Цонхоор харагддаггүй хүчирхийллийг зогсооно
2015-04-27

Ерөнхийлөгчийн санаачлан өргөн барьсан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж эхэллээ. Өмнөх Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль батлагдаад 10 гаруй жил болж байгаа. Хуулийн хүрээнд энэ хугацаанд төрөөс хүчирхийлэлд өртсөн хохирогчдыг хамгаалан байрлуулах, гэр бүлд утсаар зөвлөгөө өгөх үйлчилгээг гэрээгээр мэргэшсэн төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх, нэг цэгийн үйлчилгээний төвүүдийг байгуулан үйлчилгээ үзүүлж эхэлсэн зэрэг тодорхой ажлууд хийгджээ. Гэвч хүчирхийллийн гаралт буурсангүй. Харин ч хүний амь нас хохирох, гэмтэх, хүүхэд өртөх зэргээр илүү ноцтой хэлбэрт шилжсэн байна. Жишээлбэл, сүүлийн 4 жилийн хугацаанд гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг 1505 бүртгэгджээ. Үүнээс  49 хүн амь насаа  алдаж, 1180 хүн гэмтсэн байна. Энэ нь зөвхөн цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн  мэдээлэл.

 

Цаана нь хуулийн байгууллагад бүртгэгдээгүй болон захиргааны зөрчилд тооцогдон арга хэмжээ авагдсан хүчирхийллийн тоо үүнээс 5 дахин их байгаа гэсэн зүрх эмтэлж, айдас дагуулам баримтыг төрийн бус байгууллагуудын судалгаа харуулж байна. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойших 8 жил гаран хугацаанд хохирогчийн аюулгүй байдлыг хамгаалах 41 шийдвэрийг шүүх гаргажээ. Шүүхийн эдгээр шийдвэрийн нэг нь ч хэрэгжээгүй гэж албаныхан хэлж байна. Шүүхийн шийдвэр хэрэгжихгүй бол өөр хаана хууль хэрэгжиж, иргэд хэнд итгэх вэ?

 

Шүүхийн шийдвэр хэрэгжээгүйн бурууг “хуулийн зохицуулалт оновчтой бус, байгууллагуудын эрх хэмжээ, оролцоог хэт ерөнхий, салангид байдлаар тусгаж, хохирогч, түүний гэр бүлийн гишүүдийн аюулгүй байдлыг хамгаалах процедурыг орхигдуулсантай холбоотой байна” гэсэн албаны ч гэх үү жижүүрийн ч гэх үү тайлбараар  хаацайлжээ.

 

2004 онд хуулийг батлахдаа дагалдах хуулиудад зохих нэмэлт, өөрчлөлтийг оруулаагүйгээс хууль хоорондын хийдэл, зөрчилдөөнт байдал үүссэнээс гадна хохирогчийн аюулгүй байдалтай холбоотой хамгаалалт огт зохицуулалтгүй үлдсэн хуулийн цоорхой илэрчээ.  

 

Энэ бүхэн нь хуулийн зохицуулалтыг хүчгүй, тунхаглалын шинжтэй болгохын зэрэгцээ хохирогчийг дахин хүчирхийлэлд өртөх, хүчирхийлэл үйлдэгчид хариуцлагаас мултрах боломжийг олгожээ. Тухайлбал, 2010 онд Нийслэлийн хэмжээнд хуулийн байгууллагад ажиллаж байгаа нийт 400 хуульчаас авсан асуулгын судалгаагаар тэдний дөнгөж 10 хувь нь уг хуулийг хэрэглэж үзсэн хэмээн хариулсан байх юм. Хуульчид нь хуулиа хэрэгжүүлэхгүй байхад хохирогчид хохирч, хүчирхийлэл үйлдэгчийн авир ширүүсэх нь ойлгомтой биз.

 

Харин шинээр хэлэлцүүлж байгаа Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд дээрх хуулийн цоорхойг бөглөх, хохирогчийг хамгаалах, хүчирхийлэл үйлдэгчид эрүүгийн хариуцлага тооцож, яллах хүртэл арга хэмжээ авахаар тусгажээ.  Хүүхдийн нас, сэтгэхүйн онцлог, эцэг эх, хууль ёсны асран хамгаалагчаас хамааралтай эмзэг байдлыг харгалзан хүүхдийг гэр бүлийн хүчирхийллээс хамгаалах зохицуулалтуудыг  шинээр оруулсан байна.

 

Хуулийн үйлчлэх хүрээг өргөтгөж гэрлэгчид, хамтран амьдрагч, гэр бүлийн гишүүн, асран хамгаалагч, хамгаалуулагч, харгалзан дэмжигч, дэмжүүлэгч, тодорхой нөхцөл шалтгааны улмаас тухайн гэр бүлд амьдарч байгаа хүн, тусдаа амьдарч байгаа төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхэд, төрсөн болон үрчлэн авсан эцэг, эх, ах, эгч, дүүгээс гадна эхнэр, нөхөр байсан, дундаасаа хүүхэдтэй хүмүүсийг энэ хуулийн зохицуулалтад хамруулжээ.

 

Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох, хохирогчийг хамгаалах, хүчирхийлэл үйлдэгчдэд хариуцлага хүлээлгэх үүрэг хүлээсэн байгууллагуудын дунд мэдээллийн нэгдсэн сүлжээг бий болгож, мэдээлэл, дүн шинжилгээнд үндэслэн шийдвэр гаргах боломжийг бүрдүүлэх аж.

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх зохицуулалт энэ хуулиас гадна Эрүүгийн эрх зүйн шинэчлэлийн хүрээнд боловсруулагдаж байгаа бусад хуулийн зохицуулалтаар давхар хангагдах боломжийг бүрдүүлсэн байна. Жишээ нь, хүчирхийллийг таслан зогсоох, хохирогчийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах зорилгоор цагдаагийн ажилтнаас эрх хэмжээгээ хэрэгжүүлэх үндэслэл, журам, хэргийн бодит байдлыг шалган тогтоохтой холбоотой зохицуулалтыг Хууль сахиулах үйл ажиллагааны тухай хуулиар, хүчирхийлэл үйлдэгчид хүлээлгэх хариуцлагын төрлийг Гэмт хэргийн тухай хуулиар, шүүхээс оноосон ялыг хэрэгжүүлэхтэй холбоотой зохицуулалтыг ял эдлүүлэх, нийгэмшүүлэх тухай хуулиар гэх мэтчлэн цогц байдлаар тусгажээ.

 

Хохирогчийг хамгаалах, нөхөн сэргээх үйлчилгээний зохицуулалтыг цогц  байдлаар томьёолж, үйлчилгээг мэргэшсэн төрийн бус байгууллагаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх, тэдэнд үзүүлэх дэмжлэгийн хэлбэрүүдийг багтжээ. Хохирогч хүчирхийлэл үйлдэгч этгээдийг цагдаад дуудлага өгөхөд түр саатуулж, маргааш нь төлбөр төлөн авдаг. Сэтгэлзүйн хийгээд эд мөнгөний хохирол амсдгийг уг хуулийн зохицуулалтаар өөрчилж байгаа гэнэ. Гэр бүлдээ хүчирхийлэл үйлдсэн этгээд цагдаад саатуулагдсан тохиолдолд төлбөрөө нийгмийн тустай хөдөлмөр эрхэлж төлөх ажээ.

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд хорооны цагдаа нар хүрэлцэх үү гэдгийг хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүд хууль санаачлагчаас лавлаж байсан. Цаашлаад гэр бүл үйлдэгч нь ихэвчлэн гэрийн эзэн, эрчүүд байгаа нь судалгаанаас төдийгүй амьдралаас харагддаг. Ажилгүйдэл, архидалт зэрэг  нийгмийн сөрөг үзэгдэл нь гэр бүлийн амьжиргааг доошлуулж, амгалан тайван байдлыг алдагдуулаад зогсохгүй, гэрийн эзэн, монгол эр хүний үнэлэмжийг унагажээ. Тиймээс эр хүний үнэлэмж, ноён нуруу, өрхийн тэргүүний үүрэг зэргийг бусад хуулиар тодорхой тусгах саналыг ч гишүүдийн зүгээс гаргаж байв.

 

Хүчирхийллийг эрт шатанд таслан зогсоох, гарч болох эрсдлээс урьдчилан сэргийлэх боломж бүрдсэнээр холбогдох зардал өмнөх байдлаас хэд дахин багасдаг болох олон улсын жишгээс харагджээ. Хуулийн төсөл батлагдсанаар орон тоо шинээр нэмэгдэхгүй аж. Одоогийн төсөв, орон тоонд багтаан нэг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх дэд болон салбар зөвлөлийн ажлын алба, цэгийн үйлчилгээ, цагдаагийн тусгай нэгжийн үйл ажиллагааг зохион байгуулах гэнэ.

 

Нийгмийн амгалан тайван байдал гэр бүл, өрхийн халуун дулаан, энх амар аж төрөхөөс эхэлнэ. Тиймээс ноён нураатай байж, хань ижил, үр хүүхдэдээ халуун дулаан, өмөг түшигтэй хандах нь өрхийн тэргүүний үүрэг билээ. Гэр бүл, үр хүүхдээ харцаараа зэмлэж, хазгай гишгэсэн нэгэнд нь алганы амт үзүүлэх төдийг хүчирхийлэл гээд байгаа юм биш. Хань ижил, үр хүүхдээ харгислан амь насанд нь хүрсэн аюул, заналхийллийг өнөөдөр хуулиар шийдэж, зогсоохгүй бол болохгүй цаг болжээ.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
айайн?:
Цонхоор харагддаг хүчирхийллийг зогсоохгүй юм уу??? Айийн?
2015-04-28
zerleguudiin turleg gej:
Zerleguudiin turleg gesen niitlel Baabar bichsen baisan. Sogtuu hulchuu hunii tuhai ehlej durdsan ni uchirtai bolov uu. Havtgairsan arhidan sogtuurhal bol dain tahal ulsgelen 3-tai tentsdeg gej negen suut erhem aildsan baidag ajee. Mongold neg hund 50 lirt arhi noogdoj baina gedeg undesnii muheliin ayultai hemjeeg 6 dahin hetruulsen gesen ug.. Arhind dontolt bol uvchin geed olon ulsad huleen zuvsheersen baidag ajee. Tiimees Huchirhiilel garah ersdel ikh baih ni oilgomjtoi yum daa. Uhaaalag turees uchriig olj tom bodlogo yavuulmaar baina.
2015-04-27
huuliar:
Zuvhen huuliar huchirhiileliig arilgah bolomjgui bolov uu. erdemed 1-iig heleh yostoi doo.
2015-04-27
Зочин:
Одооны тэр өргөн мэдүүлээд байгаа хуулийн төсөл нь баахан олон байгууллага үүрэгтэй гэж бичсэн атлаа тэр үүргээ хэрэгжүүлээгүй тохиолдолд тэрэнд хэн хариуцлага хүлээлгэх нь тодорхой бус байгаа учраас бэлэгдлийн чанартай хууль болох нь тодорхой байна лээ
2015-04-27
Зочин:
ovormots argaar
2015-04-27
Emegteichuud:
Emegtei hun bas hamgiin dald horon huchirhiilegch badag gedgiig tusgaj ugsun bolu?
2015-04-27
Зочин:
Чи хүүхэд гаргаж болохгүй, чи энд байх ёсгүй, чи дахиад хүүхэд гаргах юм уу, хүүхэд гаргавал яваарай гэх мэт дарангуйлал нь цонхоор харагддаггүй хүчирхийлэл мөн үү. Мөн бол Зайсангийн хүрээлэнд газар авсан асуудал шүү.
2015-04-27