Гадны нөлөөгүй нас барсан
2015-04-24

Гэрэл зургийг MPA.MN“Хан ресурс” компанийн гүйцэтгэх захирал Жим Доак манай улсад амь насаа алдсан хэрэг өчигдөр /IV.23/ гарсан.

 

Сүхбаатар дүүргийн  нэгдүгээр хороо “Blue Sky” зочид буудлын 16 давхрын ... тоот өрөөнд нас барсан хүн байна гэсэн дуудлагын дагуу СБД-ийн цагдаагийн I хэлтсийн бүрэлдэхүүн очиход Канад улсын иргэн 60 настай Жим Доак нас барсан байжээ.

 

Цагдаагийн албан хаагчид хэргийн газрын үзлэг хийж, шалгалтын ажилласан. Шүүх шинжилгээний урьдчилсан дүгнэлтээр гадны нөлөөгүй нас барсан гэж гарсан. Цаашид нарийвчлан шинжилгээ хийнэ гэж ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хошууч Б.Баатархүү мэдээллээ.

 

Талийгаач энэ сарын 19-нд Монголд ирсэн аж. Харин ямар ажлаар ирсэн нь хувь хүний нууцад хамаарах бөгөөд хэргийг шалгаж байгаа учир мэдээлэх боломжгүй юм байна.

 

Харин Канадын www.BNN.com  сайтад талийгаачийг Монголын Засгийн газрын нөлөө бүхий хүмүүстэй уулзаж, гэрээ хэлэлцээр хийхээр тус улсад хүрэлцэн ирээд байсан бөгөөд учир битүүлгээр амиа алдсан. Хэргийг шалгаж эхэлсэн гэж мэдээлснийг www.coastreporter.net мэдээллийн сайт дамжуулсан байсан.

 

2009 онд манай Засгийн газрын зүгээс Дорнодын ураны орд газарт үйл ажиллагаагаа явуулж байсан Канадын “Хан ресурс” компанийн лицензийг цуцалсан юм. Тус компанийн зүгээс тусгай зөвшөөрлийг нь хууль бусаар хүчингүй болгосон, “Хан ресурс” ХХК-ийн өмчид халдсан, холбогдох хуулийг зөрчсөн гэх үндэслэлээр 326 сая ам.доллар нэхэмжилсэн байдаг. Энэ маргаан гурван удаа шүүхээр орж Парис дахь олон улсын Арбитрийн шүүх нэхэмжлэгчээс нэхэмжилсэн дээрх мөнгийг үндэслэлгүй, хэт өндөр байна гэж үзээд 80 сая ам.долларын зардал дээр өмгөөллийн зардлыг нэмж төлөх шийдвэр гаргасан байдаг. Гэхдээ манай Засгийн газрын давж заалдах эрх нээлттэй байгаа.

 

“Хан ресурс” компанийн гүйцэтгэх захирал Жим Доак манай улсад амь насаа алдсныг тус компанийн талд манай улсаас төлөх их хэмжээний мөнгөний асуудалтай холбон сэрдэх хүмүүс ч байна. Гэхдээ энэ бүхний учир хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дууссны дараа тодорхой болно.

 

Б.Буд

Shuud.mn
Сонин хачин