Уртын дуучин Д.Жавхаасайхан алдарт уяач болжээ
2015-04-20

Уртын дуучин МУСТА Д.Жавхаасайхан аймгийн алдарт уяач болсон гэж өөрийн цахим хуудаснаа бичжээ.

 

Гэвч энэ нь түүний "хошигнол" байсан гэнэ.

 

Энэ талаар цахим хуудаснаа бичихдээ "Залруулга хийе. Алдарт уяач болоогүй шүү. Найзынхаа малгайг өмсөөд зургаа авахуулсан юм" хэмээн бичсэн байна. 

 

Харин түүний цахим найзууд түүний хошигнолыг бодитоор хүлээн авч, баяр хүргэсээр байна.

 

Дашрамд дуулгахад, тэрбээр Өвөрхангай аймгийн уугуул нэгэн бөгөөд бага залуу байхаасаа эхлэн морь уяж эхэлжээ.

 

Энэ тухай тэрбээр нэгэн хэвлэлд "Манай удамд аймгийн Алдарт уяач хар Цэрэндорж гэж уяач байлаа. Манай Өвөрхангайнхан андахгүй дээ. Энэ ахаасаа их юм сурсан. Одоо ахын маань хүүхдүүд бүгдээрээ морь уяж байна. Ер нь тэгээд Монгол эр хүн бүрийн сэтгэл зүрхэнд морь илүү ойр байдаг юм шиг байгаа юм. Хүүхэд байхын л морины хорхойтой нөхөр явлаа. Одоо бодохнээ бас л “том эр” байсан шиг байгаа юм. Сайхан морийг үнэлж их авна. 1997,1998 онд 9 адуугаар морь авч унаж явлаа. Ер нь сайхан мориор зөндөө гоёсон л гэж боддог. Морь уяагүй наадамд очихоор нэг л сонирхолгүй байдаг юм. Өөрөө уяад очиход цаанаа урамтай.  Хавар морины анхны хөдөлгөөнүүд эхлэхтэй зэрэгцээд л явах тухай бодож эхэлдэг. За тэгээд морь чинь түрүүлж, айрагдаж байна гэж дуулбал нойр хүрэхээ байчихдаг" хэмээн ярьж байжээ.

 

Мөн тэрбээр эхнэртээ Төв аймгийн Мөнгөнморьтоос хонгор морь зүсний морь худалдан авчээ. Уг хонгор морь нь 2012 оны Өвөрхангай аймгийн Хужиртад болсон хангайн бүсийн шилмэл морьдын уралдаанд 200-гаад мориноос айргийн таваар ирсэн гэдэг. 

 

Ямартаа ч, уртын дуучдаа Алдарт уяач болохыг хүсэн ерөөе

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин