттай байгаа ч байгаль цаг уурын нөлөөллөөс саад учирч буйг албаныхан онцолж байв.

 

Монгол Улсын шадар сайд түймрийн улмаас орон гэргүй болсон Хэнтий аймгийн 2, Сүхбаатарын  16 айлд улсын нөөц сангаас гэр олгохоор шийдвэрлэсэн, гэрийг өнөөдөр ачуулна. Тэдгээр айлын иргэдийн амь насыг түймрийн голомтод ажиллаж байсан онцгой байдлын албан хаагчдын тусламжтайгаар аварсан гэж Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга, онцгой  байдлын хурандаа М.Энх-Амар мэдээлсэн.

 

Мөн нөхцөл байдалтай уялдуулан Улсын онцгой комисс, БОНХАЖЯ, Сангий яам, ОБЕГ, ЦЕГ, МХЕГ зэрэг байгууллагын тодорхой шийдвэр гаргах албан тушаалтнуудыг оролцуулсан шуурхай ажлын хэсэг гаргахаар шийдвэрлэжээ.  

 

Түймрийн шалтгааныг тодруулахаар ажиллаж байна

 

Мөн Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд гарсан түймрийг унтраахаар тус сумаас Улаанбаатар хотод амьдардаг залуус явахаар Онцгой байдлын ерөнхий газартай холбогдсон тухай олон нийтийн цахим сүлжээгээр мэдээлэгдсэн. Энэ тухай ОБЕГ-ын гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа С.Залуухүү “Залуучууд ийнхүү санаачлага гаргаж буй нь сайшаалтай ч сэтгэлийн хөөрлөөр, болгоомжгүй хандснаас өөрсдийн амь насандаа эрсдэл учруулах магадлалтай. Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын харьяат ард иргэд холбогдсон. Бидний зүгээс мэргэжилтэн томилж цуг явуулсан” гэлээ.

 

Харин зарим мэдээллийн хэрэгслээр зөвхөн тус сумын ард иргэд түймрийг унтраахаар ажиллаж буй мэт ташаа мэдээлэл цацагдсныг залруулахыг хүссэн юм.

Энэ түймрийн шалтгааныг цагдаагийн байгууллагаас тодруулж, тогтоохоор ажиллаж буй юм байна. Гэхдээ тухайн нутаг дэвсгэрт түймэр гарах байгаль цаг агаарын ямар нэгэн сөрөг нөлөөлөл гараагүй учир хүний буруутай үйл ажиллагаанаас болсон магадлалтай аж.

 

Ой, хээрийг түймэр ихэнх тохиолдолд хүний буруутай үйл ажиллагаанаас болж гардаг гэнэ. Иргэд машин, техникээс оч үсрэх, ил задгай үнс нурам асгах, татсан тамхины ишээ унтраалгүй хаях зэргээс болж түймэр гарч, байгаль дэлхий, хүн ард, улс оронд хохирол учруулж байна. Таны унтраалгүй орхисон тамхины ишний өчүүхэн оч, бусдад ямар их хор, хохирол учруулж  болохыг бодож, гал түймрийн аюулаас сэрэмжилье.

 

Улсын хэмжээнд 2015 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн байдлаар 13 аймгийн 39 суманд 71 удаагийн ой хээрийн түймэр гарч 213 га ой, 225.273 га ой, хээрийн бүс шатжээ. Энэ хугацаанд гарсан 71 түймрийн 35 буюу тал хувь нь Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймагт гарсан байна. Дорнодод 17, Хэнтийд 8, Сүхбаатарт 10 удаа ой хээрийн түймэр гарчээ.

 

Түймрийг унтраахад онцгой байдлын албанаас 827 албан хаагч, 78 автомашин, Хилийн цэргээс 236 албан хаагч, 14 автомашин, Цагдаагийн байгууллагаас 12 албан хаагч, орон нутгаас 1979 иргэн, 234 автомашин, 47 мотоцикль нийт 3054 хүн, 326 автомашин, 47 мотоцикльтойгоор дайчлагдан ажиллажээ. Түүнчлэн ОХУ-аас манай улсын хилийг давж гурван удаа хээрийн түймэр орж иржээ.

 

Ойн хээрийн түймрийн нөхцөл байдлыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад түймрийн тоо 1.3 хувь өссөн үзүүлэлттэй байгаа аж

 

Б.Хүлэг

 

 

.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Chadax yadaxaaraa zutgej baigaa albani xumuust bayarlalaa.
2015-04-15