Баруун бүсийн сургалт боллоо
2015-04-17

ЭМСЯ-ны харъяа Биеийн тамир, спортын хөгжлийн төв баруун бүсийн аймгуудын дунд “Нийтийн биеийн тамир спортод хүн амын оролцооог эрчимжүүлэх нь” сэдэвт хоёр өдрийн уулзалт, сургалтын арга хэмжээг зохион байгууллаа. Говь-Алтай аймгийн төв, Алтай хотноо болсон эл арга хэмжээнд Увс, Баян-Өлгий, Завхан, Ховд,  Говь-Алтай аймгуудын Биеийн тамир, спортын газрын аргазүйч, дасгажлуулагч, мэргэжилтнүүд  хамрагдав.

 

Уулзалт, сургалтын эхний өдөр баруун бүсийн Биеийн тамир, спортын газрын төлөөлөгчид нөхөрсөг өдөрлөгийг зохион байгууллаа. Өдөрлөгийн эхэнд Говь-Алтай аймгийн “Өглөөний одод” иргэдийн нэгдэл бүсийн сургалтад хамрагдаж буй аймгуудын төлөөлөл болон БТСХТ-ын мэргэжилтнүүдэд өөрсдийн өдөр тутмын идэвхтэй хөдөлгөөн, спортын арга хэмжээг сонирхуулав.

 

Тус иргэдийн нэгдэл анх 2008 онд үүсч, өдгөө хамрагдагсдын тоо 300 хол даваад байна. Энд найман настай балчираас наян настай буурал хүртэлх бүхий л насны нийгмийн төлөөллүүд идэвхтэй хөдөлгөөнийг эрхэмлэх уриан дор нэгдэж чаджээ. Энэ бол нэг талаас төрөөс нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх чиглэлд явуулж буй бодлогын үр дүн. Нөгөө талаас иргэд өөрсдийн эрүүл мэнддээ анхаардаг болсны том илэрхийлэл гэдгийг Говь-Алтай аймгийн Биеийн тамир , спортын газрын дарга Г.Гансүх хэлж байна. Мөн тэрээр, “Алтайнхан зав л гарвал спорт заалаа зоридог болчихсон шүү. Завгүй гэж хэн ч хойш суухгүй. Манай энд ажил 09:00 цагаас эхэлдэг учраас бид 07:00 цагаас цуглаад нэг цаг хичээллэдэг” гэв.

 

Ерөнхийлөгчийн 2010 онд гаргасан зарилгын дагуу Бүх нийтийн биеийн хөгжил, чийрэгжилтийн түвшин тогтоох сорилыг жил бүр БТСХТ-өөс зохион байгуулсаар өнөөдрийг хүрсэн. Өнгөрсөн онд улсын хэмжээнд энэ сорилд нийт хүн амын 10 гаруй хувь хамрагдсан ба тэдний 30 хувь нь хөдөлгөөний хомсдолтой буюу халдварт бус өвчний эрсдэлд өртөмтгий бүлэгт багтсан байгаа юм. Энэ жил тус сорилд хамрагдах хүн амын тоог 20 хувьд хүргэх зорилт тавиад байна. Өнгөрсөн жилүүдийн дүн мэдээг харьцуулж үзэхэд иргэдийн идэвхтэй хөдөлгөөнийг эрхэмлэж, эрүүл мэнддээ анхаарах хандлага нэмэгдэж байгаа ч хангалттай хэмжээнд хүрч чадахгүй байна. Харин Говь-Алтайчууд энэ хандлагыг өөрчилж, улсын хэмжээнд жишиг болох хөдөлгөөнийг нэгэнт өрнүүлээд уджээ. Энд аймгийн Биеийн тамир, спортын газраас дэмжлэг үзүүлж, орчин нөхцөл, спортоор хичээллэхэд шаардлагатай хэрэглэгдэхүүнээр бүрэн хангаж байгаа  аж.

 

Говь-Алтай аймагт цаашдаа охид эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийтийн биеийн тамир, спортоор хичээллэх боломж бололцоог нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага байна.

 

ЭМСЯ-ны Биеийн тамир, спортын хөгжлийн төв удаах уулзалт сургалтыг Сэлэнгэ аймагт энэ сарын 20-21-ний хооронд хоёр өдөр хийхээр төлөвлөөд байна хэмээн ЭМСЯ-ны хэвлэлийн төлөөлөгч мэдээлэв.

 

Shuud.mn
Сонин хачин