Автозамын бүтээн байгуулалтыг шуурхайлахыг үүрэгдэв
2015-05-05

Автозамын бүтээн байгуулалтын ажлыг шуурхайлахыг үүрэг болголоо

 

Нийслэлд хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын зарим төсөл, арга хэмжээний талаар Засгийн газрын хуралдаанд танилцуулга хийлээ.

 

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр энэ онд Дамбадаржаагийн уулзвар, Шаргаморьтын төмөрбетон гүүр-Хандгайт чиглэлийн 16,3 км автозамын өргөтгөл, шинэчлэлт, Улиастай-Гачууртын чиглэлийн 11 км автозамын засвар, 22-ын хуучин уулзвараас  Автохудалдааны цогцолбор хүртлэх 1,7 км автозамын ажил хийгдэнэ.

 

Улаанбаатар хотод энэ оны долоо, наймдугаар сард гадаадын өндөр түвшний зочид, төлөөлөгчдийн айлчлал, есдүгээр сард Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны парламентийн чуулга уулзалт, ирэх онд болох АСЕМ-ын уулзалтын бэлтгэл хангах ажлын хүрээнд нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх автозам, замын байгууламжийн ажлыг шуурхай зохион байгуулах арга хэмжээ авахыг Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл нарт Засгийн газрын хуралдаанаас даалгалаа.

 

Мөн Баянзүрхийн товчоо-Налайх-Чойрын уулзвар хүртлэх 17,5 км автозам, Улиастай-Гачууртын уулзвараас Баянзүрхийн товчоо хүртлэх 3,4 км автозамын өргөтгөл, чинэчлэлт, 288 метр урттай гүүр барих ажлыг хөрөнгө оруулагчтай гэрээ байгуулан шуурхай гүйцэтгүүлэхийг даалгалаа. 

 

“Сентрал азиан петролеум корпорэйшн” ХХК-ийн эрх, үүргийг “BG Mоngolia holdings limited” компанид хэсэгчлэн шилжүүлнэ

 

Газрын тосны хайгуулын “Богд-IV”, “Онги-V” талбайд Газрын тосны газартай бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан “Сентрал азиан петролеум корпорэйшн” ХХК-ийн бүтээгдэхүүн хуваах гэрээгээр гэрээлэгчийн хүлээсэн эрх, үүргийг “BG Mоngolia holdings limited” компанид хэсэгчлэн шилжүүлэхийг Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэнд зөвшөөрлөө.

 

Газрын тосны газар болон “Сентрал азиан петролеум корпорэйшн” компанийн хооронд газрын “Богд-IV”, “Онги-V” талбайд тус тус байгуулсан бүтээгдэхүүн хуваах гэрээг Монгол Улсын Засгийн газар 2009 оны долдугаар сард баталсан. Өнгөрсөн хугацаанд тус компани нь энэ хоёр талбайд нийт 19 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж, үүнээс хайгуулын үйл ажиллагаанд 17 сая, бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу Засгийн газарт 2 сая ам.доллар төлсөн байна.

 

Хайгуулын үр дүнд нэмэлт хайгуул, судалгааны ажлыг эрчимтэй үргэлжлүүлэх шаардлагатай байсан ч дэлхийн эдийн засгийн таагүй байдлаас хөрөнгө оруулалт татах хүндрэлтэй байжээ.

 

Газрын тосны тухай хууль 2014 онд шинэчлэгдэн батлагдсанаар хөрөнгө оруулагчдын сонирхол нэмэгдсэн тул BG, Chevron, Anadarko зэрэг газрын тосны томоохон компаниудтай хамтран ажиллах яриаг хэлэлцээ эхлүүлсний дүнд Их Британийн “BG Group”-тэй хамтран ажиллах фарм-аут (Farm out) гэрээ байгуулсан байна.

 

Уг гэрээгээр нийт 28 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийх бөгөөд үүнээс 2015 онд 13,6, 2016 онд 13 сая ам.долларыг хайгуулын ажилд, 1,4 сая долларыг Засгийн газарт төлөх төлбөрт зарцуулна.

 

Хамтран ажиллах гэрэний дагуу “Богд-IV”, “Онги-V” талбайн бүтээгдэхүүн хуваах гэрээний гэрээлэгчийн хүлээсэн эрх, үүргийн 78 хувийг “BG Mоngolia holdings limited” компани, 22 хувийг  “Сентрал азиан петролеум корпорэйшн” ХХК эзэмших бөгөөд уламжлалт бус газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа эрхлэх эрх, үүрэг 100 хувь  “Сентрал азиан петролеум корпорэйшн” компанид үлдэх юм.

 

“Улаанбаатар хотын нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн нэгдүгээр төсөл”-ийн Санхүүжилтийн хэлэлцээрт гарын үсэг зурна

 

Монгол Улсын Засгийн газар, Азийн Хөгжлийн банк хооронд байгуулсан “Улаанбаатар хотын нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн нэгдүгээр төсөл”-ийн Санхүүжилтийн хэлэлцээрийг дэмжиж, энэхүү хэлэлцээрт Засгийн газрыг төлөөлж гарын үсэг зурах бүрэн эрхийг Сангийн сайд Ж.Эрдэнэбатад олгох Ерөнхий сайдын Захирамж гаргахаар тогтлоо.

 

Том хэмжээтэй дэд бүтэц, бүтээн байгуулалтын төслийг салбарын бодлоготой уялдуулж, санхүүжилтийн эх үүсвэрийг нэгдсэн байдлаар шийдвэрлэх зорилгоор “Улаанбаатар хотын нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийг боловсруулж, Санхүүжилтийн хэлэлцээрийг 2012 онд байгуулсан байна.

 

Хөрөнгө оруулалтын нэгдүгээр үе шатанд

·  Босоо тэнхлэгийн дагуу 7,7 км замыг сайжруулах

·  Энхтайваны гүүрний өргөтгөл

·  Босоо тэнхлэгийн дагуу тусгай замын автобусны 14 км шугамын барилгын ажил

·  Босоо тэнхлэгийн дагуу цахилгаан тээврийн хэрэгслийн 14 км дэд бүтцийг сайжруулах

·  Автобусны байршил тогтоох удирдлагын системийг нэвтрүүлэх

·  Төслийн удирдлага, зураг төсөл, институцын хөгжил

 

зэрэг ажлыг АХБ-ны 59,9 сая ам.долларын хөнгөлөлттэй болон энгийн эх үүсвэрийн холимог зээл, Дэлхийн байгаль орчны байгууллагын 1,5 сая ам.долларын буцалтгүй тусламж, Монголын Засгийн газрын 17 сая ам.долларын хөрөнгөөр хийхээр төлөвлөж байна.

 

 Товч мэдээ

 

- Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын корпорацийн хооронд байгуулах Мянганы сорилтын компакт гэрээг боловсруулахад дэмжлэг үзүүлэх буцалтгүй тусламжийн тухай хэлэлцээрийн төслийг хэлэлцээд УИХ-ын холбогдох байнгын хороодтой зөвшилцөхөөр тогтлоо.


- Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулсан Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудал барих төслийн нэмэлт зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо


- Бельгийн Вант улсын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх “Баруун бүсийн оношилгоо, эмчилгээний төвийг бэхжүүлэх төсөл”-ийг Франц Бельгийн хамтарсан FSE компаниар гүйцэтгүүлэх асуудлыг Бельгийн талд тавьж, тус компанитай худалдааны гэрээ байгуулж ажиллахыг Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбад даалгалаа.


- Энэ оны гуравдугаар сард хуралдсан Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын Хамтарсан хорооны анхдугаар хуралдааны дүнг сайшааж, уг хуралдааны мөрөөр хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг батлан, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Зам, тээврийн сайд бөгөөд тус хорооны дарга Н.Төмөрхүүд даалгалаа.


- Хоёр улсын хооронд байгуулсан олон улсын гэрээг данслах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Болгар улсын Засгийн газар хоорондын протокол”-ын төслийг хэлэлцэн дэмжээд протоколд гарын үсэг зурахыг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнд зөвшөөрлөө.

 
- Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах улсын Гадаад хэргийн сайд Вунна Маун Лвин энэ сарын 13-15-нд манай улсад албан ёсны айлчлал хийнэ. Айлчлалын  үеэр Монголын талаас баримтлах удирдамжийн төслийг хэлэлцээд Ерөнхий сайдаар батлуулахаар тогтов.


- Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн өнгөрсөн сарын 19-24-нд Индонезийн Жакарта болон Бандунг хотод болсон Ази-Африкийн Бандунгийн Бага хурлын 60 жилийн ойн арга хэмжээнд оролцсон дүнг Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.


- Ноолуур боловсруулах үйлдвэрүүдэд 100 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зориулалттай зээл олгож, ноолууран бүтээгдэхүүний экспорт нэмэгдүүлэх арга хэмжээг зохион байгуулахаар өнгөрсөн сарын 20-нд шийдвэрлэсэн. Ноолуурын салбарын зээлийн хөрөнгийн эх үүсвэрийг арилжааны банкуудаар дамжуулан олгохоор Засгийн газрын энэ хуралдаанаас шийдвэрлэлээ.

Shuud.mn
Сонин хачин