Хятад сэтгүүлч ял авчээ
2015-04-20

Хятадын Дээд шүүх гадаадын веб хуудаст улсын нууцын зэрэглэлтэй материал нийтэлсэн, задруулсан хэмээн 71 настай сэтгүүлч Гао Ю гэгчийг долоон жилийн хорих ялаар шийтгэсэн тухай “CNN” агентлаг мэдээллээ. Шүүхээс сэтгүүлчийг гадаадын иргэдэд мэдээлэл өгч, эх орноосоо урвасан хэмээн мэдэгдсэн байна. Хятад улсад хамааралтай бичиг баримтыг сэтгүүлчийн хувийн и-мэйл болон гэрийнх нь компютерээс олжээ.  Эдгээр баримт дунд “Баримт 9” гэгдэх материалд коммунист намын нууц материалууд багтсан гэв. Бээжингийн цагдаа нар сэтгүүлчийн гэр болон ажлын өрөөнөөс залуу үеийг ардчилсан, шударга нийгмийн төлөө тэмцэхийг уриалсан ухуулга хуудсуудыг хураан авч, галдан шатаажээ. Сэтгүүлчийг баривчлагдсны дараа “Эмнести Интернэшнл” Хятадын удирдлагуудыг буруутгаж “Сэтгүүлзүйг боож, хаасан явдал” гэж мэдэгджээ.

 

Гао “Би улсаасаа урваагүй. Зөвхөн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлсэн” гэж мэдэгдсэн байна.  Түүний өмгөөлөгч Шанг Боажун “Шүүхийн шийдвэрт сэтгэл дундуур байна. Бид давж заалдах болно” гэж хэлжээ.

 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин