Улаанбаатар
Н.Батаа Азийн сангийн ерөнхийлөгчтэй уулзжээ
2015-5-6

Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа Азийн сангийн ерөнхийлөгч Дэвид Арнолд тэргүүтэй төлөөлөгчдийн хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Улаанбаатар хот, Азийн сан хооронд хамтран хэрэгжүүлж байгаа үндсэн 3 төрлийн хөтөлбөр болон цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.



Уулзалтын эхэнд нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Юуны өмнө Улаанбаатар хотод айлчилж байгаад талархалтай байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл гадаад улсад томилолттой байгаа тул миний бие таныг хүлээн авч уулзаж байна. Улаанбаатар хотын удирдлагууд өнгөрсөн 3 жилийн  хугацаанд Азийн сантай хамтран 3 томоохон төслийг хэрэгжүүлж ирсэн. Бидний хамтын ажиллагаа улам бүр өргөжин тэлж байгаад Хотын удирдлагууд сэтгэл хангалуун байдаг. Бид хамтран Иргэдийн оролцоотой гэр хорооллын газрын зураглалыг нийслэлийн 9 дүүргийн 153 хороонд хэрэгжүүлсэн. Энэ нь Улаанбаатар хотын иргэдийн талархалыг хүлээсэн төсөл болж чадсан. Дараагийн хамтын ажиллагааны  гол үр дүн бол “Улаанбаатар хотын Эдийн засгийн хөгжлийн стратеги”  баримт бичгийг боловсруулахад Азийн сангийн дэмжлэг тэргүүлэх үүрэгтэй байсныг онцлон хэлэхэд таатай байна. Мөн “Нийслэлийн Авлигын эсрэг нийслэлийн хөтөлбөр”-ийг хамтран боловсруулж НИТХ-аар батлуулсан. Азийн сан нийслэлтэй хамтран олон төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байгаа бөгөөд цаашид хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн хөгжүүлж ажиллах болно” гэдгийн онцлон хэллээ.  



Харин ноён Дэвид Арнолд “Бид Улаанбаатар хотын Эдийн засгийн хөгжлийн стратегийн бодлогын баримт бичгийг ажил хэрэг болгох үйл ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулж ажиллах хэрэгтэй. Мөн нийслэлээс “Улаанбаатар бизнес форум – 2015” – ыг зохион байгуулж, Улаанбаатар хотын хөгжлийн корпорацийг байгуулсан нь шинэ институци болж чадсан. Үүнийг улам бүр хөгжүүлэх, хөрөнгө босгох чиглэлээр олон улсын туршлага судалж хамтран ажиллах хүсэлтэй байна. Цаашид Азийн сан Улаанбаатар хоттой хамтран ажиллахдаа таатай байх болно” гэлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин