Хууль бусаар халагдсан гэх нэг ч шүүхийн шийдвэр ирээгүй
2015-04-29

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос төрийн жинхэнэ алба хаагчдыг үндэслэлгүйгээр халсан асуудлаар  холбогдох яам, талуудыг оролцуулсан Нээлттэй сонсгол  хийлээ. Нээлттэй сонсголд Засгийн газрын гишүүд, УИХ-ын гишүүд, Төрийн албаны зөвлөл, иргэдийн  төлөөлөл оролцсон юм. Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү Нээлттэй сонсголд ирсэн Засгийн газрын гишүүдээс дээрх асуудлаар тайлбар авсан.

 

Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба хэлэхдээ “2014 оны 12 сарын 04-ний өдөр УИХ-аар батлагдсан “Засгийн газрын бүтцийн тухай” хуулиар эрүүл мэндийн яамны үндсэн чиг үүрэг өргөжиж, “Эрүүл мэнд спортын яам” шинээр байгуулагдсан. Соёл, спорт аялал жуулчлалын яам татан буугдаж, тус яаманд бодлого зангидаж байсан Нийтийн биеийн тамир, спортын бодлогыг хэрэгжүүлэх чиг үүрэг шинээр байгуулагдсан ЭМСЯ-д шилжиж ирснээр яамны чиг үүрэг өөрчлөгдөж, бүтэц зохион байгуулалтад нилээн хэмжээний өөрчлөлт орох үндэс болсон.

 

Бид засгийн газрын 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн “Яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар батлах тухай” 382 дугаар тогтоолоор батлагдсан бүтцийн хүрээнд яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийг байгуулсан. Өмнөх эрүүл мэндлийн яам  4 газар, 8 хэлтэстэй, 118 оронтой байсныг шинэ бүтцээр 5 газар 4 хэлтэстэй болгосон.

 

Өргөдлийн байнгын хороонд манай яамны нэр дээр ирсэн  11 өргөдөл нь төрийн албан хаагч хууль бусаар чөлөөлөгдсөнтэй холбоогүй. Эмчилгээний чанар, тусламж үйлчилгээ, өндөр өртөгтэй хагалгааг гадаад улсад хийлгэх  тухай өргөдлүүд байгаа. Энэ асуудал үүсгээд байгаа   зүйл бол Төрийн нарийн бичгийн дарга нарын асуудал. Өмнө нь хоёр Төрийн нарийн бичгийн даргатай байсан. Хатанбаатар гурван шатны шүүхээр яваад үндэслэлгүйгээр халагдсан гэсэн шийдвэртэй. Эрдэнэтуяагийн хувьд өмнө нь хашиж байгаагүй буюу ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн албан тушаалд  эргүүлэн  томилох шийдвэрийг шүүхээс гаргуулсан. Өөрөөр хэлбэл,  нэг  ажлын байранд хоёр хүнийг томилох шийдвэрийг шүүхээс гаргасан.

 

Төрийн жинхэнэ албан  хаагчийг түр  орлон гүйцэтгэх албыг 26 жил тасралтгүй ажилласан хүнийг  ажиллуулж байгаа. Одоо сонгон шалгаруулалт төлөвлөгдсөн байтал шүүхийн асуудал сөхөгдөж асуудал хойшлоод байна. Би ажлаа аваад нэг ч эмнэлгийн даргыг өөрчлөөгүй. Шүүхэд хандсан нэг хоёр хүний асуудлын хариуцагч нь Засгийн газар. Төрийн ажилд улстөрийн өнцгөөс биш мэргэжлийн баг, уламжлалыг хэвээр үргэлжлүүлэх, удирдах ажлын туршлагатай хүмүүсийн тусламжтайгаар энэ салбарын ажлыг авч явж байгаа.

 

Эрүүл мэндийн салбарын бодлого боловсруулах чиг үүрэг дээр нийтийн биеийн тамир, сдортын бодлого боловсруулах чиг үүрэг нэмэгдэж ирснээр бүх газар хэлтсүүдийн чиг үүрэг, ажлын бйарын тодорхойлолт өөрчлөгдсөн. Тухайлбал, Эрүүл мэндийн болон нийтийн биеийн тамир, спортын гэсэн бодлогын хэрэгжилтийг зохицуулах 2 үндсэн газартай болсон зэрэг өөрчлөлтүүд хийгдсэн.

 

Засгийн газрын 2015 оны төсөв батлагдахад яамны  орон тоог 101 хүнтэй байхаар батлагдсан  тул орон тоог тодорхой хэмжээгээо цомхотгох шаардлага мөн гарсан. Яамны төрийн нарийн бичгийн даргын үүрэг гйүцэтгэгчийг засгийн газрын 2011 оны 62 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журам”-ын 3.1 дэх заалтыг үндэслэн томилж ажил үүргийг гүйцэтгүүлж байна. 

 

Батлагдсан бүтэц орон тооны хязгаартаа багтаан төрийн албаны тухай хуулийн 27.2.3, Засгийн газрын 2014 оны 12 дугаар сарын 30–ны өдрийн “Яамдын үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийг батлах тухай” 402 дугаар тогтоолыг үндэслэн яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжийн үндсэн чиг үүргийн дагуу албан хаагчдыг мэргэжлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчдыг ажлын байранд байршуулан томилсон.

 

Яамны газар, хэлтсийн дарга нар одоогоор үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаа. ТНБД-ыг жинхлэх асуудал шийдэгдэж, Төрийн албаны салбар зөвлөл эрх зүйн чадамжтай болсны дараа үүрэг гүйцэтгэгч газар хэлтсийн дарга нарын ажлын байрны асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэх болно. Яамны хувьд төрийн жинхэнэ албан хаагчдыг ажлаас үндэслэлгүй халсан тохиолдол байхгүй. Шүүхээс албан ёсоор ажилд эргүүлж томилохоор шийдвэр гарсан асуудал одоогоор байхгүй. Бүтцийн өөрчлөлт, орон тооны цомхотголтой холбоотойгоор ажлаас чөлөөлөгдсөн 10 албан хаагч бий.

 

Эдгээр төрийн албан хаагчид Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйл 27.2.4 –т заасны дагуу 6 сарын цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг олгогдсон. Мөн өндөр насны тэтгэвэрт гарсан, өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн, өөр ажилд шилжсэн нийт 17 хүн байна. Харъяа 21 байгууллалагын дарга, захирлуудтай 2015 оны үр дүнгийн гэрээг үргэлжлүүлэн байгуулж хамтран ажиллаж байна.

 

Миний бие сайдаар томилогдсоноос хойш төрийн залгамж чанарыг хадгалж, мэдлэг боловсролтой, ажлын туршлага, төрийн мэргэшсэн албан хаагчдаас бүрдсэн баг хамт олон, байгууллагын бий болгосон үнэт зүйл, тогтсон олон сайхан уламжлалыг цааш хэвээр үргэлжлүүлэх, үүний дотор салбарын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн  нэр хүндтэй  удирдах ажлын туршлагатай эмнэлгийн удидлагууд, захирлууд нарийн мэргэжлийн өндөр ур чадвартай эмч  мэргэжилтнүүдийн зөвлөгөө, туслалцаатайгаар хамтын хүчээр энэ салбарын тулгамдаж буй асуудлуудыг шийдэхийг хичээн ажиллаж байгааг та бүхэнд хэлэхийг хүсч байна" гэлээ.

 

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
Sain baina:
Saranaa
2015-04-29