Дахин дамжуулах станцуудыг зогсоох хуваарь гарчээ
2015-04-22

“Тоон технологийн шилжилт өргөн нэвтрүүлгийн бодлого зохицуулалт” сэдэвт семинар өнөөдөр Чингис зочид буудалд эхэллээ. Хоёр өдөр үргэлжлэх уг семинарт хот, хөдөөгийн радио, олон сувгийг дамжуулах үйлчилгээ эрхлэгч 87 байгууллагын 100 гаруй төлөөлөгч оролцож байна.

 

Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 275 дугаар тогтоолоор баталсан “Радио, телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Монгол Улсын аналоги телевизийн дахин дамжуулах станцуудыг 2015 оны аравдугаар сарын 5-нд бүрэн зогсоож байгаа билээ.

 

Тодруулбал, ирэх долоодугаар сарын 15-наас эхлэн Говь-Сүмбэр, Төв, Өмнөговь, Дундговь, Дорноговь, Баянхонгор аймгуудад аналогийн телевизийн дахин дамжуулах станцуудыг бүрэн зогсоох юм байна. Харин наймдугаар сард Хэнтий, Сэлэнгэ, Өвөрхангай, Архангай, Дорнод, Сүхбаатар аймгуудын аналоги станцыг унтраах бол есдүгээр сард Баян-Өлгий, Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Завхан, Орхон, Ховд, Хөвсгөл, Увс, Улаанбаатарын аналоги системийг бүрэн унтраахаар болжээ.

 

 

Б.Оюунцэцэг: Тоон систем телевизийн салбарт хийгдэж байгаа хамгийн том шинэчлэл

 

Мэдээлэл технологийн шуудан харилцаа холбооны ахлах мэргэжилтэн Б.Оюунцэцэг тоон системд шилжих үйл явцын талаар ярихдаа “Аналоги системийг унтраахаас өмнө иргэдийг тоон системийн хэрэглэгчийн хүлээн авагчийг баталгаажсан газруудаас худалдан авахыг уриалж байна. Энэ компаниуд маань идэвхитэй үйл ажиллагаа явуулж байгаа.

 

Судалгаагаар 3000 орчим хэрэглэгчийн хүлээн авагч борлогдсон гэсэн тоо бий. Манай байгууллагын зүгээс ирэх тавдугаар сараас эхлэн хүлээн авагчийн сурталчилгаа идэвхижнэ. Тоон систем нь аналоги системээс хэд дахин илүү давуу талтай. Тухайлбал, дуу дүрсний чанар сайжирна. Манай улс 1970-аад оноос хойш телевизийн шинэчлэл хийгдэж байгаагүй. Тоон системд шилжиж байгаа нь монголын телевизийн салбарт хийгдэж байгаа хамгийн том шинэчлэл” гэв.

 

 

Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд Засгийн газраас 17 тэрбум төгрөг төсөвлөж, 2012-2014 онд нийслэл болон орон нутагт нийт 371 ширхэг тоон телевизийн дахин дамжуулах станцуудыг шинээр суурилуулсан юм. Тиймээс өнгөрсөн оны долоодугаар сарын 31-ний өдрөөс хойш орон даяар телевизийн өргөн нэвтрүүлгийн аналоги болон тоон системийн станцууд нь зэрэгцэн ажиллаж байгаа билээ. Энэ хугацаанд орон нутагт нэвтрүүлэгч компаниуд тоног төхөөрөмж, техник технологийн шинэчлэл хийжээ.

 

 

Ч.Баярсайхан: Орон нутгийн телевизүүд тоон системд бэлэн байгаа

 

Орон нутгийн телевизүүдийн холбооны нарийн бичгийн дарга Ч.Баярсайханаас тоон системд шилжихтэй холбогдуулан орон нутагт байдал ямар байгааг тодрууллаа.

Тэрбээр Дархан-уул аймгийн “Лха”, Өмнөговь аймгийн “Цэцэг” телевизийг тус тус удирддаг аж.

 

 

-Өнгөрсөн 40 жилийн хугацаанд манай улс аналоги системээр телевизүүдийн нэвтрүүлгээ цацдаг байсан. Харин удахгүй орон даяар тоон системийг нэвтрүүлэх гэж байна. Орон нутгийн телевизүүд тоон системийг ашиглах асуудлыг хэрхэн хүлээж авч байгаа вэ?

 

 

-Тоон систем олон давуу талтай. Үзэгчид маань хүлээж авч байгаа нэвтрүүлэг, мэдээ мэдээллээ чанартай хүлээж авна. Мөн дэлхийн стандартад нийцсэн технилогийн дэвшлийг мэдрэх болно. Манай орон нутгийн телевизүүд маш нааштай хүлээж авч байгаа. Яахав орон нутгийн телевиз эрхлэгч бидэнд тоног төхөөрөмжөө шинэчлэх асуудал тулгарч байгаа. Гэвч энэ асуудлаас гарах арга замыг эрэлхийлж байна. Энэ асуудлыг шийдэх үүднээс Орон нутгийн телевизүүдийн холбооноос Харилцаа холбооны зохицуулах хороонд санал оруулж, өнөөдрийн арга хэмжээг зохион байгуулж байна. Орон нутгийн хэрэглэгчдэд тоон системийн талаар мэдээлэл маш хомс байна. Гэвч салбарыг хувьд энэ бол маш том шинэчлэл хийгдэж байгаагын илрэл.

 

 

-Таны эрхэлдэг хоёр телевиз тоон системд шилжихэд бэлэн байна уу?

 

-“Лха” телевизийн хувьд бэлэн байгаа. Харин “Цэцэг” телевиз маань шинэчлэлээ хийж хараахан дуусаагүй байгаа. Мэдээж технологийн шинэчлэлийг орон нутгийн телевиз эрхлэгчид өөрсдийн зардлаар студиддээ хийж байгаа учраас бага зэрэг асуудалтай. Төрөөс бол энэ тал дээр дэмжлэг байхгүй. “Лха” телевизийн хувьд байгуулагдаад 20 жил болсон учраас шилжилтэд бэлэн болсон. “Цэцэг” телевиз маань Өмнөговь аймгийн Цогтцэций суманд үйл ажиллагаа явуулдаг учраас зах зээл харьцангуй хаагдмал.

 

 

-Өнөөдрийн семинараас орон нутагт үйл ажиллагаа явуулдаг телевизүүд юуг хүлээж байгаа вэ?

 

-Орон нутгийн телевизүүд Харилцаа холбооны зохицуулах хороонд хоёр үндсэн хүсэлт тавиад байгаа. Нэгдүгээрт, орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа телевизүүдийн  стандарт, шаардлагыг орон нутагт тохируулж өгөөч. Хоёрдугаарт, орон нутагт телевиз эрхлэгчдийн зах зээлийг бодолцож, хөнгөлөлт зэргийн нөхцлийг хууль, журамдаа тусгаж өгөөч гэж хүсч байна. Мөн орон нутгийн радио телевизүүдийн  холбооны үйл ажиллагааг өнөөдөр эхэлж байгаа семнарын үеэр өргөтгөх бодолтой байгаа" гэв.

 

Сонирхуулахад, Монгол Улсын хувьд телевизийн өргөн нэвтрүүлгийг улс орон даяар 1991 оноос эхлэн 1 телевизийн хөтөлбөрийг (МҮОНТВ), 2004 оноос 4 телевизийн хөтөлбөрийг,  2006 оноос 6 телевизийн хөтөлбөрийг  аймаг, сумдын төвүүдэд Радио Телевизийн Сүлжээ УТҮГ-ын сүлжээгээр дахин дамжуулж байна.

Үүнд:

      -МҮОНТВ

      -Боловсрол суваг телевиз

      -UBS телевиз

      -ETV

      -25-р суваг ТВ телевиз

      -ТВ9 телевиз

Харилцаа холбооны зохицуулах хорооноос телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй нийт 87 аж ахуйн нэгж байгууллага, хувь хүн байгаагаас  67 нь орон нутагт, 17 нь Улаанбаатар хотод (Улаанбаатар хотын Налайх дүүрэгт 2, Монгол Улсын нутаг дэвсгэрт 1-МҮОНТВ ) үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаагаа явуулж байна.

 

 

 

 

 

Монгол Улсын радио телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлэх үндэсний хөтөлбөрийг Харилцаа холбооны зохицуулах хороо (ХХЗХ) болон Мэдээллийн технологи шуудан харилцаа холбооны газраас (МТШХХГ) санаачлан эхлүүлээд дөрвөн жил болж байна.Харилцаа холбооны зохицуулах хорооноос өнгөрсөн 2011, 2012 онд олон судалгаа шинжилгээний баг зохион байгуулж өөрийн улсад нэвтрүүлэх тоон телевизийн стандартыг сонгох, дэд бүтэц, сүлжээний зохион байгуулалт, тоон студийн шийдэл, техник эдийн засгийн судалгаа тооцоо, баримтлах бодлого зохицуулалтын баримт бичгүүд гэх мэт шаардлагатай бүхий л ажлыг зохион байгуулжээ. Мөн тоон системд холбогдох  олон удаагийн семинар, форум зохион байгуулж байсан юм. Өнөөдөр болж буй “Тоон технологийн шилжилт өргөн нэвтрүүлгийн бодлого зохицуулалт” сэдэвт семинар ч бас уг хөтөлбөрийн нэг хэсэг гэнэ.

 

 

З.Амгалан: Орон нутгийн телевизүүд Үндэсний радио телевизийн сүлжээ рүү холбогдох боломжтой

 

 

Хөтөлбөрийн хэрэгжилт, тоон телевизийн хэрэглэгчийн төхөөрөмжийн  талаар ХХЗХ-ны Радио давтамж зохицуулалт хяналтын албаны дарга З.Амгалангаас тодрууллаа.

 

-Өнөөдөр болж буй уулзалт семнарт ямар мэдээллийг орон нутгийн телевиз эрхлэгч, тэдний төлөөлөгчдөд хүргэж байгаа вэ?

 

-Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 275 дугаар тогтоолоор баталсан “Радио, телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Тоон технологийн шилжилт өргөн нэвтрүүлгийн бодлого зохицуулалт” сэдэвт семинарыг бид өнөөдөр орон нутгийнхандаа хүргэж байна. Энэхүү сургалт семинараар орон нутгийн телевизүүдийн радио давтамж хураагдаж, аналоги систем зогсож байгааг дэлгэнгүй мэдээлж байгаа. Мөн хөтөлбөрийн хүрээнд хийгдэх журам зохицуулалт, техникийн нөхцөл шаардлагын дагуу зөвлөмж өгч байна.

 

 

-Орон нутгийн телевизүүд тоон системдхэр бэлтгэлтэй байна вэ?

 

-Орон нутгийн телевизүүд Монгол Улсын Засгийн газрын хөрөнгө оруулалтаар тавигдсан Орон нутгийн үндэсний радио телевизийн сүлжээ рүү холбогдох боломжтой болж байгаа. Гэхдээ ямар телевизүүд холбогдох вэ гэдгийг өргөн нэвтрүүлгийг зохицуулах журам дээр заасан байгаа. Тэгэхээр орон нутгийн телевизүүд маань Харилцаа холбооны зохицуулах хорооноос тавьж байгаа техникийн нөхцөл, стандартыг хангасан байх ёстой.

 

 

-Одоо нэмж тоон телевизийн станцууд суурилагдах уу, суурилуулалтын ажил хэдэн хувьтай байна вэ?

 

-Тоон телевизийн станцуудын суурилуулалтын ажил төлөвлөгөөний дагуу 100 хувь биелэгдсэнийг дуулгахад таатай байна. Засгийн газраас төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлэн 361 сум суурин газарт, мөн 2014 онд Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас нийслэл хот болон нийслэлийн алслагдсан дүүргүүдэд нийт 10 тоон телевизийн нэвтрүүлэгч станцуудыг суурилуулах ажлыг зохион байгуулж ашиглалтанд хүлээлгэн өгсөн.

 

 

-Ихэнх тоног төхөөрөмж манай урд хөршид үйлдвэрлэгддэг гэж боддог, энэ суурилуулсан тоон станцууд нь хаана үйлдвэрлэгдсэн төхөөрөмжүүд вэ?

 

-Энэхүү хөтөлбөрийн хүрээнд суурилагдсан тоон телевизийн нэвтрүүлэгч, дахин дамжуулагч станцууд нь Герман, Франц, АНУ, БНХАУ гэсэн 4 өөр улсын 4 үйлдвэрийн төхөөрөмжүүд байгаа.

 

 

-Тоон телевизийн станцаар дамжуулж байгаа телевизийн програмын тоо хэд байгаа вэ? Хэрэглэгчид чанартай олон суваг үзнэ гэсэн хүлээлттэй байгаа гэж бодож байна.

 

-Тус хорооны радио долгион хяналтын инженерүүд нь тоон телевизийн хөтөлбөрийн хүрээнд суурилуулсан тоон телевизийн станц бүрийн чадал, хамрах хүрээ, сигналын чанарыг шалгасан. Телевизийн дүрс дууны чанарын хувьд өмнөх аналог системтэй харьцуулахад хүн радио сонсож байгаад телевизор үзсэнтэй адил эерэг чанарын өөрчлөлт гарсан.

 

Нийслэл хотын хувьд бид Их тэнгэрийн амны зүүн талд байрлах Соёмбот толгой дээр телевизийн өргөн нэвтрүүлгийн үндсэн цамхагийг босгохоор төлөвлөсөн боловч өнгөрсөн жилд шийдвэрлэж чадсангүй. Одоо Улаанбаатар хотын тоон телевизийн үндсэн станц нь телевизийн төв цамхаг дээр суурилагдсан учраас зарим хаалттай бүсүүд үүсээд байгаа. Үүнийг бид шийдвэрлэх тал дээр холбогдох байгууллагуудад саналаа хүргүүлсэн.

 

Дамжуулж буй телевизийн сувгийн тооны хувьд өнөөдрийн байдлаар хуучин орон даяар дамжуулж байсан 6 телевизийн програм хэвээрээ байгаа. Тус хороо нь “Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын ерөнхий нөхцөл шаардлага”, “Тоон телевизийн газрын сүлжээ, хиймэл дагуулын сүлжээгээр дамжуулан нэвтрүүлгээ хүргэх телевиз, радиогийн үйлчилгээ эрхлэхэд тавигдах нөхцөл шаардлага”-ын төслийг боловсруулсан ба удахгүй уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулж үйлчилгээ эрхлэгчдийн саналыг тусган баталсны дараа Тоон телевизийн газрын сүлжээгээр дамжуулах телевизийн сувгийн тоо тодорхой болно.

 

 -Тоон телевизийн хэрэглэгчийн төхөөрөмжийн баталгаажилт болон борлуулж буй газруудын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хаанаас авах вэ?

 

-МТШХХГ-аас 2013 онд “Тоон телевизийн өргөн нэвтрүүлгийг хүлээн авах хэрэглэгчийн төхөөрөмжийг нийлүүлэх, түгээх журам”-ыг  баталсан. Энэхүү журам нь чөлөөт өрсөлдөөнийг дэмжиж, ард иргэдэд тоон телевизийн нэвтрүүлгийг хүлээн авах хэрэглэгчийн төхөөрөмжийг хүндрэл бэрхшээлгүй түргэн шуурхай нийлүүлэх, түгээх зохицуулалтын таатай орчинг бий болгох мөн чанартай, баталгаатай хэрэглэгчийн хүлээн авах төхөөрөмжөөр зах зээлийн эрэлт хэрэгцээг богино хугацаанд хангахад чиглэсэн юм.

 

Таны худалдан авч буй тоон телевизийн хэрэглэгчийн төхөөрөмж дээр энэхүү тохирлын тэмдэг наалттай байвал энэ төхөөрөмж нь Харилцаа холбооны зохицуулах хороогоор баталгаажсан, үндэсний болон олон улсын стандартад бүрэн нийцсэн төхөөрөмж байна гэж ойлгож болно" гэв.

 

Тоон системийн хүлээн авагчийг борлуулах баталгаажсан газруудын дэлгэнгүй мэдээллийг дараах  утсаар лавлаарай.

- ШУТИС, Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн сургалтын төв- 88111798

 

-“Тербокс” ХХК- 99100957

 

-“ДиВиБи” ХХК - 88031113, 86100009

 

-“ГТТО” ХХК - 91115748

 

-“Үлэмж мандала ХХК”- 89185656, 88700196

 

Худалдаалах цэг: Цамбагарав, Хархорин 2-ын голд “MNBC”, Ботаникийн Оргил ХТ-ийн 2 давхарт, Гэрээт борлуулагч, “Сандэй” ХТ-ийн 1 давхарт, 21-р хорооллын 21 шөнийн захад, Яармагийн 52-р зах, Баянхошуунд Өгөөж ХТ, Бүрд ХТ, Далайхүү төвийн 2 давхарт, Нарантуул-2 ХТ, Жуковын Норжин ХТ, Шөнийн захын Б1 лангуу, 32-ын тойрог Номин ХТ 1 давхарт, Өндөр цайз төв

 

 

 

 

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин