Өнөөдөр “Домбыра парти-2015” болно
2015-04-26

Энэ хаврын өвөрмөц парти болох “Домбыра парти-2015” Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өнөөдөр 18.00 цагаас болно. Уг арга хэмжээний зохион байгуулагчаар казах түмний үндэсний домбор хөгжмөө сурталчилахаар зорьж яваа хэсэг залуус ажиллах юм байна. 

 

“Домбыра парти”-ны гол зорилго нь казах түмний үндэсний домбор хөгжмийг олон нийтэд сурталчилах, уг арга хэмжээгээр дамжуулж заавал хөгжимчин гэхгүйгээр оролцогч бүр домбор хөгжим тоглож чаддагаа харуулахаас гадна бусад оролцогчдын домбор хөгжим тоглож сурах юмсан гэсэн хүсэл сонирхлыг нь өдөөхөд оршино. Казах түмэн эрт дээр үеэс домбор хөгжмөө маш их дээдэлдэг ард түмэн. Тийм ч учраас “Жинхэнэ казах  казах хүн биш, домбор хөгжим юм аа” хэмээн байнга хэлж заншжээ.

 

“Домбыра парти” Казахстан улсын бүх хотуудад долоо хоног болгон зохиогддог бөгөөд    өдгөө тус улсын залуучуудын хамгийн идэвхтэй оролцдог арга хэмжээ болсон байна.  Маргааш болох “Домбыра парти-2015” арга хэмжээ Улаанбаатар хотноо анх удаагаа зохиогдож байгаагаараа онцлогтой. Урлагт хайртай залуучуудаа “Домбыра парти”-нд ирэхдээ домбор, гитараа авч ирэхээ мартуузай. Хөгжимгүй ч гэсэн ирээд казах түмний ардын сайхан дуунуудыг сонсож, домбор хөгжмийн гайхамшгийг мэдрээрэй.

 

Дашрамд дурдахад домбор хөгжмийн үүсэл хөгжлийг эрдэмтэн судлаачид Хүннүгийн үеэтэй холбож тайлбарладаг. Домбор хөгжим нь шанага, нүүр, иш, чих гэсэн үндсэн хэсгүүдтэй. Домборыг урлахдаа нарс модыг шанаган хэлбэрт оруулан зорж цар үүсгэн хатаагаад, царан дээрээ хавтгай мод нааж хонь, ямааны өлөн гэдсийг ээрч утас хийгээд, хоёр утас татаж ишин дээр нь 9 эгшигийн хөг данг тохируулж өгнө. Ийнхүү домбор хөгжим бий болдог.

 

Домбор хөгжмийн эгшигнээс  цаст өндөр уулс, гол горхи, жигүүртэн шувуудын жиргэн донгодох, түмэн агтын төвөргөөн, казах үндэстний цэнгэл баяр, уй гуниг бүхнийг мэдэрч болно. Айл бүр домбор хөгжимтэй бөгөөд гэр бүлийн гишүүд бүгд домбор хөгжмөөрөө тодорхой хэмжээнд аялгуулан тоглож сурсан байдаг нь казах үндэсний соёлын эрхэм чухал бахархал юм.

 

Домбор хөгжмийн тухай домог

 

Урьд цагт Казахын нэгэн догшин ноёны хүү ан авд яваад сураггүй алга болжээ. Хүүгийн эцэг хүмүүсээ тал тал тийш илгээж хайлгасан ч хүүгийн сураг эс сонсогдоно. Догшин ноён цөхөрч, хүүгийнхээ тухай муу мэдээ дуулгасан хүний хоолойд халуун тугалга цутгана гэсэн зарлиг гаргажээ. Эрлийн хүмүүс хүүг хайж явсаар үхсэн байхыг нь олжээ. Ноёндоо энэ тухай хэлэх зоригтой хүн гарсангүй.

 

Тэдний дунд олондоо авъяас чадлаараа гайхагдсан нэгэн залуу байжээ. Тэрээр гашуудлын мэдээг дуулгахаар эзэн ноёныдоо очиж гэрт нь домбор хөгжмөөр болсон үйл явдлыг аялгуулуулан тогложээ. Түүний тоглосон хөгжмөөс ноён болсон явдлыг ухан ойлгож, энэ мэдээг дуулгасан домбор хөгжмийн хоолойд тугалга цутгасан гэдэг. Одоо ч эл домгоос үүдэн домбор хөгжмийн царанд тугалга цутгадаг уламжлал бий.

 

XIX зууныг домбор хөгжим дэлхий дахинд алдаршсан үе хэмээн нэрлэдэг байна. Казах ардын хөгжмүүдийг хэд хэдэн  төрөлд ангилж үздэг. Тухайлбал казах үндэстний эртний чавхдаст хөгжмийн зэмсгийн  төрлөөс хамгийн түгээмэл тархсан хөгжмийн зэмсэг бол домбор хөгжим. Домбор хөгжмийн 20 гаруй төрөл байдаг бөгөөд хэрэглэгчийн байдлаар том хүний, хүүхдийн домбор гэж ангилдаг юм. Харин домбор хөгжмийн аялгууг шертпе буюу зөөлөн ритмтэй, төкпе буюу нилээд ширүүн ритмтэй гэж ангилдаг.

 

Хамгийн эртний домбор хөгжмийг Бүгд Найрамдах Казахстан Улсын Л.Н.Гумилевийн нэрэмжит Евразийн Үндэсний Их Сургуулийн эрдэмтэд олж илрүүлж, “Ата домбыра” буюу “Өвөг домбыра” хэмээн нэрлэсэн бөгөөд одоогоор тус сургуулийн музейд хадгалагдаж байна.

 

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
iran kawkaz:
dombor chin yag unendee hasaguudiin hogjim bish iran kawkaz garaltai hogjim shuudee
2015-04-26