Монгол генералуудын өдөр
2015-04-24

 

Өнөөдөр Монгол Улсын “Генералуудын өдөр” тохиож байна. Анх 1944 оны 4 дүгээр сарын 28-нд БНМАУ-ын Ардын сайд нарын зөвлөлийн тогтоолоор Ю.Цэдэнбал, Ж.Лхагвасүрэн нарт дэслэгч генерал цол, есөн офицерт хошууч генерал цол олгож байжээ.

 

Тэгвэл Монгол Улсад генерал цол бий болсны 71-н жилийн ойн баяр, "Монгол генералуудын өдөр"-ийн ёслол, хүндэтгэлийн үйл ажиллагааний нээлт Чингисийн талбайд боллоо. Генералуудын баярын өдрийн арга хэмжээг хүчний байгууллагууд жил бүр ээлжлэн зохион байгуулдаг бөгөөд энэ жил энэ ажлыг ЦЕГ хариуцаж байна.

 

Генералуудын өдрийн арга хэмжээний хүрээнд өнөөдөр Сүхбаатарын хөшөө, Чингисийн хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. Мөн Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дэх "Цагдаа" цогцолбор танилцуулах, цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг харуулсан зэвсэг, техник хэрэгслийн үзэсгэлэнг сонирхуулах ажээ.

 

1944 оноос хойших 71 жилд 172 алтан мөрдэстэн буюу генерал цолтон төрөн гарсан байна. Монгол улсын генералуудын түүхэн цадигаас сонирхолтой баримтуудыг дурдвал, тэдний дунд улсын маршал 3, армийн генерал 2, хурандаа генерал 8, дэслэгч генерал 18, хошууч генерал 107, бригадын генерал цолтон 28 төрсөн байдаг.

 

Хамгийн өндөр настан нь чөлөөнд байгаа хошууч генерал Т.Алтангэрэл 96 настай бол хамгийн залуу нь Мотобуудлагын тусгай бригадын захирагч, бригадын генерал, 38 настай Л.Онцгойбаяр ажээ. Дашрамд дурдахад, маршал Ю.Цэдэнбал 1944 онд 28 настайдаа генерал болж байв.  Генералуудаас Улсын их хурал, Засгийн газрын гишүүн, сайд, дэд сайд зэрэг төрийн дээд албан тушаал хашсан 14 хүн байдаг.

 

1939 оны Халхын гол, 1945 оны Чөлөөлөх дайнд оролцсон генерал бол Т.Алтангэрэл гуай юм байна. Завхан аймгаас хамгийн олон генерал буюу 18 алтан мөрдөстөн төрсөн байдаг. Генералын хүүхдүүдээс офицер олноор төрсөн ч генералын хүү генерал болсон нь хурандаа генерал Б.Цогийн хүү хошууч генерал, техникийн шинжлэх ухааны доктор Ц.Геннадий ажээ.

 

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Oros USA er n gadnii generaluud gedes btugai xarvin ch bku... Gexdee yaaxvee ene zaluus maani tsagtaa tsalgij bsn yum da... Bayar xurge...
2015-04-25
Зочин:
монгол арми уг нь ялагдаж байгаагүй юм. дандар баатар манайх , сүхбаатар жанжин ч манайх
2015-04-24