Тэр өдөр өөрөө ирнэ
2015-04-23

Жүжигчин Навчаа цувдай иддэг, иддэггүй тухай асуудал Тавантолгойн төслөөс ч илүү хандалттай байх сонин соргог нийгэмд бид амьдарч байна. Сошиал хүрээнд сайн базуулсан жүжигчин нь тэр дороо уучлалт гуйжээ.

 

Асар том хий хоосон орон зайд хэн нэгний нэр төр, улс төрийн карьеар, хов живээр хоол хийн өнгөрүүлэх бидний цаг хугацаа нэг бодлын тун үнэгүй болсон мэт. Арай том сэдвээр ярьж байгаа нь юу байна. Их хурал дээр орж амжилгүй хаалганаас нь буцсан Тавантолгойн төслөөр улс төр амьсгалж байна. Тавантолгойгоос сэдэвлэсэн өөр хоёр толгойн асуудлыг ч нийтлэлчид босгож ирлээ. Энэ нь гэрээг батлана, батлахгүй гэсэн Ерөнхий сайд, Их хурлын дарга гэсэн хоёр толгой болж таарав. Ард нь асаалттай танк шиг манай 76 бас бус нөхдүүд байгааг бичиж буй талууд сайн мэдэж байгаа. Хоёр толгой эсрэг зүгт харж нэг төсөл дээр ард түмнийгээ хоёр хуваалаа гэж бичих ч хүмүүс байна. Бид ингэж бичиж байгаагаараа л харин нийгэм хоёр хуваагдаж талцах өдөөлтийг бий болгож байгаа юм.

 

Эв нэгдлийн шаардлага хэзээ хэзээнээс эрхэм болоод байгаа ч эвийн нэрийг барьж өөрсдийнхөө бодлыг тулгах дээрээс өдүүлсэн хэвлэлийн дайнд бид татагдаад байна. Иргэд аль нэг замыг сонгоод шийдэл гаргахыг төрөөс хүлээж байгаа. Сонгууль өгөхдөө энэ эрхийг тэдэнд дайж өгсөн. Хэн нэгнийх нь талд орж хар цагаанаар будах нь дэмий гэж байгаа нь олонх. Оролдоод ч нэмэргүй шахуу. Төрд нөлөөлөх тэдний дуу хоолой хэвлэл мэдээллээр дамжиж дээш гарах ёстой. Гэхдээ энэ нь “оргиороо” дээшээ явна гэж байхгүй болжээ. Харин ам задгай жүжигчин Навчаад хэлсэн олон нийтийн хэдэн үг, хараал коммент нь шууд эзэндээ хүрч байна. Үр дүн нь ч хурдан гарч цаадах нь төд удалгүй уучлалт гуйчихаж байгаа юм. Манай хүн олны дунд явж байгаа хэрэг л дээ. Энэ хүндэтгэлтэй хариуг нь  хэдэн толгойн сэдвээс уйдсан хэвлэлийнхэн дуу дуугаа авалцан нийтэлчихэв.

 

Навчаа ба сонгуулийн хуулийн хэлэлцүүлэг хоёр тэнгэр газар шиг гэдгийг мэдэж байгаа л даа. Гэхдээ олон нийт иймэрхүү сэдэв дээр л идэвхтэй байгаа хэрэг. Навчааг телевизээр гэдэс цувдайны талаар тэнэг юм ярьсан гэж сошиол-оор гөвлөө. Хариу ойлт нь тэр дороо гарч байна. Харин төрийн алдааг мянгантаа бичивч хадны цуурай болох тул иргэд гөлийсөн хэрэг. Энэ бол маш хортой л доо. Дээр нь дүлий төр засгаа зүхсэн зүйл унших бол бүр уйдаж үхмээр сэдэв болсон хэрэг.

 

Одоо ид халж байгаа Тавантолгойн сэдэв дээр зад үзэлцэж байгаа нийтлэлүүд явсаар энэ ТӨР даанч дээ гэсэн цөхрөл дээр л зангидагдаж байна. Ер нь бол том төсөл дээр зөв буруугаа шүүн тунгааж нэг нэгэндээ бодох дүгнэх боломж олгох хүрээнд л бид олон талын байр суурь бүхий мэдээллийг нийгэмд хүргэх үүрэгтэй. Энэ бол миний хувийн бодол. Тавантолгойн төслийг бараг л талцаан болгох шахаж байх юм. Том мөнгө, холын зураглал байгаа л байх. Энэ чинь дэмжих эсэх нь яригдаж байгаа хөрөнгө оруулалтын “МЕГА” гэх тодотголтой төслүүдийн л нэг шүү дээ. Гэтэл өдөр ирэх тусам энэ асуудлыг өрдөн улс төржүүлж төрийн хоёр толгойн мөргөлдөөн, түүнийг дагасан ард түмний талцаан гэх зэргээр хөөсрүүлж эхэлж байна. Эндээс яавч эвийг хүссэн санаа цухалзахгүй байгаа юм. Олон нийтийг  талцуулж байгаа нь Тавантолгой төсөл биш үүн дээр хоёр талцаад бичээд байгаа бид болоод байна. Бидний энэ захиалгат “үг”-үүд ихэдсээр хэдэн төслөө ойртуулах биш улам холтгох вий дээ гэж болгоомжлохоор.

 

Улстөрчид  бизнесийн бүлэглэлүүдийн хүрээнд нарийн учгаар зангидагдсан том төслүүдийн хэлэлцээ ардаа сонгуулийн нүүдлийг давхар атгачихсан байгаад л гацааны нэг учиг байгаа л байх. Олон нийт Тавантолгойг гацахгүй явчихбал явчихаасай, амьдрал дээрдээсэй гэж хүсч байгаа. Гэхдээ иргэдийн энэ бодол  замдаа угаагдсаар аль хэдийн олон нийтийн дунд эсэргүүцэгчид бий болсон мэт талцах дээрээ тулчихсан болоод л явчихаж байна.

 

Тавантолгойн асуудал дээр манай сайн гэсэн нийтлэлчид утгын сайхан, үгийн хурцыг уралдуулан бичсээр байгаа. Аль ч талдаа үнэр нь таатай бус. Гарах гарц зам шийдлийг заасан бус гацааг улам бөхөлсөн цаагуураа хатгууртай талдаа  буугаад байх шиг. 

 

Энэ цагийн улстөрчдийн алдааг угааж барахад Туулын ус ч багадахаар байж болно. Гэхдээ үүнтэй хавсаргаад тулгар ТӨР-өө зүхэх бухлыг овоолоод л байх юм. Түүнийг нь шүдэнз барьсан дуртай нэг нь шатааж хадлан тариагаа түймэрдээд байвал хэнд тустай вэ.

 

Ард түмнийг шүүдэггүй. Улстөрчдийг шүүдэг. Хариуцлага тооцдог. Тэр өдөр нь өөрөө ирж ард түмэн тосч авдаг.

 

Пүрэвжавын Баярхүү /тоймч/

Shuud.mn
Сонин хачин
ТУЙЛЫН ҮНЭН:
1. Навчаа гэх кинонд тоглдог эмэгтэй юу ярив, мөн чанар нь юу болох талаар хангалттай мэдэж байгаа болохоор хандалт ихтэй байна. 2. Тавантолгой гээд байгаа зүйлийн талаар Төр засаг нь иргэддээ хангалттай үнэн зөв мэдээлэл өгөхгүй байгаа болохоор ярих юу ч алга ёстой чөтгөр бүү мэд мэдэхгүй зүйлээрээ хийрхэж байхаар цувдай идвэл ядуу болохуу гэсэн нь дээр биз дээ. Нөгөө талаасаа томоохон мөнгө төгрөгтэй холбоотой асуудалд нөгөө л 76 гэдэг шиг хандлага бүүүүр тогтчихож дээ хөөрхий...
2015-04-23
2015:
шүүнээ та нарыг
2015-04-23