А.Бакей гишүүн тойрогтоо ажиллав
2015-04-21

УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей энэ сарын 19, 20-ны өдрүүдэд Баян-Өлгий аймагт ажиллажээ. Энэ үеэр Өлгий хотын ерөнхий боловсролын сургуулиудын төгсөх ангийн сурагчидтай уулзаж, Баян-Өлгий аймгийн боловсролын салбарын тулгамдсан асуудлууд, цаашид авах арга хэмжээнүүдийн талаар мэдээлэл өгсөн байна.

 

Мөн дээрх асуудлаар санал солилцож, мэргэжил сонголт, чанартай боловсрол эзэмших талаар зөвлөгөө өгсөн байна. Уулзалтанд Өлгий хотын бүх ерөнхий боловсролын сургуулийн бүх төгсөх ангийн сурагчид оролцжээ.

 

УИХ-ын гишүүн А.Бакей  Өлгий хотноо зохиогдож буй жүдо бөхийн Баруун бүсийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээ болон шигшээ барилдааны нээлтэнд Монголын жүдо бөхийн холбооны гүйцэтгэх захирал М.Бөхбатын хамт оролцсон байна. Тэмцээнийг нээж хэлсэн үгэндээ “Цаашдаа жүдо бөхийн спортыг Монгол улсад хөгжүүлэхэд дэмжиж ажиллана гэдгээ илэрхийлж, тэмцээнд оролцохоор баруун аймгуудаас хүрэлцэн ирсэн 250 гаруй жүдочиддоо амжилт хүсчээ.

 

Дашрамд дуулгахад, Баян-Өлгий аймгийн Засаг дарга Х.Дармений санаачилгаар аймгийн ЗДТГ, аймгийн Биеийн тамир спортын газар Монголын жүдо бөхийн холбоотой хамтран зохион байгуулж буй жүдо бөхийн Баруун бүсийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр гурав дахь өдрөө үргэлжилж байгаа ба бүх жингийн аваргууд тодрох ажээ.

 

П.Наран

Shuud.mn
Сонин хачин