ОХУ-аас орж ирсэн гурван түймрийг цурамд оруулжээ
2015-04-29

Дорнод аймгийн Баян-Уул, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумдад ОХУ-аас орж ирсэн түймрийг цурамд оруулжээ.

 

Дорнод аймгийн Баян-Уул сумын Эрээн багийн нутаг “Хясуу ферм” гэдэг газар Монгол Улсын хилийн 828 дугаар тэмдэгтийн чиглэлээр ОХУ-ын нутгаас ой, хээрийн түймэр орж ирсэн дуудлагыг 2015.04.15-ны өдрийн 09:30 цагт хүлээн авчээ. Уг түймэр нь мөн аймгийн Цагаан-Овоо, Хэнтий аймгийн Дадал, Норовлин сумын нутагт тархан шатсан.

 

Хэнтий аймгийн нутагт тархан шатсан түймрийг тус аймгийн Онцгой байдлын газрын 33 албан хаагч, Аврах тусгай ангийн 13 албан хаагч, орон нутгийн 40 иргэн, нийт 86 хүн, 11 техник хэрэгсэлтэйгээр 2015.04.19-ний өдрийн 17:40 цагт цурамд оруулсан түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.

 

Мөн Дорнод аймгийн Баян-Уул сумын Эрээн багийн нутаг “Ульхан” гэдэг газар Монгол Улсын хилийн 838 дугаар тэмдэгтийн чиглэлээр ОХУ-ын нутгаас ой, хээрийн түймэр энэ сарын 19-ний өдөр орж иржээ. Уг түймэр тус сумын Заяат багийн нутаг “Хайчийн гол” гэдэг газар тархан шатсныг Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, Аврах тусгай ангийн 20 албан хаагч, нийслэлийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, Хилийн цэргийн 0275 дугаар ангийн 17 албан хаагч  нийт 61 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр ажиллан энэ сарын 25-ны өдрийн 19:00 цагт цурамд оруулж, түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна.

 

Энэ сарын 25-ны өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутаг, Хилийн цэргийн Минжийн заставын хариуцсан Монгол Улсын хилийн 740-741 дүгээр тэмдэгтийн чиглэлээр ОХУ-ын талаас ойн түймэр орж ирсэн байна. Гал түймэртэй тэмцэх газрын дарга, онцгой байдлын хурандаа С.Залуухүү ахалсан Аврах тусгай ангийн 22, Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн 3 албан хаагч, Хилийн цэргийн 0287 ангийн 4, нийт 29 албан хаагч, 1 нисдэг тэрэгтэйгээр ажиллаж, 2015.04.26-ны өдрийн 19:00 цагт түймрийг цурамд оруулжээ.

 

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
galiig tsohij bolohgui shoroogoor bulj untraadag yum
2015-04-29