Сарьдаг хийдийн олдворуудаар үзэсгэлэн гаргажээ
2015-04-28

Монголын нэрт соён гэгээрүүлэгч, анхдугаар богд, Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойд зориулан түүний бүтээлээ туурвиж байсан Сарьдагийн хийдийн туурийн малтлагаас гарсан олдворуудыг сурталчлан таниулах зорилготой “Номын их хүрээг нээсэн нь: Сарьдагийн хийдийн судалгаа” сэдэвт үзэсгэлэн Дүрслэх урлагийн музейд нээгдээд байна.

 

Тус үзэсгэлэнд Номын их хүрээ буюу Сарьдагийн хийдийн тууриас малтлагаар илэрсэн 1000 гаруй олдвороос дээжлэн 150 гаруй үзмэрийг дэлгэн үзүүлсэн байна. Олноо “Сарьдагийн хийд” хэмээн алдаршсан Номын Их хүрээний туурийг XX зууны эхэнд олсон хэдий ч дорвитой судлагдалгүй өнөөг хүрчээ.

 

Харин уг хийдийн туурийг ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн захирал профессор С.Чулууны санаачилгаар 2013-2016 оны хооронд хэрэгжүүлж буй “XVII зууны Монголын хотууд” төслийн хүрээнд археологийн малтлага судалгааг хийгдэж эхлээд байгаа аж.

 

Төслийн хүрээнд 2013, 2014 онуудад ШУА-ийн Түүхийн хүрээлэн, ССАЖЯ, Богд хааны ордон музей, Соёлын өвийн төв, Хан Хэнтийн дархан газартай хамтарсан хээрийн шинжилгээий анги хэд хэдэн газарт малтлага судалгаа хийсэн байна. Судалгааны дүнд уг хийдийн зохион байгуулалтын талаар багагүй хэрэглэгдэхүүн цуглуулж, Номын их хүрээний зургийг сэргээн зураглажээ.

 

Түвэд маягийн хавтгай дээвэртэй, дээврийг ногоон, алтан шар, улбар шар өнгийн ваараар хучиж, гоёмсог хээ угалзтай нүүр ваар, паалантай шавар дүрсүүдээр чимэглэсэн болохыг тодруулсан нь XVII зууны монголын хот суурин, хүрээ хийдийн судалгаанд томоохон ач холбогдолтой ажил хэмээн дүгнэж байна.

 

Малтлага судалгааны дүнд уран нарийн хийц бүхий барилгын шавар чимэглэл, язгуурын таван бурхан болон асар том хэмжээтэй бурхдын шавар баримал, тал хэвэнд цутгасан бурхдын шавар дүр зэргийг илрүүлсэн нь монголын төдийгүй Дэлхийн хэмжээнд Занабазар судлалд нэн их ач холбогдол бүхий хэрэглэгдэхүүн цуглуулжээ.

 

Мөн Өндөр гэгээний тус хийдээс эртний Монголчуудын ялтсан хуяг, дуулга, илд, цахиур буу, цагаан шаазан цом зэрэг тахил шүншигийн холбогдолтой эд өлгийн зүйлс алт, мөнгө, эрдэнийн чулуу зэрэг XVII зууны үеийн эдийн соёлыг нэхэн сэргээхэд чухал ач холбогдолтой биет олдворыг илрүүлэн олж судлан шинжилж байгаа аж.

 

П.Наран

Shuud.mn
Сонин хачин