Жизель Бундхен: Загварын тайзаа орхих амаргүй байлаа
2015-04-22

Загвар өмсөгч Жизель Бундхений “www.telegraph.co.uk” сайтад өгсөн ярилцлагыг хүргэж байна. Тэрбээр Бразилийн Сан Пауло хотын загварын долоо хоногийн дараа албан ёсоор загварын тайзаа орхиж буйгаа зарласан билээ.

 

-Бурхан минь гэж. Үнэхээр загварын тайзаа орхиж, карьертаа баяртай гэж хэлж байгаа хэрэг үү?

-Тиймээ. Би 1999 онд загвар өмсөгч болсон. Хангалттай олон жилийг загварын ертөнцөд зориулж. Одоо хангалттай. Хэзээ үхэхээ мэдэхгүй ч үлдсэн цаг хугацаагаа гэр бүлдээ зориулахыг хүсч байна. Би гэр бүлдээ хайртай учир энэхүү шийдвэрийг гаргасан. Харамсахгүй байна. Харамсахыг ч хүсэхгүй байна.

 

-Энэ шийдвэрийг хэзээ гаргасан вэ. Бас яагаад?

-2012 онд Нью Йоркийн загварын долоо хоногт оролцож байхдаа би шагайгаа мулталсан юм. Тэр үед л загварын тайзаа орхидог юм уу гэж бодсон. Гэхдээ энэ бодол энэ оноос эхлэн намайг амар тайван байлгахаа больсон. Өдөр бүр дутуу нойртой болсон. Мөн өнгөрсөн онд намайг зураг авалтаар Парис явсан хойгуур хүү минь халуурч, амиа алдах шахсан. Нөхөр минь намайг сэтгэл зовно гэж бодоод үнэнг нуусан. Би энэ бүхнийг мэдээд л “За боллоо. Одоо гэр бүлдээ хайр халамжаа түгээ” гэж бодсон. Үнэнийг хэлэхэд, загварын тайзаа орхих амаргүй байлаа.

 

 

-Загварын тайзаа олон хүн орхиж буйгаа зарлаад, тун удахгүй эсвэл 5, 10 жилийн дараа эргэж ирдэг. Жишээлбэл загвар өмсөгч Синди Кроуфорд?

-Би ирээдүйд юу болохыг сайн мэдэхгүй. Гэхдээ энэ асуултад шууд үгүй гэж хариулж чадахгүй. Би залуу байна. Тиймээс эргэж ирж магадгүй. Энэ асуултад тодорхой хариулт өгөхгүйгээр цаашлахыг хүсч байна.

 

-Та амжилтад хүрэхийн тулд олон зүйлийг золиослосон нь тодорхой. Ихэнх загвар өмсөгч өнөөдрийг хүртэл жингээсээ болоод хангалттай хоол хүнс хэрэглэж чадахгүй, хагас өлсгөлөн байдаг хэмээдэг. Та тайзаа орхилоо?

-Золиос байхгүйгээр амжилт гарахгүй. Зөв цаг үедээ зөв золиосыг гаргасан ихэнх хүн амжилтад хүрдэг. Би тэдний нэг. Би санамсаргүй байдлаар оролцсон загварын тэмцээнд ялалт байгуулсан. Ялагч нь Нью Йорк очих эрхтэй болсон юм. Би Америкт очихын тулд хайртай залуу, сургууль, гэр бүлээ орхисон. Хоол, хүнсний тухайд. Яахав хоолоо хорих явдал их байдаг. Зөвхөн туранхай харагдахын тулд хоолоо сойх нь муу.

 

 

-Загвар өмсөгчдийн хувьд хоолны дэглэм барих тун чухал. Гэвч энэ нь үхэлд хүргэх ч аюултай?

-Би хувьдаа аймшигтай эцэж турсан моделиудыг удам дамжсан өвчтэй гэж боддог. Энд загварын ертөнц ямар ч хамаагүй. Гэхдээ би тэр зурган дээр гардаг шиг, хүмүүсийн яриад байгаа шиг тийм аймаар турсан, бүр үхэлд хүртлээ турсан загвар өмсөгчийг ганц ч удаа хараагүй.

 

-Өөр шигээ шилдэг болох охидыг цуглуулаад загварын агентлаг байгуулах төлөвлөгөөтэй байгаа гэж сонссон. Энэ үнэн үү?

-Зүгээр л нэг танилтайгаа оройн хоол идэж байхдаа агентлагийн талаар ярьсан юм. Энэ яриа хэрхэн задарч, шар мэдээ болсныг хэлж мэдэхгүй байна. Энэ яриа ажил хэрэг болох эсэх нь тодорхойгүй байгаа.

 

-Жизель Бундхен гэх гайхалтай бүсгүйг олон нийт нэг л мартаж эхэлбэл?

-Би хүмүүсийн сэтгэлд тодоос тод үлдэх олон зүйлийг хийсэн гэж бодож байна. Миний нэрийг тийм ч амархан мартахгүй байхаа.

 

 

-Таны түүхийг бид мэднэ. 1999 онд алдарт гэрэл зурагчин Ирвин Пенний таны нүцгэн зургийг авч “Vogue” сэтгүүлд өгснөөр Жизель Бундхен охиныг олон нийт андахаа больсон. Та тэр үед 18 настай байсан бол гэрэл зурагчин Ирвин 81 настай байсан.

-Тиймээ. Анх нүцгэн зургаа авахуулах санал тавихад би айж бас ичиж байсан. Намайг Ирвин Пенн заавал зургаа авахуул гэж шахаж, дарамтлаагүй ч “Чиний ганцхан зураг чамайг алдаршуулах болно” гэдгийг сонсоод л зөвшөөрсөн. Ирвин Пенн намайг хуураагүй. Амласандаа хүрсэн. /Инээв/

 

-“Forbes” сэтгүүл таныг сүүлийн гурван жилийн хугацаанд хамгийн их орлого олсон загвар өмсөгчөөр тодруулсан. Та мөнгийг ямар аргаар соронз мэт татдаг нууцаасаа хуваалцаач?

-Би хөдөлмөрлөсөн учир зохих ёсны цалингаа авсан. Миний нэр брэнд учир мөнгө хангалттай олдог ч байж магадгүй.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин