”Залуу нас” сонин худалдаанд гарна
2015-04-21

Төрийн шагналт яруу найрагч Ринчиний Чойномын өвийг хамгаалах “ӨД” сангийн дэргэдэх “ТАМГА” уран бүтээлийн нэгдлээс санаачлан утга зохиолд шимтэн дурлагч, эхлэн бичигч, хэн бүхэнд нээлттэй Р.Чойномын нэрэмжит “ЗАЛУУ НАС” утга зохиолын дугуйланг долоо хоног бүрийн баасан гаригт хичээллүүлж байхаар болжээ. 

 

“ЗАЛУУ НАС” утга зохиолын дугуйланг хичээлүүлснээр шинэ залуу уран бүтээлчид өөр хоорондоо шүлэг бүтээлээ унших, харилцан нэгнээсээ суралцах, өнөө цагийн утга зохиолын сор болсон ахмад, дунд үеийн уран бүтээлчидтэй уулзах, тэднээс суралцах зэрэгт “ЗАЛУУ НАС” дугуйлан гүүр болон ажиллах аж.

 

Р.Чойномын “ӨД” сангаас залуу уран бүтээлчдийнхээ зохиол бүтээлийг олон нийтэд сурталчлах, утга зохиолын шинэ содон мэдээ мэдээллээр хангаж байхуйц долоо хоног тутмын “ЗАЛУУ НАС” сонинг гаргахаар болсон байна.

 

“ЗАЛУУ НАС” утга зохиолын сонин нь залуу уран бүтээлчдийн үзэл бодол, авьяас билгийг нээх ЧӨЛӨӨТ ИНДЭР юм. Тиймээс “ЗАЛУУ НАС” сонинтой “ЗАЛУУ НАС” утга зохиолын дугуйлан Р.Чойномын цагаадсан өдөр буюу энэ оны дөрөвдүгээр сарын 26-ны өдөр Монголын хүүхдийн номын өргөөнөө албан ёсоор нээлтээ хийх ажээ.

Уг үйл ажиллагааг Төрийн шагналт Р.Чойномын өвийг хамгаалах “ӨД” сангийн дэргэдэх 
“ТАМГА” уран бүтээлийн нэгдэл зохион байгуулж байгаа юм байна.

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин
Минж:
88842471 дугаараас дэлгэрэнгүй мэдээллийг аваарай
2015-04-21
Уншигч:
Дугуйлан нь хэдэн цагаас болох вэ, бас сонинг нь яаж захиалах вэ
2015-04-21