Монголын цэргүүд Улаанталбайд хамтарсан бэлтгэл хийнэ
2015-04-29

Аугаа их Эх орны дайны  ялалтын 70 жилийн ойг тохиолдуулан Монгол цэргүүд ОХУ-ын Москва хотын Улаан талбайд, Монгол хүүхдүүд ОХУ-ын Ангарск хотод ялалтын парад алхана.

 

Тэгвэл Улаан талбайд парад алхах Монголын дайчид дэлхийн цэргүүдтэй хамтарсан бэлтгэлээ базаагаад эхэлжээ. 

 

Парад алхах бүрэлдэхүүн энэ сарын 25-нд Москва хотноо очсон бөгөөд тэднийг Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамны Цэргийн атташе,  Бригадын генерал Г.Энхбаатар угтан авсан байна. Бүрэлдэхүүнийг ахалж  яваа  ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын орлогч дарга, хурандаа С.Дашзэвэгтэй холбогдлоо.

 

Тэрбээр "Дайчид маань олны орны цэргүүдийн хамт бэлтгэлээ хангаад  явж байна. Энэ сарын 26, 27-ны өдрүүдэд Москва хотын ойролцоо Алабины цэргийн сургалтын төвд нэгдсэн бэлтгэл хийсэн. Мэдээж манай бүрэлдэхүүний жагсаал сайн байгаа. Өнөө шөнө Улаан талбайд хамтарсан бэлтгэл хийнэ. Мөн ирэх сарын 4, 7-ны өдрүүдэд  ч гэсэн мөн адил шөнийн бэлтгэлийг Улаан талбайд хийнэ" гэсэн юм.

 

 

  Аугаа их Эх орны дайны ялалтын 70 жилийн баярын цэргийн ёслолын жагсаалд  14 000 цэргийн алба хаагч, 194 нэгж хуягт техник, 150 онгоц, нисдэг тэрэг оролцуулан явуулахаар төлөвлөснөөс гадна тус улсын 26 хотод цэргийн жагсаалыг явуулахаар бэлтгэж байна.

 

Монгол Улс, БНХАУ, Энэтхэг, Азербайджан, Армени, Белорусь, Тажикстан, Казакстан, Киргизстан, Серби зэрэг 10 улсын Зэвсэгт хүчнээс тус бүр 70 цэргийн алба хаагч бүхий нэг нэг салбар оролцоно.

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Сайхан хувьтай сайхан хөвгүүд. Энэ хүндтэй талбайд та нарын эцэг өвгөд ч парад алхаж байгаагүй шүү.Харин та нар алхах гэж байна. Эх орныхоо нэрийг өндөрт өргөж цог жавхаатай бахдам сайхан алхана гэдэгт итгэж байна. Та нар чадна аа.
2015-04-29