Эрүүл бус бүтээгдэхүүнийг танилцууллаа
2015-05-06

Хүнсний аюулгүй байдлыг хангуулах “Эрүүл хөрс-Эрүүл хүнс”  нэг сарын аяныг өнөөдрөөс эхлүүлж байна. Аяны нээлт өнөөдөр Эрх чөлөөний талбайд боллоо. Энэ үеэр иргэдэд сэрэмжлүүлэх зорилгоор чанарын шаардлага хангаагүй, эрсдэл бүхий хүнсийг танилцуулав.

 

 

Энэхүү аянд улсын хэмжээнд хүнсний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй иргэд, аж ахуй нэгж, байгууллагууд хамрагдана. Аяны хугацаанд МХЕГ-аас батлагдсан удирдамж, төлөвлөгөөний дагуу хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчийг эрсдлээс сэргийлэх чиглэлээр хяналт шалгалт, тандалт судалгаа, хяналт шинжилгээ, зөвлөн туслах, сургалт судалгааны ажлыг зохион байгуулах юм байна.

 

Мөн сарын аяны хугацаанд мал, амьтан, ургамлын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний гарал үүсэл, баталгаажилтын байдалд тандалт судалгаа хийх, худалдааны газруудад шошгын зөрчилтэй худалдаалагдаж буй түүхий эд бүтээгдэхүүнийг илрүүлж, зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах аж.

 

Хуванцар савны импорт хэрэглээний байдалд судалгаа хийж, шаардлагатай асуудлуудыг холбогдох газруудад тавьж шийдвэрлүүлэх зэрэг ажлыг зохион байгуулах, хэрэглэгчдийг зөв мэдээллээр хангах чиглэлээр ажиллахаар төлөвлөжээ.

 

Хэрэглэгч өөрөө гарал үүсэл нь тодорхой, баталгаатай хүнс сонгон хэрэглэж, эрүүл мэндээ хамгаалах, өөрийн бие махбодид зайлшгүй шаардлагатай хоол хүнсийг хэрэглэх талаар мэдлэг олж авах, арга барил эзэмшиж, хүнснээс шалтгаалах өвчлөлөөс сэргийлэх нь зүйтэй юм.

 

“Эрүүл хөрс-Эрүүл хүнс” аяны хугацаанд хүнсний бүтээгдэхүүнтэй холбоотой аливаа зөрчил, дутагдлын талаар санал гомдлыг ажлын цагаар 1800-1286, 51-264786 утсаар хүлээн авч шийдвэрлэх талаар ажиллах боломжтой аж.

 

 

 

 

 

Shuud.mn
Сонин хачин