Ц.Цэдэндорж: Ноён ууланд нинжа нар очоогүй
2015-04-17

Ноён уулыг стратегийн ордод оруулсныг эсэргүүцсэн иргэний хөдөлгөөн, олон нийтийн шуугиан багагүй хугацаанд намжив. Босоо хө Монгол бүлгэм, Ноён уулаа аваръя хөдөлгөөнөөс өлсгөлөн зарлаж, олон мянган иргэдийн гарын үсэгтэй хүсэлт, шаардлагыг Засгийн газарт хүргүүлсэн билээ. Өнгөрсөн сард Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд энэ талаарх хэлэлцүүлгийг талуудын дунд хийсэн ч тодорхой үр дүн, шийдэлд хүрч чадаагүйг иргэний хөдөлгөөнийхөн мэдэгдэж байсан.

 

Харин өнөөдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын залуусын төлөөлөл, нутгийн иргэд хамтран одоогийн байдлаар тус аймагт юу болж буй, өнгөрсөн хугацаанд Ноён уулын талаарх мэдээ, мэдээлэл хэр бодитой байсан тухай мэдээллийг өглөө. Мандал сумын залуус “Эко Мандал” гэх клуб байгуулан Ноён уулын тусгай хамгаалалтад авах, ЮНЕСКО-д бүртгүүлэхээр сэтгэл, зүрх нэгдээд байгаа гэнэ. Түүнчлэн тэд сумын иргэдийн дунд тандалт судалгааг хийхэд судалгаанд хамрагдсан иргэдийн 83 хувь нь Ноён уулыг ухуулахыг эсэргүүцэж, хэвээр нь авч үлдэхийг хүсчээ. Мөн сумын багууд ИТХ-аа хуралдуулж Ноён уулыг хамгаалалтад авах тогтоол гаргаж эхэлжээ. Гэвч ард иргэд, хурлын үйл ажиллагаанд дарамт шахалт ирсээр байгааг залуус хэлж байв. Нутгийнхаа уул усыг хамгаалж олон жилийн турш тэмцэж яваа Мандал сумын уугуул,” Түнхэлийн хөгжил” ТББ-ын тэргүүн Ц.Цэдэндоржтой цөөн хором ярилцлаа.

 

-Танай нутагт одоогоор нөхцөл байдал ямар байна. Ноён ууланд нинжа нар орж алтыг нь ухаж эхлэхэд ойрхон байгаа мэдээлэл гарсан?

 

-Нинжа нар ирсэн гэсэн асуудал байхгүй. Одоохондоо Сентерра гоулд, Бороо гоулдын хамгаалалтад байгаа учраас ямар ч гадны хүн орох нөхцөл байхгүй. Хамгаалалтын хүчийг сулруулж бодлогын чанартай оруулах гэсэн асуудал байхыг үгүйсгэхгүй.

 

-Та газар дээр нь очиж үзэв үү?

 

-Өчигдөрхөн тойроод яваад ирсэн. Хамгаалалт хэвээр байна лээ. Дотор нь орж чадсангүй. Өөр нэг зүйл онцлоход Түнхэл тосгоны захирагч Раднаабазар гэж хүн бий. Мандал сумаас газрын албаны Бямбасүрэн бидний хэсэг нөхөд 2008 онд Ноён уулыг орон нутгийн тусгай хамгаалалттай газар болгох гэж явсан юм. Оруулж чадсан. Харин тусгай хамгаалалтаас хэзээ, яаж гаргачихсаныг олж тайлж чадахгүй явна.

 

-Ерөнхий сайд Гацууртын ордыг ашиглана. Ноён уулыг хөндөхгүй гэж мэдэгдсэн?

 

-Гацууртын ордны шороон овоолготой шороог тэгшилж байгаад доороос нь ухна гээд бэлдэх хугацаанд Хараа гол ямар их зовлон зүдгүүр үзэв ээ. Хүн мал нь дээгүүр нь хамуу гарчихсан, загас жараахай нь үхчихдэг болсон, 2010 онд. Түүнийг хөөцөлдөж явж зогсоосон. Өөрөөр хэлбэл, Гацууртын ордыг Урт нэртэй хуульд хамааруулсны хүчинд. Түүнээс хойш дөрөв, таван жилийн хугацаанд хүнцэл нь гайгүй болчихдог юм байна. Одоо эргээд газрын гүн рүү 200-300 метр ухаад эхэлбэл хүнцэл гарч ирж, жинхэнэ бактерлогийн зэсвэг болох вий дээ.

Хүнцэл бол алтныхаа хүдэрт агуулагдаж байдаг. Монгол Улсын стандартаас 5000 дахин их гэж байгаа. Ийм хэмжээний хүнцэл агаартай исэлдээд урвалд орох юм бол хэдхэн км-т байгаа Түнхэл тосгонд ямар их сүйрэл авчрахыг хэлж мэдэхгүй. Мэргэжилтнүүдийн хэлснээр бол эхний жилдээ хорт хавдартай болно гэсэн ойлголттой байна.

 

-Нутгийн иргэд ямар байр суурьтай байна вэ?

 

-Мэдээж ухуулахгүй талдаа. Гэхдээ тэднийг янз бүрээр сэтгэлзүйн хувьд нөлөөлж, өөрчлөлт оруулдаг хэсэг хүмүүс байна.

 

-Яаж?

 

-Бороо гоулд сэтгүүл үнэгүй тараана, зарим нь төсөл хэрэгжүүлээд мөнгө төгрөг ахиухан өгнө. Янз бүрийн зүйл өгсөн байдаг юм билээ. Хамгийн гол нь эцсийн үр дүнд аюулгүй орчин, агаар ус, экэологийн тэнцвэр. Тэр газрыг ухсанаар Хараа голыг дагаад Байгаль нуурт хүнцэлээр бохирдсон гол цутгахад зөвхөн Монголын асуудал биш. Цаашид хоёр улсын хэмжээнд яригдах асуудал болно. Цэвэр цэнгэг усны нөөц байхгүй болно гэсэн үг.

 

Эх сурвалж: polit.mn

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
НОЁН УУЛЫГ УХАХ ГЭЖ БАЙГАА ГАДААДЫН НОВШНУУД ХУДЛАА ЦУУ ТАРААЖ БАЙГАА ЮМ.
2015-04-18