Улс төржилтөө хойш тавьж, эдийн засгаа хөдөлгөе
2015-04-24

Жил бүрийн намрын чуулган манай улсын хувьд ирэх оны төсөв, нийгэм, эдийн засгийн үндэслэлийг батлан гаргадгаараа хариуцлагатай, чухалд тооцогддог байлаа. Харин энэ удаагийн хаврын чуулган үүнтэй агаар нэгэн, цаг алдалгүй хэлэлцэх хуулийн төсөл, хөрөнгө оруулалтын гэрээ, эдийн засгийг сэргээж, солонгоруулах эсэх гээд ачаалал хийгээд хариуцлага өндөртэй ажиллаж байна. Энэ хариуцлагаа парламентчид хаврын чуулганы нээлтээс ч өмнө мэдэрсэн гэж итгэнэ. Төрийн гурван өндөрлөг үг хэлээ ололцож, Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээний төслийг парламентад өргөн барилаа.

 

Энэ нь эдийн засгийн хүндрэл, бэрхшээлээс нийтээрээ гарч, хямралын ард нийтээрээ гарах цаг ойрхон байна гэсэн үг. Бид нэг төсөвтэй, нэгдсэн санаатай, 3 саяулаа нэгэн зорилготой, нэжгээд баялагтай “Монгол Улс” хэмээх өрх. Байгалийн баялаг дээрээ суурилж, хөрөнгө оруулалт татан эдийн засгийн хүндрэлээс гарах нь бидний зорилго, зорилт. Үүнтэй хэн бүхэн санаа нэгддэг. “Уул уурхай бол эдийн засгийн суурь хундаам. Энэ хундаамаа босговол бусад хүнд, хөнгөн үйлдвэрлэл аяндаа хөгжинө” гэж манай толгой эдийн засагчид ам нэгтэй, уралдан ярьцгааж байна лээ.

 

Тиймээс ч Оюутолгой, Тавантолгойн хөрөнгө оруулалтыг татахаар гүйцэтгэх засаглалаа хөрөнгө оруулагчидтай хэлэлцээрийн ширээний ард суулгасан. Дээрх стратегийн хоёр ордод хөрөнгө оруулалт татах гэрээ хэлэлцээр нэгдсэн ойлголцолд хүрчээ. Харин парламентаар хэлэлцүүлэх асуудал хугацаа алдаж, хоног өдрөөр сунжруулав. Ялангуяа Тавантолгойн гэрээний төслийг үзэглэх л үлдээд байгааг бид энэ сарын турш ярьж, хэлж, бичиж байгаа билээ.

 

Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээний төсөл УИХ-аар дамжсаны дараа гарын үсэг зурах эрх нээгдэнэ. Хэдийгээр Ерөнхий сайд Тавантолгойн гэрээний төслийг 14 хоногийн хугацаанд хэлэлцүүлж өгөхийг хүссэн бол олон нийт үүнээс богино хугацаанд хэлэлцэж шийдвэрлэчихээсэй гэж хүлээж байна. 

 

Эдийн засгийг хүндрэлээс гарах эхний гарц бол Тавантолгой гэдэгтэй хэн ч маргахгүй байх. Хөрөнгө оруулагч талтай гэрээгээ үзэглэх л үлдсэн. Тиймээс ч УИХ-аар хэлэлцлээ гэхэд парламент дахь нам бүлгүүд саналаа нэмж, тусган, гэрээний төслийн зүсийг хувиргах шаардлага байна уу. Учир нь парламентаас өгсөн тогтоолын хүрээнд гүйцэтгэх засаглал хэлэлцээ хийсэн. Харин гэрээний төсөлд зарим нэр томъёог нэгтгэх, хувьцаа эзэмшигчдийг орхигдуулахгүй хамруулах асуудал байсныг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэж, холбогдох сайдад үүрэг болгосон байна лээ.

 

Тиймээс ч “Тавантолгой”-н хөрөнгө оруулалтын гэрээний төслийн ажлын хэсгийн ахлагч, Монгол Улсын сайд М.Энхсайхан “Би УИХ-аас зөвхөн Тавантолгой биш хөрөнгө оруулагчдын итгэлийг татсан шийдвэр гараасай гэж хүсч байна” хэмээж байсан. Хэрвээ Тавантолгойн гэрээний төсөл үзэглэгдвэл эхний ээлжинд 650 сая ам.доллар орж ирнэ. Энэ нь гэрээнд тодорхой заагдсан тул хууль мэт хэрэгжинэ. Цаашлаад “Тавантолгой” хэмээх галт тэрэг хөдөлвөл мөнгөнөөс гадна дотоодын аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа сэргэж эхэлнэ. 

 

Эдүгээ аж ахуйн нэгжүүд “Бизнест ногоон гэрэл асааж өгөөч” хэмээн уриалж байгаа. Аж ахуйн нэгжүүд сүүлийн нэг жилийн хугацаанд татвараа төлж чадахгүйгээс гадна цалингаа тавих боломжгүй болжээ. Тиймээс том төслөө хөдөлгөн эдийн засгаа эргэлтэд оруулах хэрэгтэй. Өрөө төлөхийн тулд макро эдийн засаг хөдлөх хэрэгтэй гэдгийг бизнес эрхлэгчид онцолж байна. Хэрвээ байдал энэ хэвээр байдал үргэлжилбэл ирэх есдүгээр сард эдийн засаг тартагтаа гэсэн таамаглал ч байна. Тиймээс л том төслүүд, гэрээ үзэглэгдэх төдийд урсан орж ирэх валют, төсөл хэрэгжиж эхлэхэд ажлын байрны үүд нээгдэж  их ажил ундарна.

 

Хэрвээ “Тавантолгой”-г саатуулан гацаагаад байвал эдийн засаг улам л хүндэрнэ гэдгийг уг нь улстөрчид бусдаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Харин одоо популизмаа хойш тавьж, эдийн засгаа хөдөлгөе. Бизнесмэнүүд эдийн засагт ногоон гэрэл асаахыг уриалсан нь эгэл иргэдийн амьжиргаа улам ч хүндэрч, шар нар, бор хоногт хоёр идэх хоосон хоночихгүй өл залгуулж байгааг илтгэнэ.

 

Харин энэ бүхэн парламент дээр зангилагдаж, хүлээлт үүсгэлээ. Тавантолгойн төслөөс гадна Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газар өргөн барьсан. Намрын чуулганаар өрийн таазыг ДНБ-ий 58.3 хувьд баталсан билээ. Ямартай өнөөдрийн байдлаар манай гадаад өр ДНБ-ий 44 хувьд байгаа гэсэн. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар “Засгийн газрын өрийн өнөөгийн үнэ цэнээр илэрхийлэгдсэн үлдэгдэл нь тухайн жилийн оны үнээр тооцсон дотоодын нийт бүтээгдэхүүний 40 хувиас хэтрэхгүй байх” гэж заасан байдаг. Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг эрчимжүүлэх, эрчим хүчний салбарыг дэмжих зорилгоор тус хуульд эрчим хүч болон төмөр замын салбарыг нэмж тусгах шаардлага тулгарч байгаа. Эрчим хүчний салбарт өнөөгийн байдлаар хэд хэдэн төрийн томоохон бодлого, хөтөлбөрүүдийг баталсан. 

 

Дээрх томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, хөрөнгө оруулалт татах боломжийг хангах үүднээс Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай төслийг Засгийн газар өргөн барьж, УИХ-аар хэлэлцүүлж байгаа билээ. Гишүүд уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн ч өрийг нэмж тавихгүй байхыг анхааруулж байсан.

 

Ийнхүү анивчаад байгаа шар гэрлийг улаан биш ногооноор солих эрх парламентад л үлдлээ. Харин парламент нам эвслийн бүлгээрээ талцан популизм хийлгүйгээр шуурхай хэлэлцээсэй.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
рщгккар:
Оросын талд уих-н дарга худалдагдсан
2015-04-26
зочин:
Энэ тагдгар тарваган хун жэнко 2 -л таван толгойн тосолийг санаатай гацааж бга юм
2015-04-26
baasan:
муу хожуул Энхболдоо надад тэр 1072 хувьцаа хэрэггуй харин улс эх ороны эдийн засаг сэргэх хэрэгтэй бна
2015-04-26
Zochin:
Ene bidnii songolt
2015-04-24