Сүүгээ авах уу, сонингоо унших уу?
2015-05-03

"ҮНЭН" гэх асар  үзэл сурталжсан төв хэвлэлтэй байсан үе бий. Хэдийгээр энэ сонин намын төв аппаратаас хянагддаг хатуу цензуртэй байсан ч сэтгүүлчид нь ёс зүй болоод мэргэжлийн чадварын хувьд шигшигдэн гарч ирдэг байж. Гартаа ган үзэг атгаж сэтгүүлч мэргэжлийг эзэмших нь нэр төрийн хэрэг мөн байлаа. Тэд  нийгмийн тогтолцоогоо ил шүүмжилж чадахгүй ч зарчим ёс зүйгээрээ одоогийн бидэнтэй зүйрлэхээргүй өндөр хэмжүүртэй байсан гэж дүгнэхэд эмзэглэх хэрэггүй юм.

 

Хүний нэр төрд халдах, үндэслэлгүй зүйл бичиж нийтлэн ажлаасаа “хусуулах” бол бараг л дээд хэмжээ шиг хатуу шийтгэл амьдралынх нь том уналт болох хэмжээнд тавигдана. Утгын төдийгүй үг үсэг ацаг шүдний зөрүүн дээр редакцаасаа хөөгдөөд гарч мэдэх чанга хатуу сахилга бат ёс зүйн шаардлага дор ажиллаж байсан сэтгүүлч нарын араас задгайдуу бичдэг залгамж халаа, шинэ үеийнхэн ардчиллын салхиар гарч ирснээр 25 жил болжээ. Нийслэл хүрээний сонин бичгээс Намын үнэн, Ардчилал сонин гээд зуун дамжсан манай сэтгүүл зүйн гурван үеийн холбоо өөр өөрийн замнал улс нийгмийнхээ хөгжилд оруулсан өөрийн гэх түүхэн гавьяатай. Тэдгээрээс хэвлэлийн эрх чөлөө гэдэг туг дор хамгийн богино хугацаанд хамгийн урт түүхийг бичиж байгаа нь энэ үеийнхэн байх.

 

Дээр хүндэтгэн дурссан ахмад үеийн сэтгүүлчид өөрийн болоод бусдын үзэл бодлыг чөлөөтэй хэвлэн нийтлэх боломжгүй байсан. Нам төр өөрийн мэдлийн сонин хэвлэлтэй. Түүндээ тулгасан үзэл сурталтай байж. Гарын таван хуруунд багтах хэдэн сонин, цорын ганц телевизийн суваг нь ганц эзэнтэй байсан нь эрх баригч МАХН байлаа.

 

Ардчилсан хувьсгалаар нам төвтэй төр унаснаар Хэвлэлийн эрх чөлөө тунхаглагдсан. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 16-д “Монгол Улсын иргэн итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх, эрх чөлөөг эдэлнэ” гэсэн заалтан дор хэвлэлийн эрх чөлөө хэрэгжих нь баталгаажсан.

 

Эхэндээ бид будилж шар хэвлэл “халуун хөнжил” сониноор хэвлэлийн эрх чөлөөг хэмжих шахсан ороо бусгаа цагийг туулсан. Гэхдээ удалгүй цэгцэрсэн.  Хэвлэн нийтлэх эрх чөлөө гэдэг олон сонин хэвлэлтэй болсноороо хэмжигдэхгүй таны үг, санал шүүмжлэл аливаа нөлөө хаалтгүй төр түмэнд хүрч байх тийм шулуун нээлттэй замыг хэлж байгаа энгийн хэмжүүрийг ойлгож эхэлсэн. Чухам тэр үед манай ардчилсан төр эргээд бага багаар хэвлэлийн эрх чөлөөнд хуруу дүрж эхэлсэн байсан. Үндэсний телевиз болон нөлөө бүхий хэвлэлүүд цаагуур төр барьж буй хүчний мэдэлд ээлжлэн шилжиж ил цагаан үйлчилж байгаа наад захын жишээгээр энэ нь илэрч байлаа.  

   

УИХ-аас 1998 онд “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай” хуулийг баталсан байдаг. Энэ хуулиар хэвлэл мэдээллийн бие даасан, хараат бус байдлыг дэмжих, хэвлэл мэдээллийн хэрэгслийн чөлөөт байдлыг хязгаарласан хууль төрөөс батлан гаргахыг хязгаарлаж өгсөн байдаг. Мөн төрийн мэдэлд хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байхыг хориглох, түүнчлэн олон нийтийн мэдээллийн агуулгад хяналт тавихгүй байх асуудлыг хуульчилж, чөлөөт хэвлэлийн эрх зүйн суурь харилцаанд зохицуулах алхам хийж алдаагаа засах гэсэн оролдлого хийсэн нь сайшаалтай ч хэвлэлийн эрх чөлөөг харьцангуй давуу байдлаар гартаа байлгах эрх баригчдын санаархал нэг мөр орхигдоогүй юм.

 

Төрийн эрх бүхий албан тушаалтан сэтгүүл зүйн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох, өөрсдийн үйл ажиллагааг тусгайлан сурталчлуулах, буруутай үйлдлийг нуун дарагдуулах шаардлага тавих, нууц эх сурвалжаа илчлэхийг албадах, хуулийн байгууллагаар дамжуулан дарамт үзүүлэх явдал гарсаар байгааг бид мэдэж л байгаа. “Фрийдом хаус” олон улсын байгууллагын судалгаагаар Монгол Улс өнөөг хүртэл хэвлэлийн хагас эрх чөлөөтэй оронд тооцогдсоныг энэ өдөр сануулах ёстой байх.

 

Өрсөлдөөний энэ хатуу нийгэмд сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллага эдийн засгийн нөлөөнд автах, хараат бус байдлаа алдах аюул нэмэгдэж байгааг мөн энэ өдөр  санах ёстой. Хэвлэлийн эрх чөлөө чөлөөт байдал нь эцсийн дүндээ өрх айл шиг эдийн засаг санхүүгийн хараат байдал дээр суурилна гэдгийг эрх баригчид биднээс урьд тооцсон байсан.

 

Өнөөдөр мөрдөгдөж байгаа “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай” хууль нь зөвхөн төр, хэвлэл мэдээллийн харилцааг зохицуулсан хязгаарлагдмал агуулгатай байгаа тул энэ өдөр бид шинэ цаг үед тохирсон хэвлэлийн эрх чөлөөг жинхэнэ утгаар нь баталгаажуулсан эрх зүйн зохицуулалтыг нэхэх өдөр юм.

 

Хэвлэлийн эрх чөлөөг хуульчлагдаж эмээ өвөө маань сүү авдаг мөнгөөрөө сонин авч уншдаг болсон ардчиллын 25 жилд хамгийн нялхаараа үлдсэн хэврэг, эмзэг байгаа салбарынхан бол бид. Иргэний мэдээлэл авах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх, эрх чөлөөг баталгаажуулах, хараат бус, хариуцлагатай, мэргэжлийн сэтгүүл зүйг хөгжүүлэх их замын эхэнд байгаагаа бид өглөө бүр мэдэрч байх сорилт шалгалтын өдрүүд үргэлжилж байгаа шүү, сэтгүүлч дээ.

 

Пүрэвжавын Баярхүү / тоймч/   

 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
SETGUULCH MEREGJIL BISH
2015-05-03
зочин:
АН, Ардчилагчид гарч ирээд л ярьдагийнхаа эсрэг, хэвлэлийг боомилж эхэллээ
2015-05-03