Амиа алдагсдын тоо 6100-д хүрчээ
2015-05-01

Нуранги дороос 5 хоногийн дараа 15 настай Ремба Таманг гэх хүүг эсэн мэнд гарган авчээ Балбад болсон 7.8 баллын хүчтэй газар хөдлөлтийн улмаас өнөөдрийн байдлаар 6155 хүн амиа алдаж, 13.402 хүн шархтсан тухай “www.mix1023.com.au” мэдээллээ. Амиа алдагсдын тоо 10 мянгад хүрч болзошгүйг Балбын удирдлагууд мэдэгдэж, олон улсаас хүмүүнлэгийн тусламж болон аврагчаа гамшигийн бүс рүү илгээхийг хүссэн байна. Балбад туслах зорилгоор НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн энэ амралтын өдөр нэгдсэн чуулга уулзалт зохион байгуулахаа мэдэгдсэн билээ.

 

Гамшигийн бүсэд Балбын аврагчдаас гадна 12 улсын 2500 гаруй аврагч ажиллаж байна. Олон улсын аврагчид өчигдөр Катманду хотын нэгэн барилгын нуранги дороос 15 настай Ремба Таманг гэх хүүг эсэн мэнд гаргаж авчээ. Хүү тав хоногийн турш нуранги дор байсан бөгөөд хөл болон хүзүү нь хүндээр гэмтсэн байна. Аврагчид хүүг олсон барилгын дороос 10 эмэгтэйн цогцсыг гаргаж авчээ.

 

Катманду хотын 1000 гаруй иргэн аврагчидтай нэгдэж, сураггүй байгаа иргэдийг хайж эхэлсэн байна. Балбын Ерөнхий сайд Сушаль Койрала газар хөдлөлтийн дараах хохирлын хэмжээг 10 тэрбум ам.доллар гэсэн билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин