Ник Гордан: Кристинаг явуулахыг хүсээгүй
2015-04-29

Дуучин Уитни Хьюстоны охин Бобби Кристина энэ оны эхээр гэрээсээ ухаангүй байдалтай олдсон юм. Тэрбээр саяхан ухаан орсон ч цаашид ургамалан хүн болох эрсдэлтэй байгааг эмч нар сануулж буй. Ээжийгээ таалал төгссний дараа Кристина өргөмөл ах Ник Гордантай сүй тавьсан билээ. Уитнигийн өргөмөл хүү Ник Горданы “www.telegraph.co.uk” сайтад өгсөн ярилцлагыг хүргэж байна.

 

-Бобби Кристина ухаан ороод удаагүй байгаа. Тэр ямархуу байдалтай байна?

-Түүний биеийн байдал хэвийн байгаа. Хэдий ухаан орсон ч ганц үг ч хэлээгүй. Зүгээр л  нүдээ нээсэн. Кристина нүдээ нээсэн. Би баяртай байна.

 

-Тэрбээр Жоржиа муж дахь гэрийнхээ угаалгын өрөөнөөс ухаангүй олдсон. Цуснаас нь шинжилгээ авахад архи болон мансууруулах бодис илрээгүй. Та хэргийн газар хамгийн эхэнд ирсэн хүн бас гол гэрч?

-Тиймээ. Олон нийт намайг буруутгаж байгаа. Тиймээ Кристинагийн аав Бобби хүртэл намайг буруутгасан. Би ямар ч буруугүй. Энэ бол үнэн. Кристинаг олох үед миний дэргэд хэн ч байгагүй. Гэхдээ бурхан намайг хамгаалж, буруугүй гэдгийг минь гэрчлэх байх. Би өнөөдрийг хүртэл Кристинагийн царайг хараагүй байна. Ухаан орсон гэдгийг сэтгүүлчдээс сонссон. Энэ сайхан мэдээг сонсоод түүнтэй уулзахыг хүссэн ч аав нь зөвшөөрөөгүй. Би тэдний хувьд хэн ч биш байж болно. Гэхдээ би Кристинагийн хамгаалагч, хайртай залуу нь. Бидний гарын хуруунд хос бөгж байна. Тиймээс бид нэг хүмүүс гэсэн үг.  

 

-Түүний амьсгалын аппартыг салгахад чамайг эсэргүүцсэн гэж сонссон?

-Би Кристинаг явуулахыг хүсээгүй. Би энэ хорвоод ганцаараа үлдэхийг хүсээгүй юм.

 

-Чи 25 настай. Уитни Хьюстон чамайг 11 настай байхад чинь өргөж авсан. Чи Уитнигийн гэрт нүүж ирэхэд Кристина долоон настай байсан. Та хоёр хэрхэн дотноссон юм бэ. Та хоёрын харилцааг Уитни мэддэг байсан уу?

-Миний аз жаргал тэр өдрөөс эхэлсэн гэж болно. Миний төрсөн ээж Мишель намайг Уитнитэй танилцуулаад “Энэ бол чиний ээж. Хайрлаж яваарай. Ээжид нь сонголт байсангүй. Бид хоёрын нэг нь сайхан амьдрах хэрэгтэй” гэж хэлсэн. Би “яагаад” гэж асуусан ч ээж хариулахыг хүсээгүй. Миний амьдрал нэгхэн өдрийн дотор бүхэлдээ өөрчлөгдсөн. Хоёр өрөө байранд амьдардаг би гэнэт л 30 өрөөтэй тансаг харшид нүүж ирсэн. Дэлгүүрийн шилэн лангуунаас л хардаг байсан тэр амттанг би хүссэн үедээ идэх боломж олдож, өглөө нь худалдаанд гарсан үнэтэй брэндийн хувцсыг шууд өмсөж эхэлсэн. Энэ бүхэн зүүд байгаагүй. Хорвоод ганцаараа ирсэн би гэнэт л хөөрхөн охин дүүтэй болсон. Та асуусан Кристинатай хэрхэн хайрын холбоо үүсгэсэн юм бэ гэж. Би Кристинаг их жоохон охин байхад нь харсан. Их эгдүүтэй охин байсан. Өдрөөс өдөрт дотносч, дассан сэтгэл минь хайр байсныг сүүлд ойлгосон. Кристинаг хайраа илчлэхэд л бидний харилцаа ах, дүүгийнх байгаагүй гэдгийг сайн ойлгосон.

 

 

-Энэ бүх үнэнг Уитниг амьд байхад нь хэлээгүй юм бэ?

-Айсан. Тэгээд л боллоо. Урмыг нь хугалахыг хүсээгүй.

 

-Уитнигийн үхэл Кристинаг өөрчилсөн хэмээн хэвлэлүүд мэдээлдэг. Санал нэгдэх үү?

-Тиймээ. Гэнэтийн үхэл, гэнэтийн мэдээ Кристинагийн ааш занг бүхэлд нь өөрчилсөн. Ууртай болсон. Надад түүний гэнэтийн өөрчлөлт дургүй хүргэмээр санагдаж, муудалцаж эхэлсэн. Би их харамсч байна.

 

-Кристина асар их хөрөнгийн эзэн. Уитни танд хөрөнгө үлдээсэн үү?

-Энэ тухай ярихыг хүсэхгүй байна. Би түүний гэрээслэлийг хараагүй.

 

-Сар гаруйн хугацаанд хоол идээгүй гэж сонссон. Биеийн байдал хэр байна?

-Кристина сэргэж, өмнөх шигээ цовоо сэргэлэн болох хүртэл би хоол идэхгүй. Үхсэн ч харамсахгүй. Хэрвээ Кристина үгүй болбол би ч гэсэн үгүй болно. Бид хоёр нэг өдөр мэндлээгүй ч нэг өдөр хорвоогоос халих учиртай. Бидний хайрыг хэн ч салгаж чадахгүй. Мөн бидний амьдралд хэн хөндлөнгөөс оролцож, заахыг би хүсэхгүй, эсэргүүцэж байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин