“Буянт-Ухаа-2” хорооллын дэд бүтцийг хүлээлгэн өглөө
2015-04-23

БХБЯ-ны “Дэд бүтэц” төслийн нэгж 2013 онд “Буянт-Ухаа” орон сууцны хорооллын 10 хэсэгт 10 ширхэг ус дулаан дамжуулах төвийг барьсан бөгөөд барилга угсралтын ажлыг бүрэн хийж өнгөрөгч оны дөрөвдүгээр сард “Ус дулаан дамжуулах төв- 1”-ийг ашиглалтанд өгсөн. Уг дэд станцаас Буянт-Ухаа-1 хорооллыг ус дулаанаар хангаж байгаа билээ.

 

Харин төслийн хүрээнд хийгдсэн үлдсэн есөн ширхэг УДДТ-ийн барилга угсралт болон тоног төхөөрөмжийг суурилуулах ажлууд бүрэн хийгдэж дууссан тул өнөөдөр ийнхүү хүлээлгэн өгсөн байна. Уг УДДТ-өөс “ТОСК”-ийн хэрэгжүүлж буй “Буянт-Ухаа-2” орон сууцны хорооллын 22 орон сууц, мөн Үндэсний Архивын газрын шинэ барилга эхний ээлжинд дулаанаар хангагдах ажээ.

 

Улсын комиссын бүрэлдэхүүнд ашиглагч, захиалагч талуудаас гадна Нийслэлийн Ерөнхий Төлөвлөгөөний Газар, Нийслэлийн Өмчийн Харилцааны Газар, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар, Нийслэлийн Онцгой Байдлын Газар зэрэг байгууллагын албаны хүмүүс газар дээр нь ажиллаж холбогдох техник, аюулгүй байдалыг бүрэн хангасан гэж үзсэнээр улсын комисс ажиллаж хүлээн авлаа.

 

Тус “УДДТ-11”-ийн гүйцэтгэгчээр “Бумхалаалт” ХХК, “МВС” ХХК, “ВиТиИкс” ХХК-иудын түншлэл ажилласан бөгөөд нийт 2,497 тэрбум төгрөгийн төсөвт өртөгөөр хийж гүйцэтгэсэн байна. Тус төв нь цагт 1.7Гкал халаалт, 1.2 Гкал халуун усаар хэрэглэгчдийг хангах хүчин чадалтай аж.

 

“Дэдбүтэц” төсөл хэрэгжиж хотын дэд бүтэцгүй хэсэгт шинээр баригдах орон сууцны хорооллуудыг нэгдсэн инженерийн шугам сүлжээгээр хангаж байгаа нь нийслэлийн хэмжээнд орон сууцны төвлөрөлийг бууруулах чухал ач холбогдолтой билээ.

 

П.Наран

Shuud.mn
Сонин хачин