“Airbus A320”-ийн зорчигчдод хүндэтгэл үзүүлэв
2015-04-28

Альпийн нуруунд осолдсон Германы “Germanwings” компанийн “Airbus A320” онгоцонд 143 зорчигч болон багийн долоон гишүүн зорчиж явсан бөгөөд ослоор бүгд амиа алдсан юм. Тус онгоцонд Испанийн 50 иргэн зорчиж явсан бөгөөд тэдний дурсгалыг хүндэтгэж өчигдөр нийслэл Мадрид хотноо хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Хүндэтгэлийн арга хэмжээнд зорчигчдын гэр бүл оролцсноос гадна тус улсын эзэн хаан Филипп, хатан Летизиа нар оролцжээ. Эзэн хаан “Өнөөдрийг уй гашууг бид мартаж болохгүй. Харамсалтайгаар бурхны оронд очсон иргэдээ үеийн үедээ санан, дурсах болно” гэж хэлжээ.

 

Ослын гол буруутнаар хоёрдугаар нисгэгч Андрес Любиц нэрлэгдэж байгаа юм. Тэрээр ахмадыг бүхээгнээс гарч явсны дараа хаалгаа цоожилж, жолоо авсан нь хар хайрцагны бичлэгт үлдсэн байсан. Испанийн хаан ослын асуудлаар Герман болон Францын удирдлагуудтай уулзах санал тавьсан бөгөөд Ерөнхийлөгч Франсуа Олланд саналыг хүлээн авч буйгаа хэвлэлийн төлөөлөгчөөрөө дамжуулан уламжилжээ.

 

“Germanwings” компанийн удирдлагууд ослоор амиа алдсан зорчигчдын ар гэрт тус бүрт нь 50 мянган ам.долларын нөхөн төлбөр олгохоо мэдэгдсэн. Энэхүү мөнгө нь хуулийн дагуу олгогдох ёстой нөхөн төлбөрөөс тусдаа бөгөөд бүх зорчигч болон багийн гишүүдийн ар гэрийнхэн дээрх нөхөн төлбөрийг хүлээн авсан гэдгийг Германы “BILD” сонин мэдээлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин