Худалдааны хуулийг хэлэлцэнэ
2015-04-21

Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн  хуралдаанаар Худалдааны тухай хуулийн хоёр төслийг хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлэлээ. Эхний хэлэлцсэн Худалдааны тухай хуулийн төслийг Засгийн газар өргөн мэдүүлсэн юм байна. Хуулийн төслийн талаар Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат танилцуулсан юм.

 

Худалдааны салбар үйлдвэрлэгч хэрэглэгчийг холбож байдаг эдийн засгийн чухал салбарын нэг бөгөөд тус салбар 2013 оны байдлаар ДНБ-ий 17.4 хувийг бүрдүүлж, энэ салбарт 152 мянган хүн ажиллаж байна.

 

Хүн амын хэрэгцээний 70 орчим хувь, түлш, шатахуун 100 хувь импортоор хангагддаг, экспортын орлогын 90 орчим хувь уул уурхайн цөөн нэр төрлийн түүхий эдийн экспортод тулгуурласан эдийн засгийн эмзэг, өрөөсгөл бүтцийг бий болгож буй аж.Монгол Улсын олон улсын гэрээ, Дэлхийн худалдааны байгууллагын хэлэлцээрүүдийн зарчим, дүрэм, журамд нийцүүлэн гадаад орнуудтай харилцан ашигтай худалдаа хийх, үндэсний эдийн засгаа хамгаалах, худалдааны бодлогыг дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлоготой уялдуулах, дотоодын зах зээлийг шударга бус өрсөлдөөнөөс хамгаалах, худалдааны үйл ажиллагааг олон улсын жишигт нийцүүлэх, худалдааны салбарын тогтвортой хөгжлийг хангах, улмаар худалдааны салбарын эдийн засгийн хөгжилд үзүүлэх нөлөө, үр ашгийг нэмэгдүүлэх эрх зүйн орчинг бий болгох зайлшгүй шаардлагатай байна хэмээн сайд танилцуулсан.

 

Дараагаар нь УИХ-ын гишүүн Я.Содбаатар өргөн мэдүүлсэн Монгол Улсын худалдааны тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн талаар гишүүдэд танилцууллаа.

 

Түүний хэлснээр, худалдааны хяналтын чиглэлээр хийсэн мэргэжлийн байгууллагын судалгаагаар Монгол Улсын хэмжээнд нийт худалдааны газрын 45.7 хувь нь зориулалтын бус ажлын байртай, 39.8 хувь нь хадгалалтын онцгой нөхцөл шаарддаг барааг технологийн горимын дагуу хадгалдаггүй, 26.0 хувь нь хүнсний болон түргэн гэмтэх барааг ТҮЦ, чингэлэг, ил задгай талбайд худалдаалдаг, 50.5 хувь нь барааг тээвэрлэх зориулалтын тээврийн хэрэгсэлгүй байгаа нь бараа, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж буй аж. Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд саналаа хэлсэн юм. УИХ-ын гишүүн Х.Болорчулуун “Иргэд генийн өөрчлөлттэй хүнс, бордоо, химийн хор нь хэтэрсэн жимс ногоо, хадгалалтын горим зөрчин ТҮЦ, бусад газарт худалдаалсан хүнс хэрэглэснээс болж өвчлөл, хорт хавдар тоймоо алдаад байна. Хуулийн төслийг боловсруулахдаа гадны ямар улсуудын хуулиас туршлага, санаа авсан бэ” гэж лавласан. Ажлын хэсгийн гишүүдийн хэлснээр, Дэлхийн худалдааны байгууллагад 160 орон гишүүнээр элссэн бөгөөд тэдгээр орнуудын гуравны нэг нь Худалдааны тухай хуультай аж. Улс орнууд экспортоо дэмжих, дотоодын зах зээлээ хамгаалах зэрэг өөр өөр зорилгоор Худалдааны хуулиа баталсан байдаг бөгөөд дээрх хуулийн төслийг боловсруулахдаа 60-аад орны хуулийг судалсан юм байна.

 

Гишүүд ийнхүү хэлэлцсэний дараа хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулсан юм. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулий төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ.

 

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин