Ц.Алтанцэцэг: Монголын аудитын компаниуд гологдохгүй
2015-5-5

Аудитын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудал УИХ-д өргөн баригдаад байгаа юм. Тэгвэл дээрх асуудлаар Пантер Мидланд Аудит ХХК-ний ерөнхий захирал, НИТХ-ын төлөөлөгч Ц.Алтанцэцэгтэй ярилцсанаа хүргэж байна.

 

-Манай улсын дотоодын аудитын компаниуд олон улсын томоохон төсөл хөтөлбөрүүдэд аудит хийхэд хууль зүйн талаасаа болон бусад хүчин зүйлсийн нөлөөгөөр олон асуудалтай тулгардаг гэдэг. Энэ талаар тодруулж өгөөч?

 

-Монгол Улсад мөрдөгдөж байгаа  нягтлан бодох бүртгэлийн хуулинд Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын дагуу бүртгэх ёстой гэж заасан байдаг. Энэ нь манай улсын хувьд томдчихсон юм уу гэж боддог. Яагаад гэхээр жижиг компаниудад амьдралд тэр бүхэн хэрэглэдэггүй стандартууд мөрдөгдөж байгаа нь зөрчил үүсгэж байгаа юм. Жишээ нь, уул уурхайн компаниудын хувьд ихэвчлэн толгой компанидаа захирагддаг охин компаниудтай байдаг.

 

Гэтэл толгой компаниуд нь гадаад улс оронд бизнесээ явуулж, том зах зээлд мөрддөг нягтлан бодох бүртгэлийн стандартаар санхүүгийн бүртгэлээ хийдэг. Үүнээс үүдэн зөрүүтэй ойлголтууд үүсэх тохиолдол бий. Манай улсад жижиг, дунд үйлдвэрлэгчдэд зориулсан бүртгэлийн стандарт нь хэрэгтэй юм шиг санагддаг. Учир нь нягтлан бодох бүртгэлийн мэргэжилтэн, судлаачид нэг бус удаа энэ асуудлыг ярьж санал бодлоо хуваалцаж байсан.  

 

Аудитын хуулинд өөрчлөлт хийгдвэл Монголын аудитын зах зээл нэлээд хумигдана. Үүнийг дагаад чадвартай аудиторууд шаардагдаж, өрсөлдөөн бий болно гэж харж байгаа. Дэлхийн  эдийн засаг маш хурдацтай хөгжихийн хирээр Нягтлан бодох бүртгэлийн стандартад  өөрчлөлтүүд маш хурдан гарч  байна. Эдийн засгийн хөгжил өндөртэй орнуудад НББ-ийн стандарт нь маш хурдацтай хөгжиж байна.

 

Гэтэл манай орны эдийн засгийн хөгжлийн хурд ямархуу түвшинд явж байгаа билээ? Ийм өөрчлөлтүүд бидэнд хэр хамраалтай байгаа вэ гэдэг нь бас бодох л асуудлын нэг. Жишээлбэл, АНУ  нягтлан бодох бүртгэлийн хувьд үндэсний бие даасан стандарттай. Тэр бүү хэл муж бүхэн нь өөр өөрийн стандарттай гэж сонсож байсан. Тэгвэл яагаад Монгол Улс өөрийн гэсэн стандартыг бий болгож болохгүй юм гэж хувьдаа боддог.

 

-Аудитын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудал УИХ-д өргөн баригдаад байгаа шүү дээ. Энэ хуулинд ямар өөрчлөлт хийх шаардлагатай юм бэ?

 

-Аудитын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар мэргэжлийн байгууллагууд удаан хугацаанд ярилцаж хөөцөлдсөн. Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуульд 50 сая төгрөгөөс дээш орлоготой аж ахуй нэгжүүд жилийн эцсийн санхүүгийн тайлангаа заавал аудитын байгууллагаар баталгаажуулна гэж заасан, мөн гурваас дээш жил хамтарч ажиллахыг хориглосон байдаг. Үүнийг таван жил болгож өөрчлөх тухай шинэ хуульд тусгагдсан.

 

Учир нь аливаа аудитын компани эхний хоёр жилийг тухайн байгууллагыг таньж мэдэхэд зарцуулдаг. Үлдсэн хугацаанд үйл ажиллагааных нь гүнд нь орж ажиллах гэтэл хуулиар хорьчихоод байна. Татварын Ерөнхий Газрын мэдээллийн баазад 130 орчим мянган аж ахуй нэгж байгууллага бүртгэлтэй байдаг гэсэн мэдээлэл байдаг. Гэтэл тэдний 35-40 мянга орчим нь л тогтвортой үйл ажиллагаа явуулдаг.

 

Тэдэн дотроо нэг  тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой нь маш бага хувь эзэлнэ. Энэ мэт тоо баримтыг харахад одоо мөрдөгдөж байгаа Аудитын тухай хуулийг зайлшгүй өөрчлөх шаардлагатай. Хуулинд дээрх  өөрчлөлтүүд орвол аудитын орчны өрсөлдөх чадвар нэмэгдэнэ. Өнөөдөр Монгол Улсад 100 гаруй аудитын компани байна.

 

Одоо мөрдөгдөж байгаа хуулиар компани багадаа хоёр үндсэн аудитортой байх ёстой. Энэ тоог  нэмэх тухай хуулийн өөрчлөлтөд тусгасан. Ингэснээр компаниуд хоорондоо нийлж нэгдэх замаар цар хүрээгээ тэлэх учиртай. Тэлэлт өргөжилтийг дагаад аудитын компаниудын чанар чансаа сайжрах ёстой. Хэрэв энэ өөрчлөлтүүд батлагдах юм бол эерэг үр нөлөө олныг авчирна.

 

-Төрийн өмчит аж ахуй нэгжүүд сүүлийн жилүүдэд хувийн аудитын байгууллагаар хянуулах явдал нийтлэг болж байна. Үүнийг Төрийн аудитын байгууллагад итгэл алдарсанаас бий болсон үзэгдэл гэх юм?

 

-Энэ бол өрөөсгөл ойлголт. Яагаад гэвэл Төрийн аудитын байгууллага цалин багатай мөн төсвийн хуулийн  хүрээнд хүний нөөц багаар тусгагддаг. Төрийн мэдлийн байгууллагууд маш олон, тэдгээрт цөөн хүний хүчээр энэ их ажлыг хийж барагдуулах нь цаг  хугацааны хувьд хэцүү л дээ. Нэг байгууллагыг биш тухайн салбар, салбарын сайдын багцын хүрээнд шалгадаг учраас маш том ажлыг хянадаг.

 

Тиймээс хувийн аудитын компани, төрийн оролцоотой аж ахуйн нэгж байгууллага, төсөвт байгуулага болон төрийн аудитын хооронд гурвалсан гэрээ хийж, аудитын ажлыг гүйцэтгэдэг. Өөрөөр хэлбэл хувийн аудитын компаниуд төрийн аудитын туслан гүйцэтгэгчийн үүргийг хүлээн ажилладаг. Төрийн аудит бидний хийсэн ажилд чанарын хяналт хийж эцэст нь нэгдсэн дүгнэлтээ гаргадаг юм.  Ер нь  бол аудитын ажлыг багаар хийдэг.

 

Маш их баримт бичиг, санхүүгийн тайлантай газарт гурван хүнтэй нэг баг ажиллахад цаг хугацаа их шаардана. Харин хэд хэдэн баг зэрэг орж ажиллавал хурдан шуурхай, чанартай явагддаг. Ингэж ажиллаж чадахгүй тохиолдолд, олон аудиторуудыг нэг дор, шууд авч ажиллуулах  хөрөнгө мөнгөний хүрэлцээ нь төрд дутмаг. Гол асуудал үүнд л байгаа юм. Түүнээс биш төрийн компани ажлаа муу хийдэг, хувийнх сайн гэсэн дүгнэлт өгч болохгүй.

 

-Уул уурхайн том төслүүдийг даган олон улсын аудитын компаниуд манайд орж ирж байна. Гадаадын аудиторуудтай харьцуулахад монгол аудиторын чадвар, үнэлэх үнэлэмж ямар төвшинд байдаг вэ?

 

-Гадаадын аудитын компаниудын хувьд Монголын  уул уурхайн салбарт  үйл ажиллагаагаа түлхүү явуулдаг. Үнэндээ тэдний хувьд манай зах зээл  маш жижиг гэдэг нь ойлгомжтой. Манайд үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компаниудын толгой компаниуд бүгд гадаадын  хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй, олон хувьцаа эзэмшигчтэй байдаг.

 

Хувьцаа эзэмшигчид нь компанийг олон улсын нэр хүндтэй  аудитын компаниар аудит хийлгэхийг шаарддаг. Үүнийг дагаад дэлхийн томоохон аудитын  компаниуд манайд салбараа нээж ажиллаж байгаа юм. Гэтэл нөгөө талд Монгол аудиторын үнэ цэнэ яригдана. Өөрөөр хэлбэл гадаадын том компаниуд маш өндөр үнээр үйлчилгээ үзүүлдэг. Энэ нь тэдний нэр хүндийн баталгаа болж байгаа.

 

Ингээд өрсөлдөж болох ч Монголд орж ирсэн гадаадын хөрөнгө оруулалтын нэгээхэн хэсэг нь тэднээр дамжаад буцаад гадагшаа гарч байна. Аудитын компанийн хувьд гадаадын ч бай, дотоодын ч бай хийж гүйцэтгэх ажил, хууль дүрэм нь яг адилхан. Монголын аудитын компаниуд гологдохоор биш гэж боддог. Тиймээс эх орныхоо баялгийг бид өөрсдөө яагаад хянаж болдоггүй юм гэсэн бодол байнга төрдөг.

 

Өөрөөр хэлбэл, гаднаас татсан хөрөнгө оруулалтын тодорхой хэсгийг буцаах нэг суваг нь аудит болчихоод байна. Ялангуяа стратегийн ач холбогдолтой төслүүд дээр гадны компани орж ирлээ ч дотоодын компаниуддаа давхар, консерциум хэлбэрээр орж ажиллах боломж олгооч ээ гэсэн хүсэлтийг би хэд хэдэн удаа тавьж байсан.

 

Хэрвээ ингэж чадвал нэгдүгээрт манай аудиторууд олон улсын туршлагаас суралцаж чадавхжина, цаашлаад дэлхийн зах зээлд өрсөлдөхүйц хэмжээнд ч хүрч болно. Тийм учраас төрөөс энэ зохицуулалтыг хуулиндаа тусгаад өгчих юм бол тэр хэмжээгээр аудитын зах зээлийн хөгжил болон аудиторуудын ур чадвар сайжирна.

 

-Тавантолгой, Оюутолгой болон бусад томоохон төслүүд дээр дотоодын аудитын компаниуд үйлчилгээ үзүүлж байгаа юу?

-Шууд үгүй гэж хэлж болохгүй. Яагаад гэхээр гадаадын хөрөнгө оруулалттай аудитын  компаниуд орж ирснээр дотоодын аудитын компаниуд  дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн том  аудитын компаниудын салбар төлөөлөгчийн газар болж хувирсан. Түншлэлийн хэлбэрт шилжиж байна гэсэн үг л дээ.

 

Нэг талаас энэ давуу талтай юм шиг боловч нөгөө талаасаа бас л өөрсдийнхөө үнэ цэнийг бууруулж байгаа  юм. Монголын нягтлан бодогчид, аудиторууд олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдөхийн тулд аудитор нь өөрөө олон улсын эрхтэй байх ёстой гэсэн шаардлагатай байдаг.

 

Манайд өмнө нь энэ төрлийн сургалт хийгддэггүй байсан ч Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтээс аудиторуудад зориулсан сургалт хийдэг боллоо. Бид ч гэсэн аудиторуудаа сургаж, чадваржуулах бодлого баримталж байна.

 

П.Наран

Shuud.mn
Сонин хачин