Ирээдүйн тэшүүрийн аваргууд бэлтгэлдээ гарчээ
2015-04-22

Чингисийн талбайд ойрын өдрүүдэд роликтой хүүхдүүд бэлтгэл хийж байгааг анзаарсан уу. Тэд бол Спортын бэлтгэлийн төв буюу бидний нэрлэж заншсанаар Спортын төв ордоны сурагч хүүхдүүд юм билээ. Тамирчин хүүхдүүдийг дасгалжуулж зогссон багштай нь уулзаж цөөн хором ярилцсан юм.


Төрөлжсөн сургалттай Биеийн тамир спортын дунд сургуулийн Тэшүүр ангийн багш, Олон улсын мастер А.Болд -Юуны өмнө та өөрийгөө танилцуулаач. Таны шавь нар Чингисийн талбай дээр роликоор гулгах бэлтгэл хийж байгааг нилээн удаан харлаа?

 

-Төрөлжсөн сургалттай Биеийн тамир спортын дунд сургуулийн Тэшүүр ангийн багш, Олон улсын мастер А.Болд гэдэг хүн байна. Монгол улсын Ерөнхийлөгчийн “Өвлийн спортыг хөгжүүлэх” 27-р зарлигын хүрээнд манай сургуулийн захирал н.Зоригтбаатар “тэшүүр анги”-ийг нээгээд дасгалжуулагч багшаар нь намайг томилсон. Би тус ангид дасгалжуулагч хийгээд жил гаруй болж байна. Манай хүүхдүүдийн амжилт өсч яваа. Манай ангийн  хүүхдүүд Улсын аваргаас 18 медаль авсан амжилттай явна. Одоо бэлтгэл сургуулилтаа хийж байна.

 

-Танай сургууль хэддүгээр ангиас хүүхдүүд авдаг юм бэ?

 

-Манай сургууль дөрөвдүгээр ангиас дээш ангидаа хүүхэд авдаг юм. Харин тэшүүр ангийн хүүхдүүдийн хамгийн бага нь  дөрөвдүгээр ангийн сурагч бий. Яг одоо бэлтгэл хийж байгаа хүүхдүүд бол 5, 6 , 8, 9 дүгээр ангид суралцдаг. Хүүхдүүд маань 12-р анги төгстөлөө сургуульдаа сурч ерөнхий мэдлэгийн хичээлээ сурахын хажуугаар төрөлжсөн спортын ангидаа сурч болдог. Нийт 11 хүүхэд тэшүүрийн спортоор хоёр дахь жилдээ хичээллэж байна.

 

-Танай сургууль хаана байрладаг юм бэ?

 

-Манай сургууль Спортын төв ордонд байрладаг.

 

-Хүүхдүүд бэлтгэл хийх талбай хэр байдаг вэ?

 

-Монголын тэшүүрийн холбоо Төв цэнгэлдэх хүрээлэнд байрладаг. Тэндээ роликийн талбайтай, сургалтын баазтай. Ер нь бол тэндээ сургалт явуулахад бэлэн байдаг. Хичээл Спортын төв ордонд ордог учраас ойрхон гээд Чингисийн талбай дээр бэлтгэл сургуулилтаа хийж байна. Ирэх зургаадугаар сарын 6-нд “Хүүхдийн их наадам” болно. Гол нь тэр наадамд манай хүүхдүүд оролцохоор бэлтгэж байгаа юм.

 

-Тэшүүрийн спорт гэхээр мөсөн дээр  явдаг нь санаанд буугаад байна л даа. Манайд мөсөн талбай байхгүй учраас роликоор орлуулж хичээллэж байна уу?

 

-Бараг л тийм. Мөсөн дээр бэлтгэл хийх талбай 10 сараас эхэлдэг. Учир нь өвлийн уур амьсгал орохоор Төв цэнгэлдэх хүрээлэнд мөс тавигддаг. Харин зуны улиралд  ролик, гүйлтээр орлуулдаг л даа. Гэхдээ бэлтгэл бол тасрахгүй дөрвөн улирал үргэлжилдэг.

 

Олон улсын хэмжээний тамирчин болохыг мөрөөддөг

 

Олон улсын хэмжээний тамирчин болохыг мөрөөддөг н.Энхзул-Хэддүгээр ангиасаа тэшүүрийн спортоор хичээллэж байна вэ. Бэлтгэл хийхэд ямар санагддаг вэ. Ирээдүйн зорилго?

 

-Намайг Энхзул гэдэг. Тэшүүрийн спортоор гурав дахь жилдээ хичээллэж байна. Би дэлхийн болон олон улсын хэмжээний тамирчин болохыг мөрөөддөг. Спортын төрөлжсөн бэлтгэлийн сургуулийн 6-р ангид суралцдаг.

 

-Тэшүүрээр өвөл хичээллэхэд даардаг уу. Шантрах үе байдаг уу?

 

-Шантрах үе байдаг. Гэхдээ би тэшүүрийн спортод дуртай учраас үргэлжлүүлэн хичээллэдэг. Өвөл мөсөн дээгүүр тэшүүртэй гулгадаг учраас даардаггүй.

 

-Тэшүүрийн спортоос юуг мэдэрдэг вэ?

-Эрх чөлөөг мэдрэх нь надад их гоё санагддаг.

 

Дэлхийн олимпид оролцож, эх орондоо алтан медаль авчирна 

 

Э.Номингоо: Би тэшүүрийн олон улсын зэрэгтэй мастер болох зорилготой -Өөрийгөө манай уншигчдад танилцуулаач. Хэддэх жилдээ тэшүүрийн спортоор хичээллэж байна вэ?

 

-Намайг Э.Номингоо гэдэг. Тэшүүрийн спортоор хичээллээд дөрвөн жил болсон. Спортын төрөлжсөн бэлтгэлийн сургуулийн 6-р ангид суралцдаг.

 

Би тэшүүрийн олон улсын зэрэгтэй мастер болох зорилготой. Зорилгоо биелүүлж, дэлхийн олимпид оролцон эх орондоо алтан медаль авчрах болно.

 

П.Нарандэлгэр

Shuud.mn
Сонин хачин