Монгол хүүхдүүд дэлхийн шилдэг сургуулиудад суралцахаар боллоо
2015-04-24

Сүүлийн жилүүдэд манай залуучууд гадаадын өндөр хөгжилтэй оронд очиж суралцах, чанартай дээд боловсрол эзэмшихийг эрмэлзэх болсон.

 

Энэ нь ч зүй ёсны хэрэг. Гэвч ихэнх залууст сургалтын төлбөр, амьжиргааны зардлаа шууд төлөх хөрөнгө санхүүгийн боломж бололцоо хомс байдаг.

 

Үүнийг харгалзан Монгол Улсын Ерөнхийлөгч дэлхийн шилдэг 100 сургуулийн аль нэгэнд суралцах урилга авсан оюутан залуусын сургалтын төлбөрийг төрөөс санхүүжүүлэх нь зүйтэй хэмээн үзэж зарлиг гаргасан. Тэгвэл уг зарлиг гуравдахь жилдээ хэрэгжиж эхэлжээ.

 

 

Тодруулбал, дэлхийн шилдэг 100 их сургуульд оюутан суралцуулах сонгон шалгаруулалтыг энэ оны дөрөвдүгээр сарын 6-20-ны өдрүүдэд зохион байгуулжээ.

 

 

Сонгон шалгаруулалтын шаардлага хангасан 165 иргэнийг бүртгэлд хамруулсан бөгөөд тэдний 65 иргэн АНУ-ын Harvard, Stanford, UV Berkeley, Calafornia-ийн их сургууль зэрэг дэлхийн шилдэг их сургуулийн жагсаалтын эхний 20-д багтсан сургуульд тэнцэж урилга авсан байна.

 

 

“Дэлхийн шилдэг 100 их сургуульд оюутан суралцуулах журам”-ын дагуу БСШУ-ны сайдын тушаалаар сонгон шалгаруулалтыг зохион байгуулах ажлын хэсэг байгуулагдан ажиллажээ. Тус ажлын хэсэг шалгуулагчийн баримт бичгийг үнэлж, дэлхийн шилдэг сургуулийн 1-20-д жагссан сургуульд тэнцэж баримт бичгийн үнэлгээгээр 23-аас дээш оноо авсан 96 шалгуулагчийг ярилцлагад оруулсан байна.

 

 

Ярилцлагыг биечлэн болон цахим хэлбэрээр зохион байгуулсан аж.

 

 

БСШУ-ны сайдын төсвийн багцад энэ онд гадаадад оюутан суралцуулахаар батлагдсан зардлын хэмжээнээс хамаарч сонгон шалгаруулалтын дүнгээр эхний 35-д жагссан иргэдийн сургалтын төлбөрийг энэ онд гэрээ байгуулан санхүүжүүлэхээр болжээ.

 

 

Сонгон шалгаруулалтын талаар БСШУ-ны яамны Дээд боловсролын хэлтэсийн дарга Б.Эрдэнэбулган ярихдаа “ Бүртэлд нийт 200 гаруй хүн хандсан боловч, бичиг баримтын зөрчилтэй иргэд цөөнгүй байсан. Тэднээс 165 иргэнийг нэгдүгээр шатны сонгон шалгаруулалт хийсэн. Бичиг баримтын дээд оноог 30 байхаар заасан. Гэхдээ 23-аас дээш оноо авсан иргэнийг шалгаруулалтад тэнцүүлсэн. Уг сонгон шалгаруулалтыг дөрвөн өдөр явууллаа. Сонгон шалгаруулалтын бүх мэдээллийг яамныхаа веб хуудсаар цаг тухайд нь олон нийтэд мэдээлж байсан гэдгийг онцлоё” хэмээн мэдэгдлээ.

 

 

Дашрамд дуулгахад, Дэлхийн шилдэг 100 их сургуулийн эхний 20-д багтсан сургуулиас урилга авсан иргэдийн тоо, сонгон шалгаруулалтад орсон иргэдийн сурлагын чанар жилээс жилд өсч байгаа аж.

 

 

Сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн 36-70-д жагссан иргэдийн сургалтын төлбөрийг 2015 оны төсвийн тодотголд тусгуулахаар УИХ-д ханджээ.

 

 

Б.Санчир: Эдийн засгийн чиглэлээр суралцана

 

Б.Санчир“Harvard”-ийн их сургуульд тэнцсэн “Хобби” сургуулийн сурагч Б.Санчираас сонгон шалгаруулалтад хэрхэн бэлтгэсэн талаар тодрууллаа.

 

-Сонгон шалгаруулалтад хэр хугацаанд бэлдсэн бэ. Ямар мэргэжлээр “Harvard”-ийн их сургуульд суралцах вэ?

 

-Эдийн засгийн чиглэлээр суралцана. Гадаад руу их дээд сургуульд тэтгэлэгээр суралцах боломжтой юм байна гэж мэдээд 9-р ангиасаа бэлдэж эхэлсэн. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд их хичээж суралцсан.

 

-Сонгон шалгаруулалт хэр шударга байсан бэ?

 

-Шударга байсан гэж бодож байна.

 

-“Harvard”-ийн их сургуульд барагийн хүн тэнцдэггүй гэж ярьдаг. Босго нь хэр өндөр байсан бэ?

-Шалгаруулалтын босго нэлээд өндөр санагдсан. 100 хүн хүсэлтээ явуулснаас 4-5 нь л тэнцдэг юм билээ. Миний хувьд хичээлээ их сайн хийдэг байсан. Мөн хичээлээс гадуурх үйл ажиллагаанд оролцдог байсан.

Өөрөөр хэлбэл, мэтгэлцээн, байгаль орчны ажилд идэвхитэй хамрагддаг. Мөн гадаадын их дээд сургуульд ороход нөлөөлдөг Тofel-д эртнээс бэлддэг байсан.

 

 

Б.Мишээл: Гадаадад хүссэн мэргэжлээрээ суралцахын тулд нэг жил бэлтгэсэн

“California” их сургуульд тэнцэгч Б.Мишээлтэй сонгон шалгаруулалтын талаар цөөн хором ярилцлаа.

 

-Шалгаруулалт хэдэн шаттай явагдсан бэ. Хэр хүнд байв?

-Шалгаруулалт бол гайгүй байсан. Ярилцлагатайгаа хоёр үе шаттай явагдсан. Эхний шатанд эссэ бичээд, холбогдох бичиг баримтаа цуглуулсан байгаа. Дараа нь ярилцлаганд орсон. Энэ шалгаруулалтад нийт 97 хүүхэд орсон. Гадаадаас 41, монголоос 56 хүүхэд орсон. Их сайн сайн хүүхдүүд олон байна лээ.

 

-Ямар чиглэлээр суралцах вэ?

-Электроны чиглэлээр суралцахаар шийдсэн.

 

-Шалгалтандаа хэр хугацаанд бэлтгэсэн бэ?

 

-Би өнгөрсөн жил “Шинэ монгол” дунд сургуулийг төгссөн. Гадаадад хүссэн мэргэжлээрээ суралцахын тулд нэг жил бэлтгэсэн.

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин