Шууд гэрээгээр автозамын ажлыг эхлүүлнэ
2015-05-05

Гэрэл зургийг MPA.MNЗасгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр хуралдсан. Хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхтөр мэдээлэл хийлээ. Тэрбээр:

-Нийслэлийн автозамын хөдөлгөөнийг сайжруулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Нийслэл хотоо 2015 онд зайлшгүй баригдах зам байгууламжийн талаар санал ирүүлсэн. Өөрөөр хэлбэл өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байгаа нийслэлийн автозамын  хөдөлгөөнийг хэвийн үргэлжлүүлэх, нийслэл хотоос зүүн тийш гарах автозамын урсгалыг сайжруулах, жилдээ 100 гаруй мянган хүн гарч зусдаг,  өдөрт 100 гаруй орчим мянган автомашин зорчдог зуслангийн замыг өргөтөн сайжруулахаар тусгагдсан. Энэ онд нийслэлийн төсвийн хөрөнгөөр болон концессоор баригдах замыг барьж гүйцэтгэхийн тулд Худалдан авах ажиллагааны тухай хуулийн хүрээнд хэрэгжүүлвэл тендер зарлах, сонгон шалгаруулах гээд ойролцоогоор 2 сар гаруй хугацаа шаарддаг. Гэтэл замын бүтээн байгуулалтын ажил манайд  богино хугацаанд буюу 5-9 дүгээр сарын хооронд үргэлжилдэг. Тийм учраас энэ асуудлыг богино хугацаанд  шийдвэрлэж өгөөч гэдэг хүсэлтийг нийслэлээс тавьсан. Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцээд Төрийн болон зарим өмчүүдийг худалдан авах тухай зарим хуулиудыг үндэслэн шууд гэрээ байгуулах замаар энэ ажлуудыг хийхээр тусгалаа. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр гурван замыг засварлан өргөтгөнө.

 

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр энэ онд Дамбадаржаагийн уулзвараас  Шаргаморьтын төмөрбетон гүүр, цаашлаад Хандгайт чиглэлийн 16,3 км автозамын өргөтгөл, шинэчлэлт хийх юм. Энэ замаар зундаа өдөрт 100 гаруй мянган машин зордог. 1984 онд баригдсан Улиастай-Гачууртын чиглэлийн 11 км автозамын засварлана. Мөн 22-ын хуучин уулзвараас  Автохудалдааны цогцолбор хүртлэх 1,7 км автозамын ажил хийгдэнэ.

 

Улаанбаатар хотоос баруун тийш гарах автозамын урсгалын зам нь  ерөнхийдөө сайжирсан. Харин зүүн тийшээ явах автозам хүндрэлтэй байдаг. Тэр дундаа 1980-аад оны эхээр барьсан Налайхын чиглэлийн автозам эвдрэл ихтэй, ачлааллаа даахаа байсан гээд асуудал их  байдаг . Тийм учраас энэ замыг концессийн гэрээгээр барих шийдвэр гаргажээ. Гачууртын уулзвараас Баянзүрхийн товчоо хүртэлх замыг барихдаа Туул гол дээгүүр    288 метр урттай гүүр барих асуудлыг шийдвэрлэнэ. Цаашлаад Баянзүрхийн товчоо-Налайх-Чойрын уулзвар хүртлэх 17,5 км автозамыг концессийн гэрээгээр барина. Компаниуд өөрсдийн хөрөнгөөр бариад дараагаар нь төлбөрөө нөхөж авах концессиор шууд гэрээ байгуулан ажилд нь оруулахаар болсон гэлээ.

 

“BG Group” 28 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ

 

Бүтээгдэхүүн хуваах гэрээний эрхийг шилжүүлэх тухай Засгийн газрын шийдвэр гарчээ. Өнгөрсөн онд манай улс 940 орчим мянган тонн түүхий нефть олборлон экспортолжээ. Энэ жил 1 сая 50 тонныг олборлох хүлээлттэй байгаа аж. Монголын зүүн чиглэлд газрын тосны олборлолт нэмэгдэж байгаа аж.

 

2009 онд газрын тосны чиглэлд гэрээ байгуулсан “Төв Азийн газрын тосны корпориаци”  өнгөрсөн хугацаанд 19 сая ам.долларын хөрөнгө оруулалт хий, үүнээс хайгуулын ажилд  17 сая, бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу Засгийн газарт 2 сая ам.доллар төлсөн байна.  Газрын тосны уг талбай нь Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай аймгийн 10 гаруй сумыг хамарсан “Богд-IV”, “Онги-V” гэсэн томоохон талбай аж. Дээрх талбай дээр цаашид хөрөнгө оруулалт хийвэл газрын тосны олборлолт, хайгуулын үр дүн гарах хүлээлттэй боловч хүндрэл учирчээ. Харин  Газрын тосны тухай хууль 2014 онд шинэчлэгдэн батлагдсанаар хөрөнгө оруулагчдын сонирхол нэмэгдэж, дэлхийд нэр хүндтэй  “BG”, “Chevron”, “Anadarko” зэрэг газрын тосны томоохон компаниудтай хамтран ажиллах яриаг хэлэлцээ эхлүүлсний дүнд Их Британийн “BG Group”-тэй хамтран ажиллах фарм-аут гэрээ байгуулсан байна.

 

Уг гэрээгээр нийт 28 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийх бөгөөд үүнээс 2015 онд 13,6, 2016 онд 13 сая ам.долларыг хайгуулын ажилд, 1,4 сая долларыг Засгийн газарт төлөх төлбөрт зарцуулна.

 

Хамтран ажиллах гэрэний дагуу “Богд-IV”, “Онги-V” талбайн бүтээгдэхүүн хуваах гэрээний гэрээлэгчийн хүлээсэн эрх, үүргийн 78 хувийг “BG Mоngolia holdings limited” компани, 22 хувийг  “” ХХК эзэмших бөгөөд уламжлалт бус газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа эрхлэх эрх, үүрэг 100 хувь  “Төв Азийн газрын тосны корпориаци”-д үлдэх юм.

 

“BG Group” нь дэлхийн 5 тивийн 20 гаруй улсад үйл ажиллагаа явуулдаг. Сүүлийн 15 жил 15 томоохон ордыг нээсэж аж. Өнөөгийн үнэлгээгээр 45 тэрбум ам.долларын хөрөнгөтэй, байгалийн хийн асар их нөөцтэй, БНХАУ-д хий нийлүүлэлтээрээ дээгүүр ордог компани аж. Ийнхүү Газрын тосны хуулийн шинэчлэлийн үр дүнд дэлхийн томоохон газрын тос олборлогч компаниудын манайд орж ирж байгаа тул цаашлаад бусад компаниуд орж ирэх бололцоо нээгдэж байна гэж үзжээ.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин