”Би монгол хүний саруул ухаанд итгэдэг”
2015-04-20

Ардчилсан хөдөлгөөний удирдагч, төр нийгмийн нэрт зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зориг агсны төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. 

 

 

 Тэрбээр сэрүүн тунгалаг байсан бол 53 нас хүрэх байжээ. Ид хийж бүтээдэг, мэдлэг, туршлага нь жагссан сайхан нас. Магадгүй С.Зориг агсан сэрүүн тунгалаг байгаад улс орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө үнэн үгээ хэлж байсан бол бид “Монгол хүний саруул ухаан”-аар ирээдүй өөд урагшлах байсан биз ээ.

 

Иймд жил бүрийн дөрөвдүгээр сарын 20-нд С.Зориг агсны төрсөн өдрийг хүндэтгэн  дурсгалын хөшөөнд нь ар гэрийнхэн, ах дүү, хамаатан садан болон түүнтэй хамт цагаан морин жилийн хувьсгалыг эхлүүлж явсан Ардчилсан намын удирдлагууд цэцэг өргөн, хүндэтгэлийн ёслол үйлддэг уламжлал тогтоод удаж байна.

 

Санжаасүрэнгийн Зориг 1989 онд ардчилсан хувьсгалд оролцож, Сүхбаатарын талбай дээр үгээ хэлж, монголчуудаа өөрчлөлт шинэчлэлд уриалж байв. 1990 оны гуравдугаар сард ардчилагчдын хүчин зүтгэлээр эрх баригч МАХН-ын Төв хороо бүрэлдэхүүнээрээ огцорч, Монголын түүхэнд шинэ үе эхэлсэн билээ. 1990 оны зургадугаар сард явагдсан Монголын анхны чөлөөт ардчилсан сонгуулиар С.Зориг нар Улсын Бага хуралд сонгогдсон бөгөөд 1992, 1996 онд УИХ-д сонгогдож, Ардчилсан холбоо эвслийн хоёр дахь засгийн газар болох Ц.Элбэгдоржийн засгийн газарт Дэд бүтцийн сайдын албыг хашиж байлаа.

 

Харин 1998 оны зургадугаар сард банкны хямралыг гэтлэхийн тулд улсын өмчийн “Сэргээн босголт” банкийг хувийн “Голомт” банктай нэгтгэх шийдвэр гаргасан хэмээн сөрөг хүчнийхэн Засгийн газрыг огцруулах саналыг УИХ-д оруулж, Ц.Элбэгдоржийн Засгийн газар огцорлоо. Дараагийн Ерөнхий сайдаар томилуулахаар эрх баригч Ардчилсан холбоо эвслээс нэр дэвшүүлсэн хүмүүсийг Ерөнхийлөгч Н.Багабанди тухай бүрт нь янз бүрийн шалтгаанаар буцаасаар УИХ хуульд заасан хугацаанд Ерөнхий сайдыг томилж чадаагүй юм. Ийнхүү бүтэн дөрвөн сарын турш Ц.Элбэгдоржийн Засгийн газар үүрэг гүйцэтгэгч гэсэн тодотголтойгоор ажиллаж байх тэр л үед С.Зоригийг гэрт нь олон удаа хутгалж амь насыг нь бүрэлгэсэн юм. Гурав хоногийн дараа түүнтэй салах ёс гүйцэтгэхээр 30 мянган хүн цуглаж, бүх нийтийн гашуудал зарлаж байлаа.

 

Түүнийг эрх баригч эвслийнхэн Ерөнхий сайдад нэрийг нь дэвшүүлэхээр Ерөнхийлөгчтэй зөвшилцөж байсан гэх яриа ч бий. Ямартай ч Монголын ард түмэн энэ хэргийг улс төрийн аллага байсан гэдэгт итгэлтэй байдаг. С.Зоригийн аллагатай холбогдуулж олон хүнийг сэжигтнээр татаж байсан боловч хэргийн учиг тайлагдалгүй өдийг хүрсэн билээ.

 

 

Одоо бүх зүйлийг улстөржүүлдэг  өдрүүд эхэлж байна. Гэхдээ С.Зориг агсныг дурсах нь сонгуулийн шоу биш юм.

 

Өнөөдөр түүний төрсөн өдөр. Ардчилсан хувьсгалыг эхлүүлсэн удирдагчийг дурсах өдөр. Монголын ард түмэн ардчилал, өөрчлөлт шинэчлэлийн үр шимийг хүртэж яваагийн хувьд С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөх төдийхнөөр дурсаад өнгөрч болохгүй билээ. Харин С.Зориг нарын тэмцэж зүтгэж авчирсан ардчилсан нийгмийг төгөлдөржүүлэх учиртай. Иргэн нь шударга, хариуцлагатай байж, цагдаа нь цагдаагийнхаа ажлыг, УИХ-ын гишүүн нь хууль тогтоох үүргээ сайн гүйцэтгэж гэмээнэ Төрийн ордон руу санаашран харах С.Зориг агсан тэр л дүрээрээ нууцлаг инээмсэглэн зогсох биш үү.

 

Ингэж л байж бид түүний хэлсэнчлэн “Би монгол хүний саруул ухаанд итгэдэг” гэх үгийн үнэ цэнийг ойлгох болно.

 


Харин энэ өдөр уламжлал ёсоор гэр бүл, найз нөхөд, хамтран зүтгэгчид нь болон Зориг сангийнхан түүний дурсгалыг хүндэтгэж хөшөөнд нь цэцэг өргөлөө. Цэцэг өргөх ёслолд Иргэний зориг Ногоон намын дарга Ц.Ганхуяг, С.Дэмбэрэл, С.Оюун, тус намын  ЕНБД Б.Хүдэр-Ян,  УИХ-ын гишүүн М.Зоригт, АН-ын АН-ын генсекийн үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр нар болон бусад намын гишүүд дэмжигчид оролцлоо.

 

 

Цэцэг өргөх ёслолын дараа түүний дүү С.Оюун сэтгүүлчдийн асуултад хариулахдаа “Миний ах амьд сэрүүн байсан бол өнөөдөр 53 нас хүрч байх байлаа. Ардчиллын 25 жилийн хугацаанд үлдсэн хамгийн том хар толбо нь энэ хэрэг байдаг. Одоо хүртэл илрээгүй  байгаа нь харамсалтай. Илрээгүй ч гэсэн илрээсэй л гэж дотроо залбирч явдаг даа. Энэ хэргийн талаар өнөөдөр надаас биш хууль хяналтынхан цагдаа, шүүх, прокуророос асуух ёстой гэж бодож байгаа. Тэд маань ерөөсөө дуугардаггүй. Монгол хүн бүрийн сэтгэлд ахын маань хэлсэн “Би Монгол хүний саруул ухаанд итгэдэг” гэдэг үг байдаг. Хүн бүр саруул ухаантай улсынхаа төлөө хамтран ажиллаад нэг нэгнийгээ ойлгоод урагшлах нь чухал. Маш хэцүү, хоёр талд мөргөлдөхөөс буцахааргүй болчихсон тэр үед ч гэсэн саруул ухаантай юм чинь ямар нэгэн байдлаар ойлголцож цус урсгахгүйгээр зөвшилцлийн аргаар явах ёстой гэдэг зарчмыг маш хатуу баримталж байсан юм байна лээ. Тэр зарчим өнөөдөр ч гэсэн маш чухал гэж бодож байна” гэж хариулсан юм.

                                                                                                           

Б.Эрдэнэцэцэг: Хэрэг нь илэрнэ гэдэгт үргэлж итгэдэг

Баянгол дүүргийн иргэн

Би Иргэний зориг Ногоон намын анхны гишүүн. Энэ хүний орон зай өнөөдөр их үгүйлэгдэж байна. Манай хуул хяналтын байгууллагынхан хэргийн үнэн мөнийг тогтоогоод ард түмэндээ зарлана гэдэгт итгэж явдаг. Эгч нь С.Зориг агсны хэрэг илэрнэ гэдэгт үргэлж итгэдэг хүмүүсийн нэг.

 

 

Б.Хүдэр-Ян:

Иргэний зориг Ногоон намын ЕНБД

Өнөөдөр Ардчилалын алтан хараацайнуудын нэг С.Зориг агсны төрсөн өдөр. Манай нам жил бүрийн энэ өдөр түүний хөшөөнд цэцэг өргөдөг уламжлалтай. Энэ өдрийг бид зүгээр цэцэг өнгөрөх биш, С.Зориг агсны эрхэмлэж байсан, эрх ашгийн эрэмбэ дараа гэдгийг олон нийт, улс төрийн намуудад уриалга болгож гаргах хүсэлтэй байгаа. Яагаад гэвэл, өнөөдөр манай улсад эрх ашгийн эрэмбэ дараалал алдагдсан учир улс төр,  эдийн засгийн хямрал үүсээд байгаа юм. Улс төр,  эдийн засгийн хямралаас гарахын тулд эрх мэдэлтэн албан тушаалтнууд маань эрх ашгийг нягт барьж ажиллах ёстой юм. Өөрөөр хэлбэл, хамгийн түрүүнд улс орны эрх ашгийг харъя. Дараа нь нам бүлгийг эрх ашгийг, сүүлд нь хувийн эрх ашгийг харъя гэсэн байр суурьтай байна.

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Цагдаагийн газар Мөрдөн байцаах ажиллагаан болоод бусад байцаалт тагнах ажилд нь төр саад болж хорих ёсгүй.Ингэх нь шударга ёсыг зөрчиж үндсэн хууль зөрчиж ардчилалыг доромжилж байна.Монголчууд бидний дунд Монголыг хөгжүүлэхгүй байх хэсэг хүмүүсүүд байна.Энх цагт ийм явдал болно гэдэг аюулын дохио шүү дээ.Шүүх цагдаа шударга ажиллахгүй бол шүүх цагдаагийн хэрэг алга
2015-04-21
Зочин:
ХЭЦУУ ЮМ АА
2015-04-20